Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 187

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47 тоотод үйл ажиллагаа явуулах, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг, УБТЗ-ын Замын-Үүд өртөөнд холбогдох

Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 848 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци”-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20216240 тоот гэрээ байгуулан 94014567 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galxy S6 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 848 997 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч УБТЗ-ын Замын-Үүд өртөөний шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Мэндсайхан миний бие нь Мобиком корпорацийн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг гар утас зээлээр  худалдаж авсан манай байгууллагын ажилтан С.Гантулга гар утас зээлээ худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл мөнгийг 2016 оны 07 сарын 01-ний дотор Мобиком корпорацид төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” нь хариуцагч УБТЗ-ын Замын-Үүд өртөөнд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 848 997 төгрөг гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад хариуцагч УБТЗ-ын Замын-Үүд өртөө нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт    848 997 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч УБТЗ-ын Замын-Үүд өртөө нь нэхэмжлэлийн шаардлага болох 848 997 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 848 997 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч УБТЗ-ийн Замын-Үүд өртөө нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 926 төгрөгийн 50 хувь болох 12 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400995 тоот данснаас буюу улсын орлогоос 12 463 төгрөгийг, хариуцагч УБТЗ-ийн Замын-Үүд өртөөнөөс 12 463 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч УБТЗ-ын Замын-Үүд өртөө нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ        Л.БАТЖАРГАЛ