Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: Т.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805046171067 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б, 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд 02 цагийн үед иргэн Б.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Бийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Б, Ц ах нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Стелла” бааранд орсон. ...Би хажуу ширээний 2 хүүхэнтэй юм яриад суусан. Би жоохон согтуу болохоор өөдөөс харсан ширээний 2 залуу дээр очоод “яасан надтай юм ярьсан уу” гээд асуухад “зүгээр цаашаа суу” гээд уурласан. Би ширээ рүү эргэхэд араас юм хэлэхээр нь хундагатай архиа цацсан. Тэгсэн чинь босож ирээд цохих гэхэд дундуур Ц ах орж ирээд боль гээд салгахад нэг залуу нь сандал аваад над руу цохьсон. Би газар унасан. ...их цус алдсан өөр юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Стелла” бааранд орсон. ...би босч очоод наад хүүхэд чинь согтуу байна, одоо больцгоо гэтэл 30-35 орчим насны залуу сууж байсан сандлаа аваад толгой руу нь цохьсон. Нөгөө залуу нь газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бий төрсөн өдөр болохоор бид гурав нэг шил виски авсан. Тэгээд бид гурав бүжиглээд уугаад байж байгаад би сууж байсан ширээний буйдан дээр согтоод унтаад өгсөн байсан. Сэрэхэд Б цустайгаа холилдоод миний хажууд буйдан дээр хэвтэж байсан. Юу болсон гэж Цгоос асуухад урд ширээний хоёр залуугийн нэг нь сандал аваад Бийг цохьсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Гэрч Э.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “...Стелла бааранд зөөгчөөр ажиллаж байхад 02:00 цагийн үед би текний дэргэд байхад хоёр залуу маргалдаад нэг залуу нь сандал аваад толгой руу нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Шинжээчийн 10958 тоот дүгнэлтэд: “...Б.Бий биед дух ясны ил хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, суурь ясны их далавч шугаман хугарал, духны хөндийн цус хуралдалт, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн эдийн голомтлог цус хуралт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун нүдний дээд, доод зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 40/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Флаш-д үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сэжигтэн Т.Б гар утсаа бариад сууж байгаа. Хохирогч Б гартаа барьсан хундагатай архийг цацсан. Сэжигтэн Т.Б ширээнээс босож ирээд хохирогч Бийг барьж аваад газар унагаан өшиглөж байгаа. Т.Б, Цтой барьцалдаад авсан. Сэжигтэн Т.Б сандал аваад, сандлаа шидсэн. Баарны хамгаалагч сэжигтэн Баатархүүг бариад газарт дарж, аваад гарсан. Буйдангийн хажууд шалан дээр хохирогч Б хэвтэж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл /хх-н 21-23/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий флаш диск, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-56, 88-92, 96-100/, Хохирлын баримтууд /хх-н 72-80/, хохирогчид зөрчлийн арга хэмжээ авсан шийдвэр  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд 02 цагийн үед иргэн Б.Б нь түүнтэй маргалдан түүний найз руу ууж байсан хундагатай архиа цацсаны улмаас Б.Бийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бий: “...Би жоохон согтуу болохоор өөдөөс харсан ширээний 2 залуу дээр очоод “яасан надтай юм ярьсан уу” гээд асуухад “зүгээр цаашаа суу” гээд уурласан. Би ширээ рүү эргэхэд араас юм хэлэхээр нь хундагатай архиа цацсан. Тэгсэн чинь босож ирээд цохих гэхэд дундуур Ц ах орж ирээд боль гээд салгахад нэг залуу нь сандал аваад над руу цохьсон. Би газар унасан. ...их цус алдсан өөр юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч Б.Цгийн: “...би босч очоод наад хүүхэд чинь согтуу байна, одоо больцгоо гэтэл 30-35 орчим насны залуу сууж байсан сандлаа аваад толгой руу нь цохьсон. Нөгөө залуу нь газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/, гэрч Б.Бгийн: “...Сэрэхэд Б цустайгаа холилдоод миний хажууд буйдан дээр хэвтэж байсан. Юу болсон гэж Цгоос асуухад урд ширээний хоёр залуугийн нэг нь сандал аваад Бийг цохисон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, гэрч Э.Чын: “...Стелла бааранд зөөгчөөр ажиллаж байхад 02:00 цагийн үед би текний дэргэд байхад хоёр залуу маргалдаад нэг залуу нь сандал аваад толгой руу нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/, шинжээчийн 10958 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь бааранд хохирогч Б.Б нь түүний хамт явсан найз руу нь ууж байсан хундагатай архи цацсаны улмаас сандлаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бий биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б нь шүүгдэгчээс нийт 3.800.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Т.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Бг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Т.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь тодорхой эрхэлсэн ажилтай, орлоготой байх тул  оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 02 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Бг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т.Бд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.0000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бд 3.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР