| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2022/05708/И |
| Дугаар | 210/МА2023/01292 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2023/01292
2023 06 30 210/МА2023/01292
*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01439 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК
Хариуцагч: *.*
Үндсэн нэхэмжлэл: зээлийн гэрээний үүрэгт 37,163,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мижидсандан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 *** ББСБ ХХК нь *.* тай 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон графикийн дагуу төлөөгүй. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 17,646,669 төгрөг, үндсэн хүү 16,924,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,592,293 төгрөг, нийт 37,163,339 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.2 Барьцаа хөрөнгө болох хар өнгийн Huyndai starex маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар шаардсан боловч уг машин нь цаашид ашиглах боломжгүй тул энэ шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд *.* аас зээлийн гэрээний үүрэгт 37,163,340 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *.* нь *** ББСБ ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ЗГ202050А дугаартай зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 3.3 хувийн хүүтэй, мөн ЗБ***** дугаартай фидуцийн гэрээг байгуулсан. Фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Huyndai starex маркийн, 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр тохиролцон барьцаалсан.
2.2 Нэхэмжлэлээс зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон байх тул хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *.* аас зээлийн гэрээний үүрэгт 37,163,340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгч *** ББСБ ХХК хариуцагч *.* д холбогдуулан гаргасан Huyndai starex маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,967 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *.* аас улсын тэмдэгтийн хураамжид 343,767 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 *.* ы итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөх 10.00 цагт шүүх хуралд давхацсан талаарх хүсэлтийг нотлох баримтуудын хамтаар шүүхэд хүргүүлсэн боловч хүсэлтийг хангалгүй орхиж шийдвэрлэсэн байна.
4.2 Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь МӨХ гишүүн өмгөөлөгч Б.Батгэрэл өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж шүүхэд гэрээ, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх, өөрийн үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангуулах хүсэлтийг нотлох баримтын хамтаар илгээсэн боловч миний сонгож авсан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхиж, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах эрхээр хангалгүй эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд нотлох баримтыг эх хувиар эсвэл нотариатаар баталгаажуулж ирүүлэх үүрэгтэй. Мөн хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан тул анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч *.* д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 17,646,669 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 16,924,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,592,293 төгрөг, нийт 37,163,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргажээ.
3. *** ББСБ ХХК болон *.* нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ЗГ202050А дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч *** ББСБ ХХК нь 18,000,000 төгрөгийг зээлдэгч *.* д нэг сарын 3,3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон. Зээлийн байгуулагдсан болон гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна /хх10-14/
3.1 Мөн талууд уг өдрөө ЗБ202050А дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, *.* ы өмчлөлийн, KMJWA37KBFU702160 арлын дугаартай, Hyundai starex маркийн, 00-00 *** улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан байна. /хх15-19/
3.2 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.
Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү зэргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
3.3 Хэргийн баримтаар зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3,563,004 төлсөн болох нь тогтоогдсон байна.
4. Хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
4.1 Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 17,646,670 төгрөг, үндсэн хүү 16,924,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,592,294 төгрөг, нийт 37,163,340 төгрөг төлөөгүйг анхан шатны шүүх зөв тогтоосон, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 37,163,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон байх тул зөвтгөн мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болгон өөрчилнө.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах гэх, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг эрүүл мэндийн улмаас гэх, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр тус тус хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх тухай бүр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх 43-45, 47-51, 53-57/
5.1 Улмаар 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг, мөн хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн. /хх59-66/
Анхан шатны шүүх хариуцагч талын дээрх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь дээрх байдлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 3 удаа хойшилсон, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтийн үндэслэл нь уг шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.
5.2 Түүнчлэн, шүүх хуралдаан өмнө нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах гэх үндэслэлээр хойшилсон бөгөөд уг хугацаанд өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломжтой байсан гэж үзнэ.
5.3 Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/08197 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт ...шүүх хариуцагчийн төлөөлөгч..., өмгөөлөгч... нарын ...хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэж, дүгнэсэн байна.
Ийнхүү анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй гэж үзэх нь үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01439 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 453.2 гэснийг 453.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 343,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
М.БАЯСГАЛАН