Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01290

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 30 210/МА2023/0**0

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01840 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: *.**

Нэхэмжлэлийн шаардлага: 51,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* нь *.** той 2022 оны 07 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, *.** д 34,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон. Гэрээ байгуулсан өдөр *.** д 34,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

1.2 Гэрээний хугацаа дууссан боловч *.** нь зээлийг төлөөгүй. Иймд *.** гоос үндсэн зээл 34,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэлх 100 хоногийн алданги 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *.** гоос 51,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *.* ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.** гоос 412,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* ид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хэргийн харьяаллыг зөрчсөн. Хэргийн 10 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт, хавтаст хэргийн 24 дахь талд авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 12- ны өдрийн хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хариуцагчийн хаягийг *** 00-р хороо, ******** хотхон, **-р байр ** тоот болохыг тодорхойлсон. Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг зөрчин хэргийн харьяаллыг зөрчсөн.

4.2 Шүүх хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хариуцагч *.** д 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хурлын товыг хуульд заасан аргаар мэдэгдэлгүй түүнийг шүүх хуралд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх эрхийг зөрчин, гагцхүү нэг талын байр суурьд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.** д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,000,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.

3. Хэргийн 6 дугаар талд хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс 34,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлэх, үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх тухай зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгө 34,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн гарын үсэг бүхий баримтууд авагдсан байна. /хх 6-7/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 34,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь зээлийн гэрээний ар талд бичигдсэн зээлийн гэрээний дагуу бэлнээр 34,000,000 төгрөг хүлээж авлаа ************* гэх баримт болон зээлийн гэрээгээр нотлогдож байх тул анхан шатны шүүх уг баримтад дурдсан агуулгыг зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

3.1 Нэхэмжлэгчээс гэрээнд заасан 34,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт дээрх баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

3.2 Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үгүйсгээгүй.

4. Гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч *.** гоос зээлийн гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4491 дугаар захирамжаар хариуцагч *.** г шүүхэд албадан ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн, хариуцагчид 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр хариу тайлбар гаргаагүй.

5.1 Мөн хариуцагчид 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс утсаар болон цахим хаягаар мэдэгдсэн, мөн хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн хаяг болон ХУР системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаанд заасан ***** дүүрэг, ** дугаар хороо, сургуулийн * тоот хаягаар баталгаат шуудангаар тухайн өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. /хх 15,17,26-31/ Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх хурлын товыг хуульд заасан аргаар мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн оршин суух хаягийг ***** дүүрэг, ** дугаар хороо, сургуулийн * тоот гэж тодорхойлсон, мөн хариуцагч нь өөрөө шүүхэд дээрх хаягийг мэдүүлсэн байхаас гадна түүний иргэний үнэмлэхний лавлагаанд уг хаягийг заасан байна. /хх 15,17/ Иймд анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН