| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0239/э |
| Дугаар | 0245 |
| Огноо | 2019-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 0245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч : М.Эрдэнэзаяа
шүүгдэгчийн өмгөөлөгч : Ж.Болдбаатар
шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Алаг адуу овогт Э Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806056270137 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Э Б,19 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Б нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа төвийн гадна С.С маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01.00 цагийн орчимд манай найз А над руу залгаад Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа караокед үл таних хоёр залуу намайг дээрэлхээд байна чи хүрээд ирэх үү гэхээр нь би Жулиа төвийн гадна очиход манай найз А үл таних залуутай хэрэлдээд зогсож байхаар нь би А өмөөрөөд тэр залуутай хэрэлдэж байгаад нөгөө залууг дагуулаад найз дээр нь очихоор явсан. Тэгээд караоке руу ороод буцаад гарах гэж байтал караокены ажилтан болох нэг залуу танай найзыг зодоод байна гэхээр нь уур хүрчихсэн явж байсан болохоор А зууралдаад зогсож байсан залууг очоод түлхсэн. Намайг нэг эмэгтэй ирээд салгасан би тэр эмэгтэйг нэг удаа түлхсэн. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Би С нэг удаа л түлхэж унагаасан өөр үйлдэл хийгээгүй гэжээ. /хх-ийн 17/
Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 0.5 мл калтенберг пивоноос 4 шилийг уусан. Зодоон болсон шалтгаан гэвэл нэг залуу манай дүүд агсраад байхаар нь би тэр залууд зодолдвол зодолдий гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу намайг мөр рүү түлхэхээр нь би хавсраад автал газар унасан. Гэтэл нэг бүдүүн залуу гарч ирээд намайг цохиж унагаасан. Тэр бүдүүн залуу намайг зодож байгаад намайг боссоны дараа дахин 2-3 удаа цохисон. Намайг зодсон бүдүүн залууг Б гэдэг юм байлаа гэжээ. /хх-н 11-16/
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал ах С дуудаад ах нь жаахан пиво уучихлаа ирээд машин бариад өг гэсэн. Тэгээд би хаана байгааг нь асуугаад Жулиа төв дээр ирсэн. Тэнд ороход ах нар дуу дуулж байсан. Манай ахыг дуулж байхад нэг залуу ирээд микрофоныг нь булааж аваад байсан. Тэгээд маргалдах гэж байснаа болиод хамт дуулаад эхэлсэн. Тэгж байснаа дахиад маргалдаад эхэлсэн. Тэгтэл нөгөө танихгүй залуу нэг хүн рүү яриад хүрээд ир би чамайг жижиг юман дээр дуудахгүй шүү гээд байсан. Шуугиан намжаад байж байтал гаднаас нэг бүдүүн залуу ороод ирсэн. Тэгснээ манай ах руу дайраад эхэлсэн. Би тэр ахыг хориглох гэсэн боловч дийлэхгүй байсан. Уг залуу намайг нэг удаа шанаадаж унагаасан. Манай ахыг бүдүүн шар залуу зодсон. Цагдаа дээр ирсэний дараа уг залууг Б гэдгийг мэдсэн гэжээ. /хх-н 22-23/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25-26/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 8116 дүгнэлт:
1.С.Сн биед баруун нүдний доод зовхи, дээд уруулд цус хуралт, баруун хацар, шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөр, баруун чамархайд зулгаралт, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 27/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-29/
Э.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 33/
Э.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47/ зэрэг болно.
Э.Б нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа төвийн гадна С.С маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нөгөө залуу намайг мөр рүү түлхэхээр нь би хавсраад автал газар унасан. Гэтэл нэг бүдүүн залуу гарч ирээд намайг цохиж унагаасан. Тэр бүдүүн залуу намайг зодож байгаад намайг боссоны дараа дахин 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 8116 дүгнэлтээр С.С биед баруун нүдний доод зовхи, дээд уруулд цус хуралт, баруун хацар, шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөр, баруун чамархайд зулгаралт, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-н 27/,Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай ахыг дуулж байхад нэг залуу ирээд микрофоныг нь булааж аваад байсан. Тэгээд маргалдах гэж байснаа болиод хамт дуулаад эхэлсэн. Тэгж байснаа дахиад маргалдаад эхэлсэн. Тэгтэл нөгөө танихгүй залуу нэг хүн рүү яриад хүрээд ир би чамайг жижиг юман дээр дуудахгүй шүү гээд байсан. Шуугиан намжаад байж байтал гаднаас нэг бүдүүн залуу ороод ирсэн. Тэгснээ манай ах руу дайраад эхэлсэн. Би тэр ахыг хориглох гэсэн боловч дийлэхгүй байсан. Уг залуу намайг нэг удаа шанаадаж унагаасан гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Э.Б нь найзыг нь гадаа хүн зодож байна гэж хэлэхэд уурлан найзтайгаа хамт зогсож байсан залууг түлхэж цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Хохирогч С.С шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч С.С 220.000 төгрөг өгсөн байна.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Алаг адуу овогт Э Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН