Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01257

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 23 210/МА2023/01257

 

 

*** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2023/01483 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** банк ХХК,

Хариуцагч: А.А ,

Хариуцагч: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 173,842,394 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлагтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Зээлдэгч нар нь *** банк ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17/225 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 15,000,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар жилийн 21,80 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч нар нь дээрх гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн. 2018 оны 06 дугаар сар хүртэл үндсэн зээл 1,142,701 төгрөг, хүү 1,622,678 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,114 төгрөг тус тус төлсөн.

1.2 Зээлдэгч нар нь *** банк ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18/23 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 60,000,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч нар нь дээрх гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн. 2018 оны 06 дугаар сар хүртэл үндсэн зээл 3,010,345 төгрөг, хүү 5,203,954 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,034 төгрөг тус тус төлсөн.

1.3 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/01272 дугаар шийдвэрээр *** дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хариуцагч нарыг эрэн сурвалжилж, ***** дүүргийн *** хороо, **** тоот хаягт оршин суугааг тогтоосон.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 17/225 дугаартай цалингийн, 18/23 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 70,846,956 төгрөг, хүү 92,741,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,253,744 төгрөг, нийт 173,842,394 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, сайн дураар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох * дүүрэг, ** дугаар хороо, Б /*****/ ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 51.61 м.кв талбайтай орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *** банк ХХК-аас орон сууц барьцаалж 60,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийн хувьд бизнесийн үйл ажиллагаа ковид-19 цар тахлын улмаас дампуурч зээлээ төлөх чадваргүй болсон. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр барьцаалуулсан орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар *** банк ХХК-д орон сууцыг бусдад худалдах, барьцаалуулах итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон. Тухайн өдөр зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул үндсэн зээл 56,989,655 төгрөг, хүү 8,198,588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,966 төгрөг, нийт 65,274,209 төгрөг төлнө.

2.2 *** банк ХХК-аас цалингийн зээл 15,000,000 төгрөг зээлсэн. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д зааснаар, мөн Засгийн газрын 2020 оны 181, 194, 226, 238, 2021 оны 1, 27, 91, 104 дүгээр тогтоолуудаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 96 хоногт тооцогдох хүүг хасаж, үндсэн зээл 13,857,299 төгрөг, хүү 12,952,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,310,413 төгрөг, нийт 28,119,793.07 төгрөг төлөхөд татгалзахгүй.

Иймд 18/23 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 65,274,209 төгрөг, 17/225 дугаар цалингийн зээлийн гэрээний үлдэгдэл 28,119,793 төгрөг, нийт 93,339,002 төгрөгийг хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.А , Б.Б нараас 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 56,989,655.08 төгрөг, хүү 78,928,217.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,943,329.69 төгрөг нийт 144,861,202.16 төгрөг, 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,857,299.51 төгрөг, хүү 13,813,477.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,310,413.01 төгрөг нийт 28,981,190.36 төгрөг, бүгд 173,842,392.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд А.А гийн өмчлөлийн * дүүрэг, * хороо, Б /*****/, ** байр, ** тоот хаягт байрлах, 51,61 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,097,362 /1,027,162+70,200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А , Б.Б нараас 1,097,362 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч талаас шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зөвшөөрөөгүй дүнгийнхээ талаар эвлэрэхээ илэрхийлж төв *** банк ХХК-д хүсэлт явуулсан. Учир нь, хэргийн материалын 6 дугаар хуудсанд байх банкны 01/330 дугаартай тусгай активын албаны мэргэж илтэн *.*-д олгосон итгэмжлэлд эвлэрэхээс бусад эрх, үүргийг олгосон байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүхэд энэ талаар тайлбарлаж, илгээсэн хүсэлт, шуудангаар илгээсэн баримтыг, хэргийн материалд тусгаж, хариу иртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн. Гэтэл шүүх эрхгүй этгээдээс эвлэрлийн гэрээний талаар тайлбар авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Төв төрийн банкнаас эвлэрэх талаар хариу ирсэн тохиолдолд хариуцагч талаас дараагийн арга хэмжээ буюу өмгөөлөгч авах, тухайн хариугаас шалтгаалж бусад нотлох баримтыг гаргуулах шаардлага байсан.

4.2. Хариуцагч нар нь бизнесийн үйл ажиллагаа дампуурч зээлээ төлж чадахааргүй болсон учраас 18/23 тоот 60,000,000 төгрөгийн хэрэглээний зээлийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болгож, тухайн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих эрхийг олгож, Төрийн банкны зээлийн эдийн засагч *.** д шилжүүлсэн. Тус итгэмжлэлийг олгохдоо гэрээний үүргээ дуусгавар болгож байгаагаа илэрхийлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Мөн оны 9 дүгээр сард зээлдэгчийг олж уулзаад зээлийн хүүгээ зогсоож, барьцаа хөрөнгөө худалдахаар дахин тохирч... гэсэн нь нэхэмжлэгч тухайн итгэмжлэлээр зээлийн гэрээг дуусгавар болгож, хүү, нэмэгдүүлсэн хүүг дуусгавар болгосныг нотолж байна..

Төрийн банканд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ дуусгавар болгож, тухайн байрыг зарж борлуулах эрхийг олгосон. Гэтэл итгэмжлэл олгосон өдрөөс хойш Төрийн банкнаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү бодож байгаа нь үндэслэлгүй.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ дууссан учраас үндсэн зээлийн үлдэгдэл 56,989,655 төгрөг, үндсэн хүү 8,198,588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,966 төгрөг, нийт 65,274,209 төгрөгийг, цалингийн 17/225 дугаар зээлийн гэрээний 28,981,190 төгрөг, нийт 94,255,399 төлөхөө илэрхийлж , үлдэгдэл 79,586,995 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний зохицуулалт, шүүхийн шийдвэр гарах хүртэл зээлийн гэрээний хугацаа үргэлжилж байгааг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэсэн.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан заасан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *** банк ХХК нь хариуцагч А.А , Б.Б нарт холбогдуулан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 56,989,655 төгрөг, хүүгийн төлбөрт 78,928,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,943,329 төгрөг, нийт 144,861,202 төгрөг, 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,857,299 төгрөг, хүүгийн төлбөрт 13,813,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,310,413 төгрөг, нийт 28,981,190.36 төгрөг буюу бүгд 173,842,392 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17/225 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 21,80 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай хариуцагч нарт зээлүүлэх, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /хх87-89/

3.1 Мөн талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18/23 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч *** банк ХХК нь 60,000,000 төгрөгийг, жилийн 30 хувийн буюу сарын 2,5 хувийн хүүтэй, 3 жил буюу 36 сарын хугацаатай хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч Г.Д , Б.Б нар нь зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 11-15/

3.2 Түүнчлэн, мөн өдрийн Б18/23 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-гээр дээрх 18/23 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А.А гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, ** дугаар хороо, Б /*****/ ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 51,61 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх16-20/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.1 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн. /хх83-84/ Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17/225 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээл 1,142,700 төгрөг, хүүгийн төлбөрт 1,622,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,113 төгрөг, нийт 2,766,491 төгрөг төлсөн. Мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18/23 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээл 3,010,344 төгрөг, хүүгийн төлбөрт 5,203,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,033 төгрөг, нийт 8,221,331 төгрөг төлсөн.

Мөн хугацаанд нэхэмжлэгчээс гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар хариуцагч нарт 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна. /хх31-33/

Иймд хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүнийг ашигласны хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

5. Хэргийн 82 дугаар талд А.А гаас барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, хөлслөх, зээлийн барьцаанд бариулах, гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах, лавлагаа авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, үүрэг дуусгавар болгохтой холбоотой бүхий л асуудлаар төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг *.** д олгосон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэл авагдсан.

Итгэмжлэлийн дагуу тухайн өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл, мөн зээлдэгч нар нь ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч талын ...гэрээ итгэмжлэл олгосон хугацаанаас цуцлагдсан, дуусгавар болсон гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хоёр зээлийн гэрээний үүргийг тус тусд нь тусгасан нь найруулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүйг залруулсан өөрчлөлт оруулна.

8. Мөн анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахдаа албадан дуудлага худалдаа явуулах эрх бүхий байгууллагыг зааж, даалгаагүй нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул зохих өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2023/01483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.А , Б.Б нараас 173,842,392 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банк ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...гүйцэтгэл хангасугай. гэснийг ...гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН