Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

           Шүүгдэгч: Б.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805003270568 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б, 1995 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн, Цээл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Бнь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Шонхор” караоке дотор иргэн Б.Уийн Самсунг Эс-6 загварын гар утсыг “ярьчихаад өгье гэж хэлээд” хуурч залилан 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

     Мөн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Чгийн I phone 5 загварын гар утсыг “симээ хийгээд утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 184.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 474.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Хохирогч Б.Уийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Элит баарнаас гараад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Шонхор” нэртэй караоке руу явсан. Тэнд очоод 1 цаг дуулъя гэж Б.Б гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд хамт дуулаад сууж байтал 20 цагийн үед Б.Б надаас “чи найздаа утсаа өгч байгаач нэг хүн рүү залгаад өгье, миний утасны цэнэг дуусаад унтарсан байна” гэж хэлэхээр нь өөрийнхөө утсыг өгсөн. Тэгээд  миний утсыг аваад “гадаа гараад яриад ороод ирье” гээд гарсан, эргэж орж ирэлгүй миний утсыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Хохирогч Х.Чгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Б.Б над руу яриад “уулзъя” гэж дуудсан. Би ганцаараа Б.Б дээр очиход гэмтлийн буудлын тэнд нэг караокед ганцаараа пиво уугаад сууж байсан. Тухайн үед Б.Б цуг сууж байгаад “симээ сольж утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд миний I phone-5 маркийн гар утсыг авсан. Б.Б надаас гар утас аваад өөрийнхөө сим картыг хийгээд ээжтэйгээ ярьчихаад ирье гээд гараад явсан. Би хүлээж сууж байгаад удаад байхаар нь араас нь гараад хартал Б.Б гадаа байхгүй байсан. Би буцаж ороод караокены төлбөрийг нь хийгээд гэр лүүгээ харьсан. Б.Б миний гар утсыг эзэмших эрх байхгүй. Б.Б миний гар утсыг аваад булаагаад зугтаасан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/,

Яллагдагчаар Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 87-88/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогч нарын өргөдөл /хх-н 4, 63/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 15-25, 64/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 72-73/,

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Шонхор” караоке дотор иргэн Б.Уийн Самсунг Эс-6 загварын гар утсыг “ярьчихаад өгье гэж хэлээд” хуурч залилан 290.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Чгийн I phone 5 загварын гар утсыг “симээ хийгээд утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 184.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 474.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Б.Уийн: “..Б.Б надаас “чи найздаа утсаа өгч байгаач нэг хүн рүү залгаад өгье миний утасны цэнэг дуусаад унтарсан байна” гэж хэлэхээр нь өөрийнхөө утсыг өгсөн. Тэгээд  миний утсыг аваад “гадаа гараад яриад ороод ирье” гээд аваад гарсан, эргэж орж ирэлгүй миний утсыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, хохирогч Х.Чгийн: “...Б.Б цуг сууж байгаад “симээ сольж утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд миний I phone-5 маркийн гар утсыг авсан. Б.Б надаас гар утас аваад өөрийнхөө сим картыг хийгээд ээжтэйгээ ярьчихаад ирье гээд гараад явсан. Би хүлээж сууж байгаад удаад байхаар нь араас нь гараад хартал Б.Б гадаа байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/, /хх 2-н 12/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 72-73/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-лын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бнь хохирогч нарын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч нарын гар утсыг залилан мэхэлж авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Б.У нь гар утсаа буцаан авсан гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 33/ бичгээр гаргасан тул түүнд төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч нь хохирогч Х.Чгийн хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 184.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Чд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Х.Чгийн хохирлыг барагдуулаагүй, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 180542751209 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Бын урьд цагдан хоригдсон 57 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 180542751209 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 184.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Чд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР