Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Хохирогч: Л.Г,

           Шүүгдэгч: Г.Хөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Гт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805035161202  дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Г, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Хнь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар Хорин” хорооллын 51/1-81 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн тухайн үед иргэн Л.Ггийн эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас 550.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Г.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Г миний толгой руу цохьсон учраас өөрийгөө хамгаалж, түүнийг түлхэх үйлдэл хийсэн. Өмнө нь Ггийнд байдаг байхад намайг удаа дараа гэрээсээ хөөж байсан бөгөөд миний гэрт ирчихээд намайг зайл гэсэн тул би уурласан. Түүнээс биш түүнийг гэмтээх санаа зорилго байгаагүй. Мөн энэ үедээ түүний компьютерыг эвдсэн. Би хохирлоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

            Хохирогч Л.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр орой ажлынхаа компьютерыг авч ирээд ажлаа хийж байсан. Тэгтэл гэрийн домопон дугараад байхаар нь автал нэг хүүхэн байна уу, байна уу гээд байхаар нь би хариу хэлэлгүй сонсож байхад цаана нь Хын дуу гарч байсан. Тиймээс би доошоо буутал Х, А, М нар зогсож байсан. Тэндээс бид 4 лифтэнд суугаад дээш гаран би гэр лүүгээ түрүүлж орсон. Энэ үед А гэх хүүхэн гэрт орохгүй гэхэд Х хүчээр оруулсан. Энэ үйл явдлаас өмнө Х ажлынхантайгаа караокед орсон байсан бөгөөд фэйсбүүкээр над руу миний гэрээс зайл энэ тэр гээд маш олон зүйл бичсэн байсан. Би Хын гэрт 2018 оны 4 дүгээр сараас хойш хамт байсан юм. Ширээн дээр дэлгээтэй байсан нотебүүкийг А саваад унагасан. Хойноос нь сэнс болон гал тогооны ком авч шидсэн тул би Аг барьж авах гэтэл Х бид хоёрын голоор орж ирээд салгасан...” гэв.

            Хохирогч Л.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг нөхөр Х надтай зууралдаж байхдаа учруулсан гэмтлүүд байгаа. Тухайн үед А бид хоёр хальт зууралдаад салсан. Аг гарсны дараа харахад шалан дээр үсний боолт нь үстэй нь зууралдаад үлдсэн байхыг бодоход би үснээс нь зулгаасан байх. А миний гарыг тавиулах гэж гарнаас зуурсан байж магадгүй. Атай зууралдах үед миний биед гэмтэл учраагүй байх. Үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Нөхөр Х намайг зуураад газар 2-3 удаа унаад босч ирээд цохих гэж дайраад гар хөлнөөсөө зууралцаад нилээн л юм болсон. Одоо тухайн үед болсон асуудлыг нарийн сайн санахгүй байна. Нөтбүүкийг ширээн дээр байхад А гараараа савж газар унагаасан. Дараа нь Х намайг гэрээсээ хөөгөөд миний юмнуудыг үүд рүү гаргаж шидээд байсан. Аль үед эвдэрснийг мэдэхгүй байна. Х болохоор би шидэж эвдсэн гээд ажлын нөтбүүкийг шинээр авч өгсөн. Х миний ажлын нөтбүүкийг шинээр авч өгч, миний эмчилгээний зардлыг гаргаж өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

            Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...шөнө 03 цагийн үед эмэгтэй хүмүүсийн орилдох чимээ гарахаар нь босоод том өрөө рүү ортол үүдэнд Г эгч хамт ажилладаг Атай үсдэлцээд зогсож байсан. Х ах Г эгчийг араас нь тэврээд салгах гээд ноцолдож байхаар нь би Аг очиж салгаад гэрээс нь авч гараад орцонд үлдээгээд ямар нэг юм ярилгүй гэр лүүгээ эргээд орсон. Г эгч Х ах 2 хоорондоо хэрэлдээд орилдоод байхаар нь би буцаж гэрээс гарсан. Эргээд ортол Х ах байхгүй байсан. Би жижиг өрөөнд унтаж байтал үүрээр хаалга хүн нүдээд байхаар нь очоод онгойлготол Х ах орж ирсэн. Дахиад Г эгчтэй хэрэлдээд юмнуудаа аваад зайл гээд хувцас хунар болон эд хогшилыг нь үүд рүү авч шидээд байсан. Би тухайн үед жижиг өрөөнд байсан. Хоёулаа орилж хашгирч байгаад Х ах дахиад гараад явсан. Намайг жижиг өрөөнөөс гарч ирэх үед А, Г хоёр биенийхээ үснээс нь зулгаачихсан байсан. Өөр бол хоорондоо цохилцож зодолдоогүй байсан. Намайг жижиг өрөөнөөс гарч ирэхэд ямар нэг юм шидэж барьсан зүйл байгаагүй. Бүгд зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,

            Шинжээчийн 7452 тоот дүгнэлтэд: “...Л.Ггийн биед хүзүүний баруун урд дээд хэсэг, зүүн дунд урд хэсэг, баруун эгэмний дээд хэсэг, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэг, зүүн шууны дотор доод хэсэг, дотор доод хэсэг, баруун бугалганы гадна дунд хэсэг, доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, бүслэхийн баруун хэсэг, зүүн тохойн дээд хэсгүүдэд цус хуралт, зүүн бугуй дотор хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 23/,

            Сэжигтнээр Г.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд гутлаа тайлаад хөргөгч рүүгээ явж байтал Г, А 2 гэнэт хашгиралдаад хоорондоо үсдэлцээд авахаар нь би гүйж очоод Гг бариад автал жижиг өрөөнд унтаж байсан дүү Бат-Эрдэнэ гарч ирээд Аг цааш нь салгаад гэрээс аваад гарсан. Би араас нь гараад М, А хоёртой лифтэнд суугаад доошоо бууж байснаа болиод 10 давхарт буугаад дээшээ гэр лүүгээ орох гэтэл хаалга тайлж өгөхгүй байсан. Би нилээн удаан хаалга нүдээд байж байхад дүү Бат-Эрдэнэ хаалга тайлж өгсөн. Би ороод Гг “яах гэж ирсийн зайл” гэтэл Г “чи миний гэр гээ биз дээ, чи өөрөө зайл” гэхээр нь “энэ чинь миний гэр чи өмнө нь намайг гэрээсээ олон удаа хөөж байсан, одоо чамд хөөгдөхгүй шүү, би энэ байрыг чинь өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө авсан” гээд хэрүүл хийж байгаад хувцас болон нөтбүүкийг нь үүдэнд эвхээстэй байсан хивсэн дээр аваачиж шидсэн. Тэгтэл Г над руу уурлаж дайраад гартаа таарсан юмаар намайг цохиод байхаар нь би хүзүүнээс нь барьж байгаад түлхтэл хойшоо саваад бүсэлхийгээрээ буйдангийн булан цохиод хана руу савагдсан. Би архиа аваад гараад явсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би Ггийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Ггийн хоолойноос нь барьж түлхэхэд цээж болон хоолой нь хөхөрч зулгарсан байх. Түлхэх үед буйдангийн булан бүсэлхий хэсгээрээ цохигдсон. Над руу дайраад цохиход нь гарыг нь базаж барихад хоёр гар нь хөхөрсөн байх ...Г бид хоёр маргалдаад би Гг гэрээсээ яв гээд хөөж байхдаа эд зүйлийг нь үүд рүү гаргаж шидсэн. Тухайн үед нөтбүүк, сэнс, шилэн сав нь эвдэрсэн байх. Г, А бид хоёрыг явалддаг гэж уурлаад Аг уг эд зүйлийг шидэж эвдсэн гээд байгаа юм. А тухайн үед том өрөө рүү дээшээ явах завдал болоогүй үүдэнд Гтай үснээс зууралдаж байх үед нь салгаад шууд гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34, 36/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 27-29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-41, 54/, Хохирлын баримтууд /хх-н 53/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч Г.Хнь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар Хорин” хорооллын 51/1-81 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Гтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          Мөн тухайн цаг хугацаанд, тухайн газарт иргэн Л.Гг гэрээсээ хөөн эд зүйлийг нь авч шидэж эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас 550.440 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Ггийн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг нөхөр Х надтай зууралдаж байхдаа учруулсан гэмтлүүд байгаа. ...Үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Нөхөр Х намайг зуураад газар 2-3 удаа унаад босч ирээд цохих гэж дайраад гар хөлнөөсөө зууралцаад нилээн л юм болсон. ...Х намайг гэрээсээ хөөгөөд миний юмнуудыг үүд рүү гаргаж шидээд байсан. Аль үед эвдэрснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, гэрч Г.Бат-Эрдэнийн: “...жижиг өрөөнд унтаж байтал үүрээр хаалга хүн нүдээд байхаар нь очоод онгойлготол Х ах орж ирсэн. Дахиад Г эгчтэй хэрэлдээд юмнуудаа аваад зайл гээд хувцас хунар болон эд хогшилыг нь үүд рүү авч шидээд байсан. Би тухайн үед жижиг өрөөнд байсан. Хоёулаа орилж хашгирч байгаад Х ах дахиад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 52/, шинжээчийн 7452 тоот дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 27-29/  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь хамтран амьдрагч хохирогч Л.Гг хоолойноос нь түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Л.Ггийн эзэмшлийн нөтбүүк, сэнс, шилэн ком зэрэг эд зүйлийг шидэж гэмтээсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Хнь хохирогч Л.Гатай маргалдаж түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, эд зүйлсийг шидэж гэмтээсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ггийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, Г.Хэмчилгээний зардал болон нөтбүүк, бусад эд зүйлийн зардлыг нөхөн төлсөн,  нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Хыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 950 нэгж буюу 950.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,

              - “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 950 нэгж буюу 950.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР