Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ядмаа,  

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Хохирогч: Д.Б,

Шүүгдэгч: Ц.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805060291259 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.М, 1994 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, Коко банана бааранд бармен ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Мнь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Коко банана” баранд иргэн Д.Бтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Мшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болох шөнө нэг найзтайгаа “Коко банана” бааранд хамт ороод сууж байтал зохион байгуулагч гэх эмэгтэй ирэхээр нь Жак даниэлс виски захиалсан. Удалгүй захиалгыг минь авчирахаар нь амсаж үзээд биш байхаар нь нөгөө эмэгтэйг дуудаж Жак даниэлс биш талаар хэлэхэд мэдчихээд яваад өгсөн. Нөгөө эмэгтэй ирэхгүй байхаар нь тек нь дээр очиход баармен залуу, туслах нь бололтой нэг эмэгтэй байсан. Эмэгтэйгээс нь зохион байгуулагч чинь хаана байгаа талаар асуухад явчихлаа гэхээр нь Жак даниэлс виски авсан мөнгөө төлчихье, оронд пиво авъя гэтэл бармен залуу ирэхээр нь болсон асуудлаа хэлэхэд бид маргалдаж, би тэр залууг нэг алагдахад архины хундага над руу шидсэн. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоохдоо миний хацарт 4 оёдол тавиулсан гэж бичсэн байсан. Би хацартаа 10 оёдол тавиулсан. Хохирлоо авсан. Гомдолгүй..” гэв.

Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би найз Бий хамт Улаанбаатар паласын хажууд байрлах “Коко Банана” бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд ороод тухайн баарны тэкен дээрээс 50 грамм 2 ширхэг Жак Даниэлс виски, 1 коланы хамт авсан. Бид хоёрт виски өгсөн хүн нь тухайн баарны зохион байгуулагч гэх эмэгтэй байсан. Вискигээ аваад уух гээд үнэрлээд амтлаад үзтэл Жак Даниэлс виски биш байсан....Гэнэт хажуунаас бармен гэх залуу орж ирээд бид хоёрыг хэл амаар доромжилж мөнгөө төлөхгүйгээр зайл гэсэн. Би тэгэхээр нь тэр барменд хандаж “чи юу яриад байгаа юм бэ, чамтай аятайхан харьцаж байхад муухай харьцлаа” гэж хэлээд бармен бид хоёрын хооронд маргаан болсон. Бармен залуу намайг үл тооход нь би бармен залууг энгэрээс нь бариад өөр лүүгээ татаад хэрүүлийн чанартай үг хэлсэн. Гэхдээ хэлсэн үгээ санахгүй байна. Би татахад миний гарыг тэр залуу түлхсэн. Би гарыг нь зөрүүлээд түлхсэн. Бие биенээсээ салаад зайгаа барьтал надад бармен залуу хандаж нэг үг хэлсэн. Би тэрийг нь сайн санахгүй байна. Тэгэхээр нь би тэр залууг гараараа алгадсан чинь нөгөө бармен залуу архины бакал бариад миний нүүр рүү шидсэн. Миний хацраас цус гарахаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч Б.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ үед миний утас дугараад оролдож байтал манай найз Батцэнгэл бармен залуу хоёр заамдалцсан байхаар нь би босч ирээд 2 тийш нь түлхэж холдуулаад би тэр бармен залууг текнээс нь гаргаж ирье гэж бодоод тойртол бармен залуу манай найз руу вискиний бакалаа шидээд нүүрийг нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Шинжээчийн 14042 тоот дүгнэлт: “...Д.Бийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-н 35/,

Сэжигтнээр Ц.Ммөрдөн байцаалтад өгсөн: “...өөр хүнд үйлчилж байтал тэр 2 залуу намайг дахиж дуудаад 2 пиво аваад ир гэж хэлэхээр нь “та нарт үйлчилж чадахгүй нь наад вискиний мөнгийг би өөрөөсөө гаргачихъя” гэж хэлэхэд саарал цамцтай залуу нь намайг заамдаж аваад “банди минь аятайхан харьцаарай надтай” гэхээр нь би энэ вискиний мөнгийг хувиасаа төлчихнө, та хоёрт үйлчилж чадахгүй гэж хэлсэн чинь заамдаж байснаа заамдсан байсан гараараа цээж рүү нэг удаа цохиод “банди минь гараа ир” гэхээр нь би тэкэн дээрээс архины хундага аваад намайг цохьсон саарал цамцтай залуу руу шидсэн чинь нүүрийг нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-46, 66/, хохирлын баримтууд /хх-н 60/, хохирогчийн хүсэлт /хх-н 61/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 62-65/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Мнь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Коко банана” бааранд барменаар ажиллаж байхдаа тус бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.Бтэй маргалдан нүүр лүү нь архины хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Бийн: “...би тэр залууг гараараа алгадсан чинь нөгөө бармен залуу архины бакал бариад миний нүүр рүү шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч Б.Бий: “...манай найз Батцэнгэл бармен залуу хоёр заамдалцсан байхаар нь би босч ирээд 2 тийш нь түлхэж холдуулаад би тэр бармен залууг текнээс нь гаргаж ирье гэж бодоод тойртол бармен залуу манай найз руу вискиний бакалаа шидээд нүүрийг нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/, шинжээчийн 14042 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Мүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Мнь хохирогч Д.Б рүү архины хундага шидэж түүний нүүрэн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 190.000 төгрөг өгсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Мүйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Ц.Мнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ц.Мгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Мнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хотгойд овогт Цогтбаярын Мөнх-Эрдэнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР