Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Хохирогч: Ж.Б,

Гэрч: Б.Г, Г.Э,

Шүүгдэгч: Ж.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805010410692 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Э, 1972 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан холбооны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн Ундраа” ерөнхий боловсролын 78 дугаар сургууль дотор цайны газрын түрээсийн гэрээний улмаас маргалдан Ж.Бийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг болсон гэх сургуулийн хажуугаар явж байтал хохирогч гэх энэ хүн сургууль дээр ирчихсэн байсан. Өмнө нь ажлын өдөр ажил хүлээлцэх шүүхийн шийдвэр гарсан боловч энэ хүн ажлын байрандаа байхгүй, өрөөгөө түгжээд зугтаасан тул ажил хүлээлцэж чадаагүй. Тэгээд ажил хүлээлцэх шүүхийн шийдвэрийг энэ хүнд танилцуулах гэж амралтын өдөр иртэл сургуулийн хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь би үүдэнд сууж байсан жижүүрт Б гэх хүнд шүүхийн шийдвэр танилцуулах гэсэн юм гэж хэлээд хаалгыг онгойлгуулан дотогш орсон. Тэгээд нөхөр, хүүхэд, сургуулийн жижүүр бид 4 сургуулийн гал тогооны үүдэнд очоод хаалга тогшиход Б гарч ирэхэд нь шүүхээс гарсан шийдвэрийг үзүүлэн ажил хүлээлцэх шаардлага тавихад “юу яриад байгаа юм, хуурамч гэрээ, бичиг баримт бүрдүүлж ирсэн байна” гэх зэргээр хэлж байхад би тэр бүхнийг нь гар утсаараа бичээд зогсож байсан. Энэ тухай сиди хэрэгт байгаа. Тухайн үеийн байрлалаас харахад түүний өөдөөс бичлэг хийгээд зогсож байгаа хүн, Бийн ар талаас цохих ямар ч боломжгүй. Цаад өрөөнд А, Ө нар байсан. Ө болсон явдлын талаар мэдүүлэг өгөөгүй байсан. Хоёулаа л хараад зогсож байсан. Мөн гэрч Д цохисон эсэхийг хараагүй гэж мэдүүлсэн. Д манай нөхрийн куртикийг урангуут манай нөхөр цагдаа дуудсан болохоос биш, хохирогч цагдаа дуудаагүй. Тэгтэл мөрдөн шалгах ажиллагааг буруу явуулж, шударга бусаар шалгаж байна. Би энэ хүнийг “айхтар” гэдгийг мэдсэн учраас шууд бичлэг хийгээд зогсож байсан. Энэ хүний биед халдах ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Түүний гар өмнө нь хөхөрсөн байдалтай байсан. Энэ нь түүнийг хаалга онгойлгохгүй гээд бариулаас барьсан байхад нь харагдаж байсан. Бичлэгт тодорхой харагдана. Би 4 хүүхэдтэй эх хүн. Хэзээ ч хүнийг ийм айхтар хэрэгт гүжирдэхгүй. Хэрэгт гүтгэж гүжирдүүлж байгаад үнэхээр их гайхаж, гомдож байна. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа нар тухайн үед юу болсон талаар бичиж аваад явсан. Түүнийг нь яагаад шалгаж болохгүй байгаа юм бэ. Энэ хүн манай нөхрийн куртикийг авч явж оёулж ирээд сууж байхдаа “ёо ёо намайг зодчихсон юм биш үү, намайг мэдээгүй байхад зодчихсон байна” гээд байсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар болсон зүйлтэй танилцаад Д гэх хүнийг торгоод явсан. Тиймээс дуудлагаар ирсэн Мятав, болон өөр нэг хоёр цагдаа ирсэн. Хэрэв энэ үед энэ хүн зодуулчихсан байсан бол цагдаа нар тоохгүй орхихгүй байх байсан. Тиймээс тэдгээр цагдаа нарын бичиж тэмдэглэсэн зүйлийг хармаар байна. Биднийг маш муухай байдалд оруулж байна...” гэв.        

Хохирогч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ ирсэн. Засвар хийсэн байсан учраас цэвэрлэгээ хийхээр ирсэн. Намайг үүдэнд цэвэрлэгээ хийж байхад “нөгөө хүмүүс ирчихсэн, хаалга үүдийг чинь эвдэнэ гэж байна лээ” гэхээр нь надад цочирол төрөөд тэд нарыг гэрээ хуурамч юм байгаа юм гэж хэлчихээд цэвэрлэгээ хийгээд байж байтал Ж.Э, Г, Э болон жижүүр Д нар үүдэнд зогсож байсан. Тэгээд би жоохон айснаа жижүүр байгаа юм чинь яавал гэж бодоод би хаалгаа тайлсан. Гадагшаа онгойдог жижиг хаалгаа онгойлгоод та нарыг оруулахгүй. Ярих юм байвал коридорт яръя гэтэл заавал орно гээд байсан. Шүүх бид хоёрын аль, алины талд шийдээгүй. Дахин сонгон шалгаруулалт явуул гэж л шийдвэр гардаг. Энэ талаар бол ярих шаардлагагүй гээд байцаагч энэ талаар мэдүүлэг аваагүй, зөвхөн үүдэнд болсон зүйлийг ярь гэсэн. Тэгээд оруулах гэтэл Г хаалганаас нэг татсанаа миний гар луу цохиод авсан. Энэ үед жижүүр Д болиоч гээд Гтай зууралдаад авсан. Энэ үед хүүхэд нь миний гар мушгиж, ханцуй татаад зууралдаад байсан. Тэгтэл Ж.Э миний ар талаас цохьсон. Хэдийгээр би ар талаа харж чадахгүй боловч энэ хүнийг цохьсон гэдгийг мэдсэн. Энэ үед цагдаа дуудаач гэж орилтол эхлээд А гэдэг хүүхэд гүйж гарч ирсэн. Ө энэ үед гарч ирээгүй байсан. Маш хоромхон хугацаанд болсон. Ө сүүлд гарч ирсэн. Хүнд зодуулж байхад гарч ирсэнгүй гэтэл эгчээ би хог асгаж байсан юм гэсэн. Юу болсныг мэдсэнгүй гэсэн. Ж.Э дотор болсон зүйлийг л бичсэн. Гадаа хаалган дээр намайг цохиж байх үед бичлэг хийх завгүй. Маш дээрэлхүү омгорхог хүн байна лээ. Сүүлд нь эдний нөхөр цагдаа дуудсан. Сүүлд А цагдаа дуудах уу гэхэд эд нар цагдаа дуудчихсан гэсэн. Нэг их удалгүй цагдаа нар ирсэн. Намайг 2015 оноос дарамталж байгаа. Шүүхээс дахин сонгон шалгаруулалт явуул гээд байхад сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд өмчийн харилцааны газартай гэрээ хийсэн. Иймд би шүүхэд гомдол гаргахад шүүхээс албадан сонгон шалгаруулалт явуулах шийдвэр мөн гарсан. Түүнээс биш намайг ажлаа хүлээлгэж өг гэсэн шүүхийн шийдвэр ирээгүй. Ирсэн бол би өөрөө гарах байсан. Би хууль шүүхийг хүндэлдэг, айдаг хүн. Нийт 379.050 төгрөгийг эмчилгээний зардал гарсан. Мөн би эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Гэрч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 78 дугаар сургууль дээр очих болсон шалтгаан нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан сургуулийн цайны газрыг ажиллуулах гэрээтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарсан тул иргэний хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор очсон. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр очихоос өмнө 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр очиж ажил хүлээлцэх гэтэл Б ажилдаа ирээгүй. Тухайн өдөр би 102 дуудлагын утсаар учир байдлаа тайлбарлан, хаалгыг нь онгойлгож ороод үйл ажиллагаагаа явуулж болох уу гэхэд болохгүй, та хууль зөрчинө, та заавал тухайн хүнийг ажил дээрээ байхад нь очих ёстой гэсэн учраас тухайн өдрөө яваад 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Бийг ажил дээрээ ирсэн байна гэхээр нь гэрээ хуурамч биш, тамга тэмдгээр баталгаажсан гэдгийг үзүүлэхээр очсон. Тухайд үед ороход манаач үүдэндээ сууж байсан. Б байна уу гэхэд байна гэсэн. Манаачийг дагуулан гал тогоонд очиж Бт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул та ажлаа хүлээлцэх ёстой гэтэл танай гэрээ хуурамч, чи өмчийн харилцааны газрыг авилгадсан гэсэн асуудал ярьж маргаан үүсгэсэн. Би дотогш ороод албан ёсны бичиг баримтаа үзүүлье гэтэл оруулахгүй гэсэн. Маргааш ажил эхлэх ёстой гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд гал тогоонд юу хийх шаардлагатай байна гэдгийг мэдэх үүднээс хүүхдээ оруулан байдлыг тодруулъя гэтэл Б эдгээр хүмүүсийг зайлуул гэхэд манаач ирээд миний куртикийг урсан. Тиймээс би цагдаа дуудсан. Цагдаад мэдээлэл өгсний дараа дотогш ороод бичиг баримтаа цэгцэлж байтал цагдаа ирсэн...” гэв.

Гэрч Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүхийн шийдвэр танилцуулна, ажил дээрээ байна уу гээд очтол Б ажил дээрээ байсан. Мөн аав хамт очьё гэсэн. Намайг тоног төхөөрөмжийн зураг дарах шаардлагатай байна гэсэн. 12 цагийн үед очтол цайны газар цоожтой байсан. Манаач согтуу байсан бөгөөд юун хүмүүс вэ гэхэд “орж бичиг баримт танилцуулах шаардлагатай байна” гээд манаач хаалгыг тогштол Б хаалгаа онгойлгож өгсөн. Б бид нарыг оруулахгүй гэсэн. Энэ үед манаач аавын куртикийг урсан. Тэгэхэд би хамгийн зүүн талд, аав хаалга голлоод зогсож байсан. Цаад талд нь манаач зогсож байсан. Ээж хамгийн баруун талд зогсож байсан...” гэв.

            Хохирогч Ж.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Харин эхнэр нь ар талаас түлхээд толгой, нуруу, хүзүү хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд намайг гарнаас татаж чангаагаад араас цохиод байсан тул яах ч арга байхгүй гараа тавихад хаалгыг онгойлгоод намайг түлхээд эхнэр хүүхэд нь орж ирсэн. ...Г нь зүүн гарын шуу хэсэгт нэг удаа хаалга бариулаас барьчихсан байхад тавиулах гэж нэг удаа гараараа хүчтэй цохьсон. Өөрөөр дахиж зодоогүй. Хүүхэд бололтой залуу хаалганы бариул тавиулах гэж баруун гарыг мушгиж хувцаснаас татаж чангайгаад байсан. Харин эхнэр болох Энхтүвшин нь араас толгой, хүзүү, нуруу руу цохиж байсан. ...Миний биед учирсан тархины доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Гантулгын эхнэр Энхтүвшин араас цохиж зодоод  байсан учраас учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/,

            Гэрч П.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өглөө цайны газарт цэврэлгээ хийхээр 11 цагийн орчим ахлах тогооч А, Б захирал бид гурав ирээд цайны газартаа цэвэрлэгээ хийж байгаад би хог асгахаар 12 цагийн орчим сургуулийн цайны газраас гараад эргээд ороод иртэл цайны газрын сургууль талаас ордог вакум цагаан хаалган дээр хүмүүс ирсэн Б эгч маргалдаад чанга, чанга дугараад байхаар нь би гайхаад гүйгээд очтол хаалга цаана наанаас таталцаж байгаад хаалгаар 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн цайны газар руу ороод ирсэн. Б эгч “ёо ёо” гээд байсан би яагаад тэгж дуугарсаныг бол мэдэхгүй байна. Хаалганы цаана ямар нэгэн юм болсон байх гэж бодож байна. Тэгээд цайны газарт орж ирсэн хүмүүс Б эгчтэй хэрэлдээд байсан, удахгүй цагдаа ирээд тэр хүмүүсийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

            Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл гэнэт захирал Б орилоод хашгирахаар нь би гайхаад эргээд угаалгын өрөөгөөр ороод сургуулиас гал тогоо руу орж ирдэг хэсэгт ирэхэд дарга Бийн цаанаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирчихсэн хаалгаар гал тогоо руу орох гээд эмэгтэй нь дарга Бийн толгой руу, бие рүү нь цохиод түлхээд дайраад гурвуулаа гал тогоо руу ороод ирсэн. ...Миний харснаар сургуулиас гал тогооны заал руу орох гээд дарга наанаас нь оруулахгүй гээд түлхээд байсан. Харин нөхөр нь бололтой эрэгтэй хүн дарга оруулахгүй гээд барьсан байсан гарыг нь цаанаас нь бариад базаж эргүүлээд захирал орилоод байсан. ...Намайг байхад дарга зодуулсан цохиулсан талаараа ярьсан ба надад толгой өвдөөд байна гэхэд нь харахад толгойны дагз хэсэгт хавдчихсан, мөн зүүн гарын шуу хэсэг улайгаад хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-34/,

            Гэрч Д.Лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд тэр өдрөө гэртээ очиж чадахааргүй байна, охин Одонтунгалагийндаа хонолоо гэж хэлсэн ба маргааш нь гэртээ ирэхээр нь хартал толгой ар дагз хэсэг нь хавдчихсан, зүүн гарын шуу хэсэг хөхөрчихсөн  байсан. Харин гар луу нь Г цохьсон гэж хэлсэн. Ингээд учирсан гэмтлийнхээ улмаас эхнэр Б нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

            Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...яг ямар учиртай хэрүүл маргаан хийгээд байсаныг сайн ойлгоогүй ба Бийг хаалга жоохон онгойлгочихсон байхад Г, Бийг заамдаж байгаад дотогшоо орох гэж дайрахаар нь Г гэж хүнийг боль боль гар, ажлын өдрөөр ажлын цагаар ирж асуудлаа шийд одоо гарцгаа гээд өмсөж байсан куртикний энгэрээс нь таттал 5 орчим см хэмжээтэй урагдчихсан. ...цайны газар дотор маргаан болж байхад цаанаас гал тогооны өрөөнөөс 2 эмэгтэй хараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

            Шинжээчийн 1968 тоот дүгнэлтэд: “...Ж.Бийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 58/,

            Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хохирогч Ж.Бт үүссэн гэмтлээс тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсч, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 169/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Хохирогчийн өргөдөл /хх-н 8/, Камерын бичлэг болон дүрс ярианд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-14/, компьютерт томографийн оношилгоо /хх-н 59/, Хохирлын баримтууд /хх-н 99/, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-н 132-134/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 154-163/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 173-178, 199/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 190-191/ зэрэг болно.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн “хохирогчид гэмтэл учруулаагүй, намайг гүтгэж байна”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх боловч шүүгдэгч нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Мөн гэрч болох шүүгдэгчийн нөхөр, төрсөн хүүхэд болох Б.Г, Г.Э нар нь мөн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг, түүний эрх зүйн байдлыг дордуулсан мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул тэдгээрийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг цагаатгах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Харин худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, хэрэгт хамааралгүй гэрчүүд болох П.Ө, Т.А, Н.Д нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн Ундраа” ерөнхий боловсролын 78 дугаар сургууль дотор цайны газрын түрээсийн маргааны улмаас Ж.Бийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ж.Бийн: “...Харин эхнэр нь ар талаас түлхээд толгой, нуруу, хүзүү хэсэг рүү гараараа цохиод байсан. ...Миний биед учирсан тархины доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Гантулгын эхнэр Энхтүвшин араас цохиж зодоод  байсан учраас учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/, гэрч П.Өын: “...цайны газрын сургууль талаас ордог вакум цагаан хаалган дээр хүмүүс ирсэн Б эгч маргалдаад чанга, чанга дугараад байхаар нь би гайхаад гүйгээд очтол хаалга цаана наанаас таталцаж байгаад хаалгаар 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн цайны газар руу ороод ирсэн. Б эгч “ёо ёо” гээд байсан би яагаад тэгж дуугарсаныг бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч Т.Агийн: “...Миний харснаар сургуулиас гал тогооны заал руу орох гээд дарга наанаас нь оруулахгүй гээд түлхээд байсан. Харин нөхөр нь бололтой эрэгтэй хүн дарга оруулахгүй гээд барьсан байсан гарыг нь цаанаас нь бариад базаж эргүүлээд захирал орилоод байсан. ...Намайг байхад дарга зодуулсан цохиулсан талаараа ярьсан ба надад толгой өвдөөд байна гэхэд нь харахад толгойны дагз хэсэгт хавдчихсан, мөн зүүн гарын шуу хэсэг улайгаад хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-34/, гэрч Д.Лийн: “...толгой ар дагз хэсэг нь хавдчихсан, зүүн гарын шуу хэсэг хөхөрчихсөн  байсан. Харин гар луу нь Г цохисон гэж хэлсэн. Ингээд учирсан гэмтлийнхээ улмаас эхнэр Б нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/, гэрч Н.Дгийн: “...яг ямар учиртай хэрүүл маргаан хийгээд байсанг сайн ойлгоогүй ба Бийг хаалга жоохон онгойлгочихсон байхад Г, Бийг заамдаж байгаад дотогшоо орох гэж дайрахаар нь Г гэж хүнийг боль боль гар, ажлын өдрөөр ажлын цагаар ирж асуудлаа шийд одоо гарцгаа гээд өмсөж байсан куртикний энгэрээс нь таттал 5 орчим см хэрээтэй урагдчихсан. ...цайны газар дотор маргаан болж байхад цаанаас гал тогооны өрөөнөөс 2 эмэгтэй хараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/, шинжээчийн 1968 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Ж.Бтэй сургуулийн цайны газрын түрээсийн маргааны улмаас түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан тогтоогдсон хохирол 387.052 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Бт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид эмчилгээ хийлгэх тул хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч Ж.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Ж.Эгийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны 13 цагийн орчим үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш  1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г  хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хохирогчоос бичлэг бүхий сиди, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба тэдгээрийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, нотлох баримт шинжлэн судлахад судалсан болно. 

Уг бичлэг, гэрэл зургуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй хэдий ч хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Эийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эгээс 387.052 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бт олгосугай.

6. Хохирогч Ж.Б нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР