Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0268

 

“Э С С С к” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0148 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э С С С к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-д тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0148 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.16, 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан “Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалд хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Э С С С к” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: “...Шүүгч М.Б нь шүүх хуралдаанд оролцогчдын тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй, мэтгэлцээнийг нэхэмжлэлийн агуулгад нийцүүлэн явуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн судлаагүй, хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжилсэн асуудлыг анхнаас нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийг зөвтгөх зорилго тавьсан.

      Энэ зорилгоо биелүүлэхийн тулд нэхэмжлэлд байхгүй огт хамаагүй асуудлыг шүүгч санаачлан хэлэлцүүлж нэхэмжлэгчид хамаатуулан зохиомол буруутгал ногдуулж, баримт нотолгоогүй дүгнэлт хийж, хариуцагчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг зориуд хаацайлан шүүгчийн журамт үүргээсээ няцсан, шүүх ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэсний дагуу л нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа ч хуульд нийцүүлэн шүүх хурлын өмнө тодруулгаар гаргаж өгсөн.

        Гэтэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас хальж, оролцогчдоос маргаагүй нэхэмжлэгчийн бүртгэлийн асуудлыг гол хэлэлцүүлэг болгож, манайхыг шүүж буруутгах чиглэлд хурлыг хөтөлсөн мөн хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлүүдийг ямар ч нотолгоо үндэслэлгүйгээр зөвтгөж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж, нэхэмжлэгчийн маргаагүй асуудалд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

         Нэхэмжлэгч “Э С С С к” ХХК-аас “Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “...Магадлал зохион байгуулах үүрэгтэй этгээд өөрөө магадлал хийж, улмаар түүнээсээ татгалзахгүй улайран зууралдаж ашиг сонирхлын зөрчил гаргаж, ...Барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна гэх нэрээр барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг гардан гүйцэтгэж байна” гэж тайлбарлан маргажээ.

         Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзвэл, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь магадлалын ерөнхий дүгнэлтийг ямар эрх зүйн баримтыг үндэслэн хийж байгаа, экпертүүдийг хэрхэн сонгон шалгаруулж авдаг нь тодорхойгүй, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь “магадлалын дүгнэлт гаргасан эксперт өөрөө уг магадлалын дүгнэлтийн улмаас үүсэх хариуцлагыг хүлээдэг учир Барилгын хөгжлийн төв магадлалын дүгнэлт гаргадаггүй” гэж тайлбарлаж байгаа боловч магадлал хийгээгүй гэдгээ хэрхэн нотолж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй атлаа “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор Барилгын хөгжлийн төвд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг олгосон байх ба уг Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.

            Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт” гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг”, 39 дүгээр зүйлийн 39.4-д “Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ”, 34 дүгээр зүйлд “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”, 34.1.4-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” гэж магадлал хийх, магадлал хийх ажлыг зохион байгуулах ойлголтын талаар хуульчилсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг олгосон талаар талууд маргаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар буюу “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг магадлал зохион байгуулах эрхтэй эсэх асуудалд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

           Мөн нэхэмжлэгчээс “...“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ олон зуун барилгын магадлалыг хууль бусаар хийж, үлэмж их хөлс төлбөр хурааж ашиг олсоор байна” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн шалган тогтоогоогүй, түүнд холбогдох нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын “магадлалын хөлс” гэсэн утга бүхий орлогууд нь “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын магадлал зохион байгуулсны хөлс эсхүл магадлал хийсний хөлс эсэхийг тодруулах, Улсын дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоол гарсны дараа нэхэмжлэгч нь магадлал хийх эрх авсан эсэх, авсан бол сонгон шалгаруулалтад орсон эсэх, улмаар магадлал хийх эрхтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

             Тодруулбал хэрэгт авагдсан магадлалын ерөнхий дүгнэлтийг хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ гаргаж байгаа болон аж ахуй нэгжүүд, орон нутаг руу “барилга байгууламжийн зураг, төсөв нь зөвхөн манай төвөөс гаргасан ерөнхий дүгнэлт, тамга, тэмдгээр баталгаажна” гэх агуулга бүхий албан бичиг явуулж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Энэхүү дүрмийн 5.3-д заасан байгууллага нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг захиалагчийн хүсэлтэд үндэслэн дараах журмаар зохион байгуулна”, 5.6.5-д “экспертийн ирүүлсэн дүгнэлтийг дараах байдлаар захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлэх”, 5.6.5.а-д экспертийн эрх бүхий хуулийн этгээдээс ирүүлсэн магадлалын дүгнэлтийг бүртгэж, дугаар олгох, 5.6.5.б. экспертийн эрх бүхий иргэнээс ирүүлсэн холбогдох хэсгийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн бүртгэж, дугаар олгох”, 5.14-д “Зохион байгуулагч байгууллага магадлалын дүгнэлт, иж бүрэн ажлын зургийн нүүр хуудсанд магадлал хийгдсэн тухай тэмдэг дарна” гэж заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэгт хамаарч байгаа эсэхийг тодруулж, үүнтэй холбоотой нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийх нь зүйтэй.

             Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор хүчингүй болгосныг тэмдэглэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ