Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01528

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01528

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/02493 дугаар шийдвэртэй,

Ц.Б-ын нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох

Гэрээнээс татгалзаж, 13,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Матад сумын нутагт Хирст сүүл гэх газарт гүний худгийн цооног өрөмдүүлэхээр хариуцагчтай тохирсон. Анх тохиролцохдоо гүний худгийн цооног өрөмдүүлэх ажлын хөлсийг 10,000,000 төгрөгөөр тохирсон боловч ажлын явцад янз бүрийн шалтаг тоочин зардлаа нэмсээр нийт 13,000,000 төгрөг авсан.

1.2. Эхний худгийг 8-9 метр гүн рүү ухсан боловч булингартай шавартай ус гарч 2 дахь худгийг ухсан. Эхний газраас трубаг авах багажгүй байсан учир тэнд нь үлдээсэн. Улмаар 2 дахь худгийг 98 метр яваад штанк хугарсан тул мотор тавьсан. Худгийн усыг 1 цаг гаруй хугацаанд гоожуулсан гэх боловч намайг хоол идчихээд 15-20 минутын дараа ирэхэд ус сайн гоожиж байна гээд насос болон багажаа хураасан байсан.

1.3. Миний зүгээс 300 адуу услах цооног гаргуулах шаардлага тавьсан боловч сүүлийн худаг цагт 200 литр ус гараад усгүй болсон. 2021 оны 04 дүгээр сард насос тавихад 15 минут ус гараад дахин гарахгүй болсон. Тиймээс би Н.Шаравжамц руу яриад худгаас ус гарахгүй байгаа тул 2 ширхэг штанк тавиад өгвөл ус гарах гээд байна, энэ талаар Д.Б-тай яриад өгөөч гэхэд за гэсэн. Тэгээд Н.Шаравдорж над руу яриад Д.Б-тай ярихад болно гэж байна гэсэн боловч тэрээр өдий болтол өрөмдөж өгөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа тул хариуцагчаас 13,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-тай цооногийн өрөмдлөгө хийлгэхээр тохирч улмаар нэхэмжлэгчийн заасан газарт ************* ХХК-ийн ажилтнууд 110 метрийн өрөмдлөгө хийхэд ус гараагүй боловч нэхэмжлэгч нь өрөмдлөгө хийсэн трубаг авахуулаагүй. Харин өөр нэг газар өрөмдлөгө хийлгэхээр заасан газарт дахин цооногийн өрөмдлөгө хийхэд ус гарсан тул нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.

2.2. Шүүхээс үзлэг хийгдсэн бичлэгт ус гоожиж байгаа хугацаа 20 минут байгаа. Уг бичлэгийг 2022 оны 6 сард хийгдсэн буюу цооногийн өрөмдлөгө хийснээс хойш 2 жилийн дараа хийсэн. Усны ундарга ихсэж, багасаж буй энэ байгалийн нөхцөл байдлыг бид мэдэх боломжгүй. Нэхэмжлэгч нь гэрээнээс ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй, мөнгөө буцааж авъя гэж байгаа нь үндэслэлгүй.

2.3. ХариуцагчД.Б гүний өрөмдлөгийн ажил хийх тусгай зөвшөөрөлгүй. Харин нэхэмжлэгч нь ************* ХХК-ийн захирал Д.Б-тай цооногийн өрөмдлөгө хийлгэхээр тохирсон тул хариуцагч Д.Б-т хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар амаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Б-аас 13,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжпэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох мөнгө шилжүүлсэн баримт, талуудын гаргасан тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.1. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Хирст сүүл гэдэг газарт гүний худаг гаргуулахаар ажлын хөлсөнд 13,000,000 төгрөг төлөхөөр бид харилцан тохиролцсон боловч худгаас хангалттай ус гарахгүй, чанарын шаардлага хангахгүй, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн учраас аман байдлаар тохирсон гэрээнээс татгалзаж байгааг шүүх хүлээж аваагүй. Тухайн үед худгаас бага зэргийн ус гарч байсан бөгөөд худаг гаргаснаас хойш хариуцагч талтай байнга холбогдож чанарын доголдолгүй болгож өгөхийг удаа дараа шаардсан. Ямар хэмжээний ажил гүйцэтгэж өгсөн нотлох зорилгоор бичлэг хийн шүүхийн журмаар үзлэг хүртэл хийлгэсэн бөгөөд бичлэг дээр тухайн худагнаас ус 5 минут орчим гараад тасарч байгаа нь тодорхой байдаг. Уг гаргаж өгсөн худгаас цагт хэдэн куб ус гарах, худгаас гарах усны ундарганы хэмжээний талаар хэрхэн тодорхойлж ус гарах боломжгүй газар өрөмдлийн ажил хийж гүйцэтгэсэн зэрэг ажлын үр дүнгүй, энэ талаар мэргэшсэн мэргэжилтэй хүн усны сувгийг зөв тодохойлж, өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан.

4.2. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд процессын зөрчлийг арилгах ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргахад хангаагүй бөгөөд харин шүүх өөрөө тусгай мэдлэгтэй мэтээр хийсвэр дүгнэсэн. Энэхүү гэрээний гол зорилго нь худаг гаргуулах л хүсэл сонирхол байсан бөгөөд худаг гаргахтай холбогдуулан мэргэжлийн үйл ажиллагааг хариуцагчаас хүссэн. Энэхүү өрөмдөж өгсөн худаг нь усан хангамжийн эх үүсвэр болж чадаагүй нь үзлэгээр хангалттай нотлогддог. Хэдийгээр бид аман байдлаар тохиролцож ажил гүйцэтгүүлсэн боловч чанарын шаардлагад нийцээгүй худаг гаргаж нэхэмжлэгчийг хохироож байгаад гомдолтой байна. Хариуцагч талтай удаа дараа холбогдож худгийг засварлаж өгөхийг шаардаж байсан боловч нэг ч удаа дахин ирж өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлаж чанарын шаардлага хангаж өгөөгүй. Иймд ажлын үр дүнд хүрсэн худаг ухаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдолд 2020 оны 09 дүгээр сараас эхэлж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагчид хандаж мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч тухайн хугацаанд ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан бөгөөд бичгээр ажлын чанар, тоо хэмжээний талаар заагаагүй. Мөн 2022 оны 06 дугаар сард хийсэн бичлэгт 20 минутын турш ус гоожсон байдаг. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүнг хүлээлгэж өгснөөс хойш 2 жилийн дараа зориулалтын дагуу ашиглаж боломжтой байна.

5.2. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажлын үр дүнгийн талаар заагаагүй тохиолдолд тухайн ажлыг доголдолгүй гэж үзнэ. Уг хэрэг маргааныг давж заалдах шатны шүүхээс өмнө нэг удаа буцаасан. Анхан шатны шүүхэд уг маргааны асуудлыг мэргэжлийн байгууллагад хандаж, чанарын талаар дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Б-т холбогдуулан гэрээнээс татгалзаж, 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.Б-ыг тодорхойлсон, Д.Б нь ************* ХХК-ийн захирал бөгөөд тус компани нь цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, өрөмдлөг хийх үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 210/МА2022/01685 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа нэхэмжлэгч нь худаг өрөмдөх гэрээг иргэн Д.Бтай эсхүл ************* ХХК-тай байгуулсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. /хх 78-83/

 

3.а. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагчийг Д.Б гэж тодруулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан татгалзлалын үндэслэлээ хариуцагч Д.Б нь өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөөрөлгүй, нэхэмжлэгч Ц.Б нь ************* ХХК-тай амаар гэрээ байгуулсан болохоос Д.Б-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй, харин Д.Б нь компанийг төлөөлж оролцсон гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

3.б. Хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн Хаан банк дахь 5003386675 тоот данснаас ажлын хөлсөнд нийт 7,100,000 төгрөгийг Хаан банкны 5058294677 тоот данс руу шилжүүлсэн байх тул уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан данс эзэмшигчийг тодруулах нь хариуцагчийг тодорхойлоход ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй, жинхэнэ хариуцагч биш гэж маргасан тохиолдолд дээрх нөхцөл байдлыг тодруулснаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой болно.

 

3.в. Уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ