| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0235/э |
| Дугаар | 0241 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 0241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: И.Ариунсанаа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Билэгт овогт Х Хд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806081840166 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Хн Хл, 19 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 5, эхнэр, 3 охины хамт С дүүргийн дүгээр хороо оршин суудаг хаягтай, одоо Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Х.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны дүгээр байрны гадна байсан Б.А УБД дугаартай маркийн автомашины толийг хөлөөрөө өшиглөж хугалан баруун урд хаалгыг нь хонхойлгох зэргээр устгаж гэмтээн 460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би амралтын өдрөөр хоёр хүүхдээ сургалтанд хүргэж өгдөг. Тухайн өдөр хүүхдүүдээ хүргэж өгөх гээд машинаа гаргах гэтэл хохирогч гражны хаалга хааж машин тавиад хоёр хоног ирээгүй. Цагдаагийн газар очиж хэлтэл, машин ачдаг хүмүүст хэл гэсэн, тэр хүмүүс нь цагдаад хэл гээд тоогоогүй. Машин дээрээ утасны дугаараа бичиж тавиагүй байсан. Би их бухимдсан. 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байсан. Өдөр хүүхдээ хүргэж өгөөд иртэл машинаа аваагүй байхаар нь бухимдаад хоёр толийг нь өшиглөсөн. Хэд хоногийн дараа цагдаагаас дуудахаар нь очиж болсон асуудлыг яриад, хохирогчийн данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн гэв.
Шүүгдэгч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны 101 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд нь байх 20 дугаартай грашийн хаалгыг хаагаад цагаан өнгийн Т.Приус-30 маркийн автомашиныг байрлуулан тавьсан байсан. Ер нь байнга ийм асуудал гардаг ба өглөө яарч сандарч машинаа гаргах гэхээр грашийн хаалгыг хааж зогссон байдагаас болж байнга хэрүүл маргаан гардаг юм. Гэхдээ би тухайн өдөр ахмадын баяр гээд жаахан халамцуу байсан бөгөөд граж хаагаад тавьсан байсан машинаа холдуулаагүй байсан болохоор утас руу нь залгаад холбогдохгүй байхаар нь уурандаа 2 толийг нь өшиглөсөн. Тэгээд хамгаалагчид хэлээд гэрийн хаягаа өгөөд гэртээ орсон. Би автомашины толийг эвдэж гэмтээсэн нь үнэн гэжээ. /хх-ийн 20/
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Эрээн хот руу яваад 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдөр шилжих шөнө 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны дүгээр байрны гадна хувийн гражуудын урд зогсоол дээр УБД улсын дугаартай Т.Приус-30 маркийн машинаа байрлуулж тавьсан. Гэтэл миний машины зүүн талын толийг хагалсан, нөгөө талын толийг хугалсан, баруун талын урд хаалгыг хонхойлгосон, машин дээр хүний ялгадас болон шээс болгосон байсан.Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хамгаалагчаас хэн ингэсэн талаар асуухад уг хүний гэрийн хаягыг зааж өгсөн гэжээ. /хх-н 12-16/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрны харуулаар ажилладаг юм. Тус өдөр би харуулын үүргээ гүйцэтгэж байхад 14.00 цагийн орчимд харуулын байрны орчимд нэг эрэгтэй хүн ирээд машины толь эвдэлчихсэн байна гэхээр нь очтол 101 дүгээр байрны 16 тоотод оршин суугч Хишигдалай гэх нэртэй залуу цагаан өнгийн Тоёото Приус-30 маркийн автомашины толийг эвдэлчихсэн байж байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд манай гражийн үүдийг хаагаад тавьчихсан байна. Эзэн нь ирвэл над руу явуулчихаарай би мөнгийг нь өгнө гэж хэлээд гэрлүүгээ явчихсан. Тухайн үед гражийн хаалгыг хааж тавьсан машин нь гражаас машин гарах боломжгүй байрлалтай тавьсан байсан. Тухайн гражаас том жип машин гардаг болохоор бүр ч гарах боломжгүй байсан гэжээ. /хх-н 17-18/
Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Хй танилцаад 20 орчим жил болж байна. Энэ хүний хувьд Оросын холбооны улсад боловсрол эзэмшсэн маш өндөр мэдлэг боловсролтой, хувь хүний хувьд даруухан, зөөлөн, ноён нуруутай их сайн хүн байгаа юм. Волейболын спортын мастер зэрэгтэй. Хувиараа цэцэрлэг ажиллуулдаг юм. Их хөдөлмөрч мундаг хүн. Бодь нэртэй багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэжээ. /хх-н 40-41/
Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Х найзлаад олон жил болж байна. Тэрээр Киев улсад биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчаар төгссөн. ХХК-ны багийг дасгалжуулж байсан. Одоо Миний гэр нэртэй хувийн цэцэрлэг ажиллуулдаг юм. Их хөдөлмөрч, зөөлөн ааш зантай их сайн хүн байгаа юм. Би ийм асуудалд орсон гэж сонсоод их гайхсан. Архийг тааруулж хэрэглэдэг гэжээ. / хх-н 42-43/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 23-24/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 38-39/
Д.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29 /,
Х.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 45-46/,
Х.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 31/, прокурорын тогтоол /хх-н 32-33/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-36/ зэрэг болно.
Х.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны дүгээр байрны гадна байсан гараашийн хаалга хааж машинаа тавьлаа гэж уурлан Б.А УБД дугаартай Приус-30 маркийн автомашины 2 толийг хөлөөрөө өшиглөж хугалан баруун урд хаалгыг нь хонхойлгох зэргээр устгаж гэмтээн 460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Дүнжингарав хотхоны дүгээр байрны гадна хувийн гражуудын урд зогсоол дээр УБД улсын дугаартай Т.Приус-30 маркийн машинаа байрлуулж тавьсан. Гэтэл миний машины зүүн талын толийг хагалсан, нөгөө талын толийг хугалсан, баруун талын урд хаалгыг хонхойлгосон, машин дээр хүний ялгадас болон шээс болгосон байсан гэсэн мэдүүлэг / хх-н 12-16/,гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нэг эрэгтэй хүн ирээд машины толь эвдэлчихсэн байна гэхээр нь очтол дүгээр байрны тоотод оршин суугч Х гэх нэртэй залуу цагаан өнгийн Тоёото Приус-30 маркийн автомашины толийг эвдэлчихсэн байж байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд манай гражийн үүдийг хаагаад тавьчихсан байна. Эзэн нь ирвэл над руу явуулчихаарай би мөнгийг нь өгнө гэж хэлээд гэрлүүгээ явчихсан. Тухайн үед гражийн хаалгыг хааж тавьсан машин нь гражаас машин гарах боломжгүй байрлалтай тавьсан байсан. Тухайн гражаас том жип машин гардаг болохоор бүр ч гарах боломжгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, шүүгдэгч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Дүнжингарав хотхоны дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд нь байх 20 дугаартай грашийн хаалгыг хаагаад цагаан өнгийн Т.Приус-30 маркийн автомашиныг байрлуулан тавьсан байсан. Ер нь байнга ийм асуудал гардаг ба өглөө яарч сандарч машинаа гаргах гэхээр грашийн хаалгыг хааж зогссон байдагаас болж байнга хэрүүл маргаан гардаг юм. Гэхдээ би тухайн өдөр ахмадын баяр гээд жаахан халамцуу байсан бөгөөд граж хаагаад тавьсан байсан машинаа холдуулаагүй байсан болохоор утас руу нь залгаад холбогдохгүй байхаар нь уурандаа 2 толийг нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Х.Х нь гараашаас машинаа гаргах гээд гараашийн хаалгыг хаагаад тавьсан машины эзэн лүү залгаад утас нь холбогдохгүй болохоор нь уурлан гарааш хааж тавьсан машины хоёр толийг өшиглөж гэмтээсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтогдож байх ба түүний дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Х.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас хохирогчийн машины хоёр толь эвдэрсэн, баруун урд хаалгыг хонхойлгосон зэргийг засахад гарсан зардал болох 700.000 төгрөгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан, хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Билэгт овогт Х Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х. Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Х нь торгох ялыг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Х нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН