Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

           Шүүгдэгч: Х.Б, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

Шүүгдэгч: М.Х, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Б, М.Хнарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805005650473 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Б, 1996 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт ..... тоот регистртэй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Х, Х.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны гадаа иргэн Б.Мд хүч хэрэглэж довтлон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нийтийн тээврээр зорчих карт, Самсунг Галакси Эс-6 гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн,

Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Х найзтайгаа хорооллын 2б байрны орцны үүдэнд нэг залуу зогсож байхаар нь би очиж орцны код асуутал мэдэхгүй гэхээр нь утсаараа нэг яриулчих гэтэл өгөхгүй гэсэн. Тиймээс би шууд цохитол нөгөө залуу зугтаж байгаад сараалжин төмрөнд тээглэн унасан. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Х оролцоогүй...” гэв.

Шүүгдэгч М.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид бид хоёр гэмтэл учруулсан...” гэв.

Хохирогч Б.Мы мөрдөн байцаалтад өгсөн: “...04 цагийн орчимд 2 танихгүй эрэгтэй ирээд “утсаараа 1 яриулчих, утсаа гаргаад ирээч гэхээр нь би утас байхгүй” гэж хэлтэл “адилхан Монголчууд байж юунд ингэдэг юм бэ” гээд их л дээрэнгүй харьцаад үгийн зөрүүгүй нэг нь миний хамар руу гараараа цохьсон. Ингэж цохиулаад хамраас цус гарахаар нь цааш жаахан зугтааж зайлаад доош тонгойход хоёулаа ирээд 2 талаас миний утсыг авах гэж оролдсон. Утсаа алдахгүй байх санаатай гар утсаа гартаа бариад элгэндээ эвхэрээд тонгойж байхад толгой руу цохиж, өшиглөөд байхаар нь “за за болъё” гээд хальт дээш толгойгоо өндийлгөтөл элэг рүү нэг нь өшиглөсөн. Энэ өшиглөлтөөс болж бие их хачин болоод биеэ хамгаалж чадахгүй болоход нэг нь гарнаас утас авсан, нөгөө нь халаас уудлаад утасны гэрийг аваад цааш яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Шинжээчийн 1856 тоот дүгнэлтэд: “...Б.Мы биед хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 35/,

Яллагдагчаар М.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орцны үүдэнд М очоод зогссон. Зогсохоор нь би М дээр очиж орцны кодыг асуухад “би мэдэхгүй” гэхээр нь “утсаа өгч байгаач хөгшөөн нэг ярьчихъя” гэхэд М “үгүй” гэж хэлсэн. Б машины тэнд зогсож байгаад ойртоод ирэхэд баруун тийш чиглээд зугтаасан. Зугтааж яваад төмрөн сараалжинд М бүдрээд унасан ба Б, Мыг дээрээс нь дараад авахаар нь би Бг “чи яах гээд байгаа юм бэ хөгшөөн, авъя” гэхэд “наадах чинь гайгүй утастай юм байна, утсыг нь авчихъя” гээд хэлэхээр нь би “яах гээд байгаа юм бэ явъя” гэхэд Б утсыг нь гарнаас нь булааж аваад босч ирээд явъя гээд миний урд гараад баруун тийш чиглээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 50, 171/,

Яллагдагчаар Х.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг залуу орцны үүдэнд ганцаараа зогсож байсан. Хамт явсан Х би тэр залуу дээр очоод ирье гээд явсан. Би хол хараад зогсож байсан чинь Х нөгөө залууг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Нөгөө цохиулсан залуу гараараа нүүрээ дараад цаашаа зугтаасан. Цохиулсан залуу Хгээс зугтааж байгаад бүдрээд уначих шиг болсон. Тухайн үед Х нөгөө залууг өшиглөөд тавь, өг гээд зодоод байсан. Би тэр хоёр дээр очоод Хг боль гэж хэлсэн. Тэгээд Х намайг чи энэ залуугийн гар утсыг авдаа, би дийлэхгүй байна гэж хэлсэн. Тухайн зодуулж байсан залуу өөрийн гар утсаа хоёр гараараа бариад энгэртээ тэврээд доошоо хараад хэвтэж байсан. Би нөгөө залуугаас хөгшөөн гар утсаа өгчих гэсэн чинь нөгөө залуу надад гар утсаа өгсөн. Би гар утсыг нь Хд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 62, 174/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Хохирогчийн өргөдөл /хх-н 9/, Хохирлын баримтууд /хх-н 66-69/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 71-124/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Х, Х.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны гадаа иргэн Б.Мд хүч хэрэглэж довтлон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нийтийн тээврээр зорчих карт, Самсунг Галакси Эс-6 гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн,

Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Мы: “...04 цагийн орчимд 2 танихгүй эрэгтэй ирээд “утсаараа 1 яриулчих, утсаа гаргаад ирээч гэхээр нь би утас байхгүй” гэж хэлтэл “адилхан Монголчууд байж юунд ингэдэг юм бэ” гээд их л дээрэнгүй харьцаад үгийн зөрүүгүй нэг нь миний хамар руу гараараа цохьсон. Ингэж цохиулаад хамраас цус гарахаар нь цааш жаахан зугтааж зайлаад доош тонгойход хоёулаа ирээд 2 талаас миний утсыг авах гэж оролдсон. Утсаа алдахгүй байх санаатай гар утсаа гартаа бариад эвхэрээд тонгойж байхад толгой руу цохиж, өшиглөөд байхаар нь “за за болъё” гээд хальт дээш толгойгоо өндийлгөтөл элэг рүү нэг нь өшиглөсөн. Энэ өшиглөлтөөс болж бие их хачин болоод биеэ хамгаалж чадахгүй болоход нэг нь гарнаас утас авсан, нөгөө нь халаас уудлаад утасны гэрийг аваад цааш яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, шинжээчийн 1856  тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Б, М.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б, М.Х нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.Б, М.Х нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Бд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч М.Хд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж нийт 03 жил 1 сар 10 хоног хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж нийт 02 жил 1 сар 03 хоног хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Х.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудын доод хэмжээг, шүүгдэгч М.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, М.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Шүүгдэгч Х.Б нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлсэн ба 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 111 дүгээр шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 67 хоногийн хорих ял эдэлж 9 сар 23 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 23 хоног хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, М.Х нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Бгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 225 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Б, М.Хнарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

              - “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 02 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Хг 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, М.Х нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял буюу 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар,

- Шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял буюу 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус оногдуулсан 02 жил 01 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 10 сар 23 хоногийн хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 02 жил, 10 сар, 23 хоногийн хорих ял, М.Хд оногдуулсан 01 жил 01 сар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Х.Бгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 225 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, М.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР