Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 0239

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Ганбулган

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ц Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 19060030020219 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ц Т,19  оны 12 дугаар  сарын 10-ны  өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ,  ам  бүл 3, ээж, нагац ах нарын  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хорооны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг дах сум дундын 1-р шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны   тоотод  буюу гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нагац ах Р.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

      Шүүгдэгч  Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12.00 цаг өнгөрч байхад би гэртээ харьсан. Би бага зэрэг архи уусан байсан. Гэрт ороход ээж, ах хоёр байсан. Ах бид хоёр адилхан загварын гар утастай учраас утаснаас болоод маргалдаад ахыгаа нэг цохьсон. Миний утас гэрт байсныг би мэдээгүй. Би 200 грамм архи ганцаараа уугаад бараг тасарсан байсан. Би ахынхаа нүд рүү нь нэг удаа гараараа цохьсон. Ээж ах бид хоёрыг ноцолдоод байхаар цагдаа дуудсан. Бид хоёр гэмтэл орж үзүүлсэн. Ах өөрөө тэр өдөр бас архи уусан, нүүр нь шархтай хүнтэй зодолдсон шинжтэй ирсэн гэж ээж хэлсэн гэв.

          Шүүгдэгч  Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улиастайн гудамжинд зүс таних хүн таараад бид хоёр нэг шил архи хувааж уугаад гэртээ ортол манай нагац ах Р.Э гэртээ байсан ба тэр үед би утсаа хайгаад олохгүй байсан. Гэтэл ах Э миний утастай ижилхэн утас барьж байхаар нь ахыг миний утсыг авчихаж гэж бодоод утсаа авах гээд хэлтэл миний утас гээд байхаар нь би нүүрэн хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиж аваад бид хоёрыг барьцалдаж байхад ээж орж ирээд бид хоёрыг салгаж цагдаа дуудсан гэжээ. /хх-ийн 14/

          Хохирогч Р.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 29-ны орой 19.00 цаг өнгөрөөд гэртээ байж байхад нагац дүү болох Т гаднаас согтуу орж ирээд утаснаас болж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд надтай маргалдаад гэрээс гаргаад миний толгой руу чулуугаар цохисон. Гэтэл эгч Эрдэнэчимэг цагдаа дуудсан. Т бид хоёр нэг гэрт хамт амьдардаг юм гэжээ. / хх-н 7-12/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 830 дүгнэлт:

1.Р.Э биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 17/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 18-19/

          Ц.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 25 /,

           Ц.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 32-33/,

          Ц.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/, прокурорын тогтоол /хх-н 28-29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/ зэрэг болно.

           Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны   тоотод  буюу гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нагац ах Р.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн…. хохирогч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нагац дүү болох Т гаднаас согтуу орж ирээд утаснаас болж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд надтай маргалдаад гэрээс гаргаад миний толгой руу чулуугаар цохисон гэсэн мэдүүлэг

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 830 дүгнэлтээр Р.Э биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  :/хх-н 17/, Шүүгдэгч  Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... манай нагац ах Р.Э гэртээ байсан ба тэр үед би утсаа хайгаад олохгүй байсан. Гэтэл ах Э миний утастай ижилхэн утас барьж байхаар нь ахыг миний утсыг авчихаж гэж бодоод утсаа авах гээд хэлтэл миний утас гээд байхаар нь би нүүрэн хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиж аваад бид хоёрыг барьцалдаж авсан байхад ээж орж ирээд бид хоёрыг салгаж цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ц.Т нь гаднаас согтуу гэртээ орж ирээд өөрийн утсаа нэхэхэд нагац ах Р.Э нь миний утас гэж хэлээд өгөхгүй байхаар нь  өөрийнхээ утас гэж маргалдан улмаар түүнийг зодсоноос Р.Э биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Р.Э эмчилгээний зардалд 40.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нэмж нэхэмжлэл шүүхэд гаргаагүй тул Ц.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон  овогт Ц Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар  Ц.Т  240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ц.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                         

4. Ц.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ц.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН