Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 23-рхороо Хангайн 31-6 тоотод оршин суух Илжигин овгийн Янжинсүрэнгийн Батцэнгэл /РД:ХГ79012900/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг 109-р байр 1-б тоотод оршин суух, Замын-Үүд Өртөөнд найруулагч ажилтай, Самбуу овгийн Эрдэнэбаатарын Сангибалдир /РД: ЦВ78060911/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох Замын-Үүд сум 1-р баг 109-р байрны 1 б тоот 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авч Э.Сангибалдирт ногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, хариуцагч Э.Сангибалдир нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч Я.Батцэнгэл нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Сангибалдиртай 2003 онд танилцаж 2006 онд гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2006 оны 06 сарын 30-нд охин С.Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-нд охин С.Саранчимэг нар төрсөн. Эхний жилүүдэд бусдын адил сайхан  амьдарч байсан боловч бага охиноо төрөх үеэс нөхөр  маань ааш зан тогтворгүй архи ууж агсан согтуу тавьж эхэлсэн, улмаар өөр эмэгтэйтэй болсон байсан учир цаашид тэвчих аргагүй байсан тул 2 охиноо авч хотод ээж аавынхаа дэргэд амьдрах болсон. Одоо нөхөр маань тэр эмэгтэйтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болж тогтсон амьдралтай болсон учир миний бие 2 охиноо өөрийн асрамжинд авч, гэрлэлтээ цуцлуулж, 2 охиндоо тэтгэлэг гаргуулах хүсэлтэй мөн хамтын эзэмшил болох 109-ын 1 б тоотыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Э.Сангибалдир шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Я.Батцэнгэлтэй 2003 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2006 оны 06 сарын 30-нд охин Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-нд охин Саранчимэг нар төрсөн. Бид зан харьцааны байдлаас болж 2010 оноос тусдаа амьдрах болсон. Я.Батцэнгэлийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 охиныг эхийх нь асрамжинд өгч тэтгэлэг төлнө. Бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө болох Замын-Үүд сумын 1-р багт байрлах 109 байрны 1б тоот 1 өрөөг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Өөрт ноогдох хувийг авахад татгалзахгүй гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаан дээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Батцэнгэл нь хариуцагч Э.Сангибалдираас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох Замын-Үүд сум 1-р баг 109-р байрны 1б тоот 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авч Э.Сангибалдирт ногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

 Нэхэмжлэгч Я.Батцэнгэл, хариуцагч Э.Сангибалдир нар нь 2003 онд танилцаж гэр бүл болсноо 2006 оны 07 сарын 07-ны өдрийн 0031191/54 тоот гэрчилгээгээр батлуулж, 2006 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин С.Саранчимэг нарыг төрүүлж, эцэг эх болж гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатын баталгаатай хуулбар зэргээр батлагдаж байна. Гэрлэгчид нь 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч хүүхдийн тэтгэвэр төлөхөд татгалзаагүй, хариуцагч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа үүсгэн хамт амьдарч байгаа, цаашид нэхэмжлэгчтэй хамтран амьдрах боломжгүй болсон нь зохигчдийн тайлбараар тогтоогдож байна. 

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн тал дээр маргаан гаргаагүй тул 2006 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин С.Саранчимэг нарыг эх Я.Батцэнгэлийн асрамжинд үлээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид нь эд хөрөнгийн тал дээр хариуцагч Э.Сангибалдир нь гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц болох Замын-Үүд сумын 1-р багт байрлах 109-р байрны 1б тоот 1 өрөө 18 м2 талбай бүхий орон сууцны үнэлгээний ногдох хувийг авч орон сууцаа нэхэмжлэгч Я.Батцэнгэл болон охин С.Сайханчимэг, С.Саранчимэг нарт өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбар, мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Я.Батцэнгэлийн хүсэлтийн дагуу шүүх гэрлэгчдийн дундын эд хөрөнгө болох Замын-Үүд сумын 1-р багт байрлах 109-р байрны 1б тоот 1 өрөө 18 м2 талбай бүхий орон сууцны үнэлгээг шинжээч томилж үнэлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. ВЕНДО ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар Замын-Үүд сумын 1-р багт байрлах 109-р байрны 1б тоот 1 өрөө 18 м2 талбай бүхий орон сууцыг 13.628.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээн дээр зохигчид маргаагүй болно.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Замын-Үүд сумын 1-р багт байрлах 109-р байрны 1б тоот 1 өрөө 18 м2 талбай бүхий гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч Я.Батцэнгэл болон 2006 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин С.Саранчимэг нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Э.Сангибалдирт орон сууцнаас ногдох хувь болох /13.628.000:4=3.407.000/ 3.407.000 төгрөгийг нэхэмжлэгч Я.Батцэнгэлээс гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

С.Сайханчимэг, С.Саранчимэг нар нь эх Я.Батцэнгэлийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 23-р хорооны Хангайн 31-06 тоотод оршин сууж байгаа нь тус хорооны Засаг дарга П.Одончимэдийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул 2006 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин С.Саранчимэг нарт хариуцагч Э.Сангибалдираас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийг Улаанбаатар хотод мөрдөгдөж буй амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 185.400 төгрөгөөр бодож  улсын тэмдэгтийн хураамж 50.547 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь  зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я.Батцэнгэл нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийх нь эзгүйд шүүх хуралдааныг хийхийг хүссэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Илжигин овгийн Янжинсүрэнгийн Батцэнгэл, Самбуу овгийн Эрдэнэбаатарын Сангибалдир нарын гэрлэлийг цуцалсугай. 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин С.Саранчимэг нарыг эх Я.Батцэнгэлийн асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин С.Сайханчимэг, 2007 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин С.Саранчимэг нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг Э.Сангибалдираар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6-д зааснаар Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р баг 109-р байрны 1б тоот 1 өрөө 18 м2 талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Я.Батцэнгэл, охин С.Сайханчимэг, С.Саранчимэг нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгчээс 3.407.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.Сангибалдирт олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 296.290 төгрөгийг татварын тасгийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Сангибалдираас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгээс 50.547 төгрөгийг гаргуулж татварын тасгийн дансанд, 296.290 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Батцэнгэлд  олгосугай.    

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Энхзулд даалгасугай.

7. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     Э.БОЛОРМАА