Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0160/И |
Дугаар | 179 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 179
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо Их наран “Арвайн үндэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сум Хонгор хороо 4-р баг Сэнж, Хонгор гудамж 2-21 тоотод байрлах “Өргөн шинэ солонго” ХХК-д холбогдох
“Барааны үнэ 1,112,640 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өргөн шинэ солонго” ХХК-ийн захирал Д.Доржханд нь “Арвайн үндэс” ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 20-нд 1,112,640 төгрөгний барааг нэг сарын хугацаанд төлөхөөр тохирч зээлээр авсан ба тус барааны төлбөр болох 1,112,640 төгрөгийг төлөхгүй удаа дараа шаардуулж, төлбөрөө төлөхийг шаардаж очих бүрт би төлбөрөө төлнө яг одоо боломж алга байна энэ сардаа багтааж төлнө, банкнаас зээл аваад төлнө гэх мэт янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Иймд 1,112,640 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Өргөн шинэ солонго” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Арвайн үндэс” ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 20-нд 1,112,640 төгрөгний бараа авсан нь үнэн тус барааныхаа мөнгийг заасан хугацаанд нь төлөх байсан боловч хувийн шалтгааны улмаас тохирсон 1 сарын хугацаандаа төлж барагдуулж чадаагүй өдий хүрсэн. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь хариуцагч “Өргөн шинэ солонго” ХХК-нд холбогдуулан бараа бүтээгдэхүүн худалдан авсан үнэ 1,112,640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,253 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Өргөн шинэ солонго” ХХК болон төрийн сангаас тус бүр 15,626.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,112,640 төгрөгийг хариуцагч “Өргөн шинэ солонго” ХХК нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400995 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 31,253 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Өргөн шинэ солонго” ХХК-иас 15,626.5 төгрөг, төрийн сангаас 15,626,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК-д олгосугай.
3. . Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ