Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 18

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар ******* сумын иргэн Д.*******ы нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргад холбогдох 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, С.*******, гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Чулуунхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, ажилд буцаан томилох тухай шийдвэр гаргуулах, цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг шийдвэрлүүлэхийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү захирамжийг гаргахдаа Аудитын газрын дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Ийнхүү буруу үндэслэлтэй захирамжийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн болохоор ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилсэн. Хариуцагч тал захирамж гарснаас хойш материал бүрдүүлж өгч байна. Захирамж гаргахаас өмнө над дээр тавигдсан зөрчил, дутагдал байхгүй. Маргаан бүхий захирамжид хамаарахгүйгээр нэг асуудал нэмэгдэж орж ирээд байна. Энэ нь Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар 30 сая төгрөг зарцуулсан гэсэн. Үүнийг зориулалт бус зарцуулсан гээд хаанаас, ямар дүгнэлт гарсан гэдгийг би ойлгохгүй байгаа. Тэр 30 сая төгрөгийг зарцуул гээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан. Энэ талаарх тайланг өгөөд дүгнүүлчихсэн асуудал байгаа. Энэ 30 сая төгрөгийн задаргаа гэдгийг тайлбараас харлаа. Энэ задаргааг хийхэд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн үү гэдэг тэмдэглэлийг шалгуулсан байна лээ. Энэ нь тэмдэглэлд ороогүй байж болох талтай. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар энэ асуудлаар өдөр болгон ярьж хэлэлцэж байгаад өөрсдөө шийдвэрээ гаргасан байдаг. Тухайлбал аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ******* манай байгууллагын гүйлгээний дансыг хаачихаад, өөрсдөө хэлээд зориулалтын дагуу зарцуулсан юм. Энэ асуудлыг С.******* мэдэж байгаа. Отгонтэнгэрийн тахилга гэж төсөвт мөнгө суугдаагүй байсан. Гэхдээ энэ Отгонтэнгэрийн тахилгыг аймгийн удирдлагууд зохион байгуулж 30 сая төгрөг зарцуулах шийдвэрийг гаргасан. Үүн дээр миний тухайд зөрчил, дутагдал гаргасан зүйл байхгүй.

Өмнөх шүүх хуралдаан дээр Б.******* намайг цалин мөнгө, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын бичилтээр хохироогүй байгаа гэж хэлж байсан. Гэтэл миний нийгмийн даатгалын дэвтрийн бичилт тасарсан байна лээ.

Намайг дэд даргын албан тушаалд оруулахаар захирамж гаргасан байдаг. Ингэж захирамж гаргахаасаа өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэд даргын орон тоог аймгийн Засаг дарга баталсан байсан бол итгэл үнэмшилтэй байх байлаа. Намайг дэд даргын албан тушаалд томилсноос хойш 7 хоног ажил дээрээ очсон. Гэтэл намайг суулгах сандал, ширээ, өрөө тасалгаа гаргаж өгөөгүй. Тэгсэн мөртлөө өмнөх шүүх хуралдаан дээр Б.******* хэлэхдээ би сандал, ширээ, өрөө тасалгаа гаргаж өгсөн гэж худлаа хэлж байсан. Ийнхүү намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлчихөөд, миний алдаа дутагдлыг эрж хайгаад гурван сар боллоо. Маргаан бүхий захирамжийн үндэслэл болоод байгаа зөрчил дутагдал нь гүтгэлэг байж магадгүй, надад хамааралгүй зүйл байж магадгүй. Тиймээс холбогдох байгууллагаар баталгаажсан, Д.*******д тооцогдохоор шийдэгдсэн асуудал байвал хүлээн зөвшөөрнө. Үүнээс өөр байдлаар учир нь олдохгүй үг яриаг би хүлээж авахгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичиг баримтын бүрдэл, хэргийн нөхцөл байдал ойлгомжтой. Тиймээс миний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж бодож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Завхан аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 онд Отгонтэнгэрийн тахилгатай холбоотойгоор тавигдсан 30 сая төгрөгийг Аудитын дүгнэлтээр гаргачихсан. Тухайлбал энэ Аудитын дүгнэлтээр 30 сая төгрөгийг бүгдийг нь зориулалт бусаар зарцуулсан гэж үзээгүй байна. Харин 10.6 сая төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар зориулалт бусаар үйл ажиллагаандаа зарцуулсан гэж үзжээ. Тэгээд 2016 онд дөрвөн арга хэмжээг гэрээ байгуулалгүйгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын холбогдох мэргэжилтнүүд зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний мөнгийг нягтлан бодогч мэргэжилтнүүдийн хувийн данс руу шилжүүлсэн нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчсөн байна гэж үзжээ. Таныг ажлаас халахдаа зөвхөн 30 сая төгрөг зориулалт бусаар зарцуулсан гэж халаагүй юм. Дээрх Аудитын дүгнэлтээр өөр бусад холбогдох зөрчлүүд гарсан. Энэ Аудитын дүгнэлт нь Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх хэсэг буюу ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх заалтыг бүрэн хангаж байгаа юм. Таны ажлын байрны тодорхойлолт дөрвөн үндсэн зорилттой байна. Үүнд: хоёрдугаар зорилт буюу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, дөрөвдүгээр зорилт буюу байгаль орчин ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих гэж байгаа. Тухайлбал ажлын байрны тодорхойлолтын хоёрдугаар, дөрөвдүгээр зорилттой Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх хэсэг уялдаж байна. Таны ажлын байрны тодорхойлолт дээр зориулалт бусаар захиран зарцуул гэсэн үг үсэг байхгүй. Мөн таны гаргаад байгаа зөрчил нь удаа дараа гарсан байна. Тухайлбал 2015, 2016 оны Аудитын дүгнэлтээр зөрчлүүд гарсан гэж үзжээ. Мөн гуравдагч этгээдээс нэмэлт материал ирүүлсэн байна. Эдгээр нотлох баримтууд нь маргаан бүхий захирамжийн үндэслэлийг бүрэн хангаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулах гэсэн арга хэмжээ авсан байгаа. Өөрөөр хэлбэл Д.*******г удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгааг харгалзаж үзээд, цалин хөлсийг нь бууруулахгүйгээр, албан тушаалыг нь бууруулж ажлаас нь чөлөөлсөн. Тухайлбал ажлын байрны тодорхойлолт заасан үүргийг чанарын хувьд дордуулсан. Энэ нь Аудитын дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Мөн дөрвөн арга хэмжээг зохион байгуулахдаа журмын дагуу явуулаагүй нь ажлын байрны тодорхойлолт заасан үүрэгт хамаарч байгаа. Энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Мөн төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэг нь ажлын байрны тодорхойлолтын хоёрдугаар зорилтонд байна. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэдэг нь батлагдсан төсвийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулахыг хэлдэг. Ийнхүү зориулалтын дагуу зарцуулаагүй байна гэдгийг Аудитын дүгнэлтээр тогтоосон.

Нэхэмжлэгч тайлбарлахдаа 30 сая төгрөгийг зарцуул гэдэг нь тэмдэглэлд ороогүй. Гэхдээ тухайн үеийн удирдлагууд өөрсдөө захиран зарцуулсан гэсэн. Гэтэл энэ талаарх нотлох баримт хэргийн материалд харагдахгүй байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэд даргаар томилогдсоныхоо дараа ээлжийн амралтаа аваад явсан байдаг. Тэгээд ээлжийн амралт нь дууссаны дараа Д.******* ажилдаа ирээгүй байна. Ийм учраас 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Д.*******д цалин хөлс олгогдоогүй байна. Цалин хөлс олгох тухай асуудал бол ажлаа хийснээр олгодог байгаа. Тийм учраас Д.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинг аймгийн Засаг даргаас өгөх боломжгүй гэв.

Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаан дээр нилээн зүйл яригдсан. Сая нэмэлтээр өгсөн материалаа танилцуулах нь зөв байх. Удаа дараагийн зөрчил болж байгаа гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэллээ. Тухайлбал 2015, 2016 оны санхүүгийн баримтанд алдаа дутагдал гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бус зарцуулсан, мөн өөр бусад алдаа дутагдал гаргасан байна. Мөн 2014 оны Аудитын газраас хийсэн шалгалтаар ойжуулалт, хоол, томилолтын мөнгийг илүү бодож олгосон. Үндсэн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрч 1819500 төгрөгийн нөхөн төлбөр тавигдсаныг хугацаанд нь барагдуулж дуусгаагүй байна. Өөрөөр хэлбэр аль 2014 оны нөхөн төлбөрийг барагдуулж дуусгаагүй үйлдэл байна. Мөн 2015, 2016 оны зөрчлүүдийн талаарх актаа манай байгууллагад ирүүлсэн байгаа. Үүнд 1043700 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх арга хэмжээний дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтэд холбогдох этгээдүүд нь хавсралтаар байж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.*******, нягтлан бодогч Энхтүвшин, Оюунчимэг нарын нэртэй баримтууд байна. Дээрх төлбөрийг зайлшгүй төлж барагдуулахаар санхүүгийн Аудитаас дүгнэлт ирсэн. Тэгэхээр Д.******* дарга олон жил зөрчил дутагдалтай байсан гэдгийг Аудитын дүгнэлт болон санхүүгийн Аудитын дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс яриад байх шиг байна. Аливаа цалин хөлсийг хийсэн ажлынхаа төлөө авдаг учиртай. Д.******* даргын нэг сард ажилласан цалинг тооцож олгосон мөнгө нотлох баримтаар байж байгаа. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Мөн Д.******* дарга амралтынхаа мөнгийг бүрэн тооцуулаад аваад явсан. Ээлжийн амралтаа дуусгаад 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орохоор байсан боловч Д.******* дарга ажилдаа ирээгүй. Ингэж байж байгаад шүүх хурлын үеэр л ирсэн. Тийм учраас ажлаа хийгээгүй хүний цалинг бодож олгох ёсгүй. Хэрвээ ажлаа хийгээгүй хүний цалинг олгох юм бол Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг зөрчинө. Тийм учраас миний бие хууль зөрчиж, хууль бусаар Д.*******гийн цалинг олгохгүй. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй, хэвээрээ байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийнАжлаас чөлөөлөх тухай Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалдэгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.*******ыг Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжаар /хавтаст хэргийн 8-р хуудас/ Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/324 дүгээр захирамжаар /хавтаст хэргийн 9-р хуудас/ тухайн албан тушаалд тус тус томилон ажиллуулсан байна.

Хариуцагч болох аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаар захирамжаар Д.*******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн ЗАН/09/2016/ГА03 дугаар Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар дамжин хэрэгжиж байгаа ойжуулалт болон бусад хөрөнгө оруулалтын үр дүн-ийн дүгнэлтийг үндэслэн Д.*******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, цалин хөлсийг нь бууруулахгүйгээр тус газрын дэд даргад санал болгожээ.

Нэхэмжлэгчээс Би ажиллаж байх хугацаандаа албан үүргээ хангалттай сайн биелүүлж байсан, Аудитын газрын дүгнэлт нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, хариуцагчаас Д.******* төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, ойн ангийн даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй учраас ойн ангийн үйл ажиллагаа доголдолтой байсан гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Завхан аймгийн Аудитын газраас 2016 оны 10 сард Байгаль орчин, аялал жуулчлалын газраар дамжин хэрэгжиж байгаа ойжуулалт болон бусад хөрөнгө оруулалтын үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 01-97 ЗАН/09/2016/ГА-03 дугаар албан шаардлагыг /хавтаст хэргийн 22-р хуудас/ Байгаль орчин аялал жуулчлалын газар хүргүүлж байжээ. Уг албан шаардлагад 2015 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 11,1 сая төгрөгийг зориулалт бусаар байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулсан, 2016 оны Онцгой байдлын хэлтэс, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн зардлаас 1,7 сая төгрөгийн анхан шатны баримтыг дутуу хүлээж авсан зөрчил гаргасан гэж үзсэн байна. Хариуцагч Б/163 дугаар захирамж гаргаж Д.*******ыг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Аудитын газрын дүгнэлтийг /хавтаст хэргийн 24-44-р хуудас/ үндэслэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Аудитын дүгнэлтэд дурьдагдсан Тосонцэнгэл сумын сум дундын ойн анги ойжуулалтын явцад хяналт тавиагүй, ажил үүргээ хангалтгүй биелүүсэн байхад Д.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй, 2016 онд 4 арга хэмжээг гэрээ байгуулалгүйгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын холбогдох мэргэжилтнүүд зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний мөнгийг нягтлан бодогч мэргэжилтнүүдийн хувийн данс руу шилжүүлсэн нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчсөн, аймгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах ёстой төсвийг зориулалт бусаар байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан учраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь ойн ангийг хариуцсан тусдаа нэгж байгууллагын дэргэд ажилладаг, ойн ангийн даргыг би томилдоггүй, ойн ангийн үйл ажиллагаанд би санаачлагаараа Аудит хийлгэж зөрчлийг илрүүлсэн, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой мөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргын Зөвлөлөөр хэлэлцүүлж чиглэл өгсний дагуу зарцуулсан гэжээ.

Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн Байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги байгуулж, бүтэц, орон тоог батлан, даргыг нь Байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр, 17.2.6-д зааснаар ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох, 17.2.9-д зааснаар ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавихаар байна.

Мөн аймгийн Байгаль орчны газар нь дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3-д зааснаар өөрийн харьяа ойн ангийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, 17.3.10-д зааснаар ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар төсвөөс хуваарилсан хөрөнгийг гэрээ байгуулан гүйцэтгэгчид олгож, түүний зориулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнахаар байна.

Нэхэмжлэгч Д.*******ы ажлын байрны тодорхойлолтоос харахад ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд газартаа ойн нэгж байгуулах, сумдын болон сум дундын ойн ангийн ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар байна. Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь ойн ангийн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй хэдий ч хариуцагч аймгийн Засаг даргад мөн адил дээрх эрх, үүрэг хуулиар олгогдсон байна. Иймд Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтний хариуцсан албан үүрэг, түүнтэй холбогдуулан гарсан алдаа, зөрчлийг зөвхөн нэхэмжлэгчид шууд хамааруулан, түүнийг ажлын байрны зорилт, чиг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хариуцлага ногдуулж, албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх... гэж заасан төрийн албаны үндсэн зарчимтай нийцэхгүй байна. Түүнчлэн аймгийн Аудитын газрын дүгнэлтэд ойжуулалтын явцад хяналт тавиагүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн даргад хуулийн дагуу хариуцлага тооцохыг аймгийн Засаг даргад зөвлөмжилсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2016 онд 4 арга хэмжээг гэрээ байгуулалгүйгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын холбогдох мэргэжилтнүүд зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний мөнгийг нягтлан бодогч мэргэжилтнүүдийн хувийн данс руу шилжүүлсэн нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчсөн гэжээ.

Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын хавсралтаар Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ыг баталсан байх ба уг журмын 2.6-д  Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана. Уг журмын 8.3-т зааснаар дээрх үйл ажиллагаанд тухайн байгууллагын төсвийн эрх захирагч, нягтлан бодогч нар хяналт тавьж ажиллахаар байна. Харин тус журмын 8.1-д зааснаар мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын ажиллагаанд хяналт, шалгалт явуулах, өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгууллагын даргын тушаал, шийдвэрээр байгуулж ажиллуулахаар байна.

Иймээс дээрх 4 арга хэмжээний мөнгийг нягтлан бодогч мэргэжилтнүүдийн хувийн данс руу шилжүүлсэнд нэхэмжлэгч буруугүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч Д.*******ыг байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах ёстой мөнгийг зориулалт бусаар байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж маргажээ. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд батлагдсан төсвийг захиран зарцуулах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрх нэхэмжлэгчид олгогджээ. Гэтэл нэхэмжлэгч нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах ёстой төсвийг зориулалт бусаар байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан болох нь аймгийн Аудитын газрын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар албан шаардлагад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 210,4 сая төгрөг батлагдсанаас 4,7 сая төгрөгийг зориулалт бусаар байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэх дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/07 ЗАН/09/2016/ГА-03 дугаар албан шаардлагад 2015 оны байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 11,1 сая төгрөгийг зориулалт бусаар байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулсан гэж дүгнэснээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах ёстой дээрх мөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд зарцуулах чиглэлийг тогтоож өгсөн. Түүний дагуу уг мөнгийг захиран зарцуулсан гэж маргаж байх ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолоор /хавтаст хэргийн 114-115-р хуудас/ аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрчлөлт оруулсан байх бөгөөд хавсралтын 40 дүгээрт Отгонтэнгэр дархан цаазат газрын байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд 30,0 сая төгрөг төлөвлөсөн байна. Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны хуралдааны тэмдэглэлд үзлэг /хавтаст хэргийн 111-р хуудас/ хийхэд дээрх 30,0 сая төгрөгийг юунд зарцуулах талаар нэг бүрчлэн хэлэлцсэн байдал тогтоогдохгүй байна. Засаг даргын Тамгын газраас Засаг даргын зөвлөлийн 2016 оны хуралдааны материалыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах ёстой дээрх мөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд ямар зүйлд зарцуулахыг нэг бүрчлэн тогтоож өгсөн. Түүний дагуу уг мөнгийг захиран зарцуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн байх, эрх бүхий этгээдээс түүнийг албан тушаал бууруулж, өөр ажил, албан тушаалд томилсон байх зэрэгцээ шаардлага тавьсан, энэ 2 нөхцөл зэрэг хангагдаж байж захиргааны акт хууль ёсны болохоор байна. Гэтэл хариуцагч болох аймгийн Засаг дарга Д.*******ыг албан тушаал бууруулж томилохдоо батлагдаагүй орон тоон дээр /Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэд дарга гэсэн албан тушаалын орон тоо батлагдаагүй/ томилуулахаар санал болгосон нь хууль бус байна. Тухайн орон тоо батлагдаагүй гэдгийг гуравдагч этгээд Б.*******ын ...дэд даргын орон тоог батлуулах талаар саналаа өгсөн. Яг баталсан шийдвэр гараагүй, хэлэлцэх шатандаа явж байгаа гэсэн тайлбар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор /хавтаст хэргийн 98-100-р хуудас/ Байгаль орчин аялал жуулчлалын газрын орон тоог 60, удирдах ажилтан 1 байхаар тогтоосноор тогтоогдож байна.

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/163 дугаар захирамж нь дээрх байдлаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгч *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсыг шүүхэд ирүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 6.7-д гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасан, Д.******* нь 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсаар ажлын гүйцэтгэлээ тайлагнасан, уг илтгэх хуудсанд 66,2 гэсэн оноо тэмдэглэгдэж, төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга гарын үсгээ зурсан боловчнэхэмжлэгч уг үнэлгээг зөвшөөрч гарын үсэг зураагүй байх тул уг илтгэх хуудсыг хүчин төгөлдөр гэж шүүх үнэлэх боломжгүй байна.

Харин төсвийн ерөнхийлөн захирагч буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2015 оны гэрээний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн тайлангаар /хавтаст хэргийн 12-20-р хуудас/ Завхан аймаг 93,3 хувьтай дүгнэгдсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай зөвшилцөх саналыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтыг үндэслэн хүргүүлсэн боловч сайд Д.Оюунхоролоос зөвшөөрсөн тухай албан хариу хүргүүлээгүй байхад захирамж гарсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна гэжээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг дахь Төрийн албан салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ийн 6-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилж, чөлөөлөхөөр байна. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 1/1182 дугаар албан бичгээр ...Д.*******ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилж байгаатай холбогдуулан Б.*******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад нэр дэвшүүлж байгаа тул зөвшилцөхөөр саналаа хүргүүлж байна гэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Ийнхүү зөвшилцөх саналд ямар нэгэн хариу ирүүлээгүй байхад Д.*******ыг чөлөөлж, Б.*******ыг тухайн албан тушаалд томилсон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Гуравдагч этгээд Б.*******аас Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 10 дугаар актыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэ баримт нь хэрэгт хамааралгүй, Завхан аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсны дараа үйлдэгдсэн баримт байх тул шүүх уг баримтыг үнэлэх шаардлагагүй байна.

Д.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрөө гаргаагүй, өөр хүнээр нэхэмжлэлээ бичүүлсэн, түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч өөр хүнээр нэхэмжлэлээ бичүүлсэн гэж тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл төлөөлөгч гарын үсэг зурсан байна гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээр өөрөө гарын үсэг зураагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх алдааг засаж ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар зохицуулсан байна. Хэн нэгэн этгээд нэхэмжлэгч Д.*******ыг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй, харин Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөр хүнээр нэхэмжлэлээ бичүүлж, өөрийнхөө нэрээр гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага нь түүний хүсэл зоригийг илэрхийлж байх тул дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/163 дугаар захирамж нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үндэстэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ы ажилгүй байсан хугацааг 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийг хүртэлх ажлын 21 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч Д.******* нь 2017 оны ээлжийн амралтыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 29 хоногоор тооцуулж, авсан болох нь амралтын мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 105-р хуудас/, нэхэмжлэгч Д.*******ы Миний дансанд амралтын мөнгө гэж 1500000 төгрөг орсон байсан. Би тухайн үед амрах зайлшгүй шаардлагатай байсан гэсэн тайлбараар тогтоогдож байна. 2016 оны 12 сарын цалинг бүтэн, 2017 оны 1 сарын 09 хүртэл ажлын 5 хоногийн цалин бодогдож олгогдсон болох нь цалингийн картаар /хавтаст хэргийн 106-107-р хуудас/ тогтоогдож байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Д.*******ы нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 10, 11, 12дугаар саруудын дундаж цалин хөлс 1141474 төгрөгнөөс нэг хоногийн хөлсийг 42752 төгрөгөөр тооцонД.*******ы ажилгүй байсан 21 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход түүнд 897792 төгрөгийн нөхөн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 3-д зааснаар төрийн албан хаагч нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар жил бүр; 8.2.1-д зааснаар энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн шимтгэлийг даатгуулагч, ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр байна. ИймдХөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Д.*******ы ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож,нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ийн 6-д заасныг тус тус баримтлан Д.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.*******ыг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ы ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийг хүртэлх 21 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 897792 төгрөгнөөс холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон даатгалын дэвтрүүдэд бичилт хийж олгохыг Завхан аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА