Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1335

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/04288 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин, олговор, алдангид 22 106 406 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ХХХХ нь “ХХХХ” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хүнд машин механизмын засварын хэлтэст хэлтсийн даргын албан тушаалд 1 сарын үндсэн цалин 4 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажилласан. Гэтэл “ХХХХ” ХХК ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийсэн боловч 2015 оны 6 дугаар сараас хойш цалин, хөлс өгөхгүй байсан тул би 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй учраас цалин, хөлстэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цалин хөлс, олговор нөхөн гаргуулах тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалин, ээлжийн амралтын олговрыг надад олгох ёстой болохыг тогтоосон. Иймд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 10 812 311 төгрөг, ээлжийн амралтын олговор 4 591 960 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасны дагуу цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алданги 0.3 хувиар тооцон 6 702 135 төгрөг, нийт 22 106 406 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч ХХХХ өөрийн ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, тэдгээрийн алданги нэхэмжилсэн. Хариуцагчийн “сөрөг нэхэмжлэл” гэж тодорхойлсон баримт бичиг нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээ түүний үндэслэл бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд багтаж байна. Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй. Хариуцагчийн нэхэмжилж буй 8 000 000 төгрөгийг ХХХХ төлөх үндэслэлгүй, цалинг чинь бэлнээр өгнө гэж хуурч тодорхойлолт бичүүлж авсан байдаг. Экскаватор ашиглалтын явцад эвдэрснийг тогтоосон дүгнэлт байгаа. Харин ХХХХ-ыг буруутай гэдгийг тогтоосон акт байхгүй гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн хөлсийг олгоогүй нь нотлогдсон бол” гэж заасан. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш алдангийг тооцох үндэслэлтэй. Ээлжийн амралтын олговороос алданги тооцох үндэслэлгүй. Алдангийг нотолсон өдрөөр нь тооцох ёстой. ХХХХ нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8 000 000 төгрөгийг суутгахыг өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байгаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг тулгасан, хуурч мэхлэсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн цалингаас алданги тооцож өгнө үү. ХХХХ нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүнд машин механизмын засварын хэлтсийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахын тулд батлагдсан төлөвлөгөөний дагуу засварын ажлыг цаг тухайд нь оновчтой зохион байгуулах, хэлтсийн хэмжээнд ашиглагдаж буй нийт машин механизмуудын бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах зэрэг хэлтсийн үйл ажиллагааг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах, зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр уурхайн шөнийн ээлжинд ажиллаж байсан “Hitachi-1200”, №19 паркийн дугаартай экскаваторын хөдөлгүүр хүч алдан унтарч ажиллахгүй болсон. Уг эксковаторын эвдрэлийн гол шалтгаан нь ашиглалтын явцад нударган голны втукла элэгдсэн байсан ба 3 болон 4 дүгээр цлиндрийн нэг хэсгийн тосолгооны даралт алдагдсаны улмаас халалт үүсч, нударган голны втукла зуурсан байсан болно. Үүнээс гадна хөдөлгүүрийн тахир голын вкладаш эргэсэн, тахир голд хортон суусан, тосны сувгууд бөглөрсөн зэрэг гэмтлүүд гарсан байдаг. ХХХХ нь уурхайн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, ажлын байрны тодорхойлолтод заасан нөхцөлүүдийг мөрдөх үүргээ биелүүлээгүйгээс гадна 003, 902 тоот хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн гэрээний 17 дугаар зүйлийн 17.13, 17.14, 17.22-т тус тус заасан ноцтой зөрчил гаргасан болно. Уг техникийн эвдрэлийн улмаас “ХХХХ” ХХК-д 140 659 593 төгрөгийн хохирол учирсан ба иргэн ХХХ-ын 2015 оны 06 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн хэмжээ нийт 16 404 000 төгрөг байдаг. Үүнтэй холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХХХХ нь “ХХХХ” ХХК-д “нийт 16 404 000 төгрөгөөс бэлнээр 8 000 000 төгрөг авснаар цаашид цалинтай холбоотой маргаангүй болохыг харилцан тохиролцов, “Hitachi-E-19” болон “Hitachi 870” экскаваторын хөдөлгүүрт гарсан эвдрэлд хохирсон төлбөрийг өөрийн цалингаас төлж барагдуулсан” гэсэн өргөдөл гаргасан тул түүний цалингаас зохих суутгалыг хийсэн болно. Иймд ХХХХас 8 000 000 төгрөгийг гаргуулж, цалингаас хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1, 141 дүгээр зүйлийн 141.3, 132 дугаар зүйлийн 132.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас ХХХ-ын ажилласан хугацааны цалин, олговор, алдангид 20 810 426 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 295 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ХХХХас 8 000 000 төгрөг гаргуулж “ХХХХ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 8 000 000 төгрөг, хариуцагчаас 20 810 426 төгрөг төлөх үүргүүдийг харилцан тооцож, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 12 810 426 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 268 482 төгрөг, хариуцагчаас төлсөн 133 420 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 86 497 төгрөг гаргуулж үүнээс 76 967 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХд, үлдэх 9 530 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ХХХХ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хууль зүйн дүгнэлт”-ээр ХХХХ-ыг буруутай болохыг тогтоогоогүй, харин “Хөдөлгүүрт гарсан гэмтэл нь тухайн техникийг хариуцан ажиллуулаж байсан оператор, ээлжийн мастер болон техникийн засвар үйлчилгээг хариуцах үүрэг бүхий бусад албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд ашиглалтын хүнд нөхцөлд ажиллах нормативт хугацааны болзлыг хангаснаас аяндаа үүссэн зайлшгүй эвдрэл байжээ” гэж тогтоосон. Тус дүгнэлтэд үндэслэн ХХХ-ын цалинг олгохыг татгалзсан байсан шийдвэрээ цуцалж цалинг ердийн журмаар олгохоор тогтсон. Үүгээр тус экскаваторын гэмтлийн асуудал нэг мөр болсон. Ажлаас гарах үед ч энэ асуудал яригдаагүй тойрох хуудас зурж хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Үүний дараа “ХХХХ” ХХК-ийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр хэвээр гэм буруутай үйлдэл гаргасан эсэхийг нотлоогүй байхад эд хөрөнгийн хохиролыг ХХХХас нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэжээ. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ХХХХ дээрх экскаваторын эвдрэлд гэм буруутай эсэхийг холбогдох баримтыг үндэслэж тогтоогоогүй нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагчаас дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүх ХХХ-ын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хохирол барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн бичгийг үндэслэж түүнийг дээрх гэм хорын хохиролд буруутай гэж шууд дүгнэлт хийсэн. ХХХ олгогдоогүй цалингаа шүүхийн өмнөх шатанд нэхэмжлэх үед “ХХХХ” ХХК нэхэмжлэгчийн амжиргааны гол эх үүсвэр болсон хөдөлмөрийн хөлсөө 6 сарын хугацаанд аваагүй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг нь далимдуулж дээрх бичгийг бичүүлсэн. Тус бичиг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бус өөрийн өмнө үүрэг хүлээгчтэй шүүхийн өмнөх шатанд эвлэрэн хэлэлцсэн тохиролцоо байсан боловч амласан ёсоор 8 000 000 төгрөгийг олгоогүй. Иймд тус бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж ХХХХ-ыг гэм хорын хохиролд буруутгах боломжгүй. Хожим ХХХХ нь “ХХХХ” ХХК тохиролцооны үүргээ биелүүлээгүй тул дээрх тодорхойлолтын агуулгаас татгалзаж нийт олгох ёстой цалинг нэхэмжилж шүүхэд хандсан. Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчээс 8 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хоорондын маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, олговор, алдангид нийт 22 106 406 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ээлжийн амралтын олговроос алданги тооцох үндэслэлгүй, харин 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш үндсэн цалингаас алданги тооцох үндэслэлтэй гэж марган нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас байгууллагад учруулсан хохиролд 8 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь “ХХХХ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хх.12-14/ дагуу “Хүнд машин механизмын хэлтсийн дарга”-ын албан тушаалд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.5/

 

Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлстэй холбоотой гомдлоо эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй боловч Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт гарсан байгаагаас үзвэл хариуцагч компани болон нэхэмжлэгчийн хооронд цалин хөлстэй холбоотой маргаантай байсан, шүүхэд хандах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийг ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг олгоогүй гэж маргаж байх бөгөөд цалин хөлс олгоогүй үйл баримт нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт /хх.6-9/, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй. Ажилтны цалинг түүний нийгмийн даатгалын дэвтэрт төлөгдсөн мэтээр бодит цалин хөлсний хэмжээгээр бичигдээгүй талаар талуудын хэн аль нь тайлбарласан /хх.1, 58/ тул цалин хөлсийг уг баримтад үндэслэн тодорхойлох боломжгүй. Харин хариуцагч компаниас гаргасан нэхэмжлэгч ХХХХтай холбоотой “Өр, авлагын дэлгэрэнгүй тайлан” гэх баримтад зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 06, 09 дүгээр сарын хагас, 07, 08 дугаар сарын бүтэн цалин болох нийт 16 404 271 төгрөг авахаас 1 000 000 төгрөгийг авч /хх.60/ үлдэгдэл 15 404 271 төгрөгийн цалинг хүлээн аваагүй болох нь зохигчдын тайлбараар давхар нотлогдсон болно. /хх.62/

 

Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа үндсэн цалин 10 812 311 төгрөг шаардсан /хх.1, 45/ байх тул уг хэмжээгээр тооцон олгогдоогүй цалин хөлсний хэмжээг тодорхойлж, хариуцагч компаниас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх журамд нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь тогтоосон хугацаанд ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд ажилтан нь хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги шаардах эрхтэй. Талуудын хооронд ажилтны цалингаас суутгал хийх талаар маргаантай байсан бөгөөд хариуцагч компанитай нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цалингийн талаар эцсийн тооцоо хийсэн баримт хэрэгт авагдсан /хх.61/ байх тул уг өдрийг хүртэлх хугацаанд цалин олгоогүйд хариуцагч компанийг дангаар буруутгах үндэслэлгүй учир мөн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 41 хоногийн алданги 1 329 914 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралтыг биечлэн эдлүүлэх үүрэгтэй бөгөөд ээлжийн амралтыг биечлэн эдлүүлэх боломжгүй тохиолдолд хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр мөнгөн урамшуулал олгоно. Гэвч ээлжийн амралт эдлүүлээгүй тохиолдолд олгох урамшуулалтай холбоотой, хамтын гэрээ, талуудын хооронд тохиролцоо хийгдэж ажил олгогч шийдвэр гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нь ээлжийн амралтын урамшуулал шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн ажилтанд ээлжийн амралт олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ээлжийн амралттай байх үед олгох олговрыг төлөх үүрэг ажил олгогч буюу хариуцагч “ХХХХ” ХХК-д үүсэхгүй. Улсын байцаагчийн акт нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт биш учраас Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актад ээлжийн амралт олговор олгох талаар заасан нь ээлжийн амралтын олговор шаардах эрхийн хууль зүйн үндэслэл болохгүй.

 

Хариуцагч компанийн сөрөг нэхэмжлэлийн хувьд байгууллагад учруулсан хохирлыг ажилтантай тохиролцсон тул цалингаас суутган авах эрхтэй гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан ажилтны цалингаас хохирол суутгахдаа  1 сарын цалингийн 20 хувиас хэтэрч болохгүй тухай зохицуулалт, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар ажилтны 1 сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх бол шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх журамд нийцэхгүй. Түүнчлэн мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлснөөс суутгал хийх талаар ямар нэг шийдвэр гарсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч “ХХХХ” ХХК нь ажилтантай тохиролцсон гэх үндэслэлээр цалингийн суутгал төлүүлэх, харилцан тооцуулахаар шаардах эрхгүй юм.

 

Иймд ажилтны цалин хөлснөөс байгууллагад учирсан хохиролд 8 000 000 төгрөг суутгахаар талуудын харилцан тохиролцсон нь хууль бус тул уг хэмжээгээр хохирлыг төлүүлэх талаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/04288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас ХХХ-ын ажилласан хугацааны цалин хөлс, алдангид 12 044 920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 9 964 181 төгрөгийн хэсгийг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “ХХХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, уг заалтад “... хариуцагч “ХХХХ” ХХК-иас 86 497 төгрөг гаргуулж үүнээс 76 967 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХд, үлдэх 9 530 төгрөгийг улсын орлогод оруулсугай.” гэснийг “хариуцагч “ХХХХ” ХХК-иас 207 669 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ХХХХас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                 ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ