Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01529

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01529

 

 

***************** ББСБ ХХК, ******ХХК-иудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01481 дугаар шийдвэртэй,

***************** ББСБ ХХК, ******ХХК-иудын нэхэмжлэлтэй,

**** ХХК, ********** ХХК-иудад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,358,733,333 төгрөгөөс **** ХХКас 760,890,667 төгрөгийг гаргуулж ************** ББСБ ХХК-д, 597,842,667 төгрөгийг гаргуулж ******ХХК-д тус тус олгуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****************ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Сарангэрэл, нэхэмжлэгч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *****************ББСБ ХХК болон ******ХХК нь хамтран **** ХХК-д 500,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ- 00087 тоот зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу *****************ББСБ ХХК-аас 280,000,000 төгрөгийг, ******ХХК-аас 220,000,000 төгрөгийг тус тус олгосон.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *****************ББСБ ХХК болон ******ХХК нь ********** ХХК-ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороонд оршин байх 1,300 м.кв газар эзэмших эрхийг барьцаалж, БГ-00087 тоот барьцааны гэрээг ******** ХХК-тай байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр дууссан боловч **** ХХК нь зээлийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд зээлдүүлэгч нь **** ХХК-д олон удаа зээлээ төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлж, утсаар холбогдож, уулзаж ярилцаж байсан.

Энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийн байдлаар **** ХХК нь зээлийн гэрээний төлбөрт *****************ББСБ ХХК-д үндсэн зээл 280,000,000 төгрөг, үндсэн хүү 208,740,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,918,667 төгрөг, нийт 528,658,667 төгрөг, ******ХХК-д үндсэн зээл 220,000,000 төгрөг, үндсэн хүү 164,010,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,364,667 төгрөг, нийт 415,374,667 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

1.4. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** ХХК-аас *****************ББСБ ХХК-ийн олгосон зээлийн хүү 213,350,667 төгрөг нэмэгдүүлсэн хүү 18,881,333 төгрөг, ******ХХК-ийн олгосон зээлийн хүү 167,632,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,835,333 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.5. Иймд **** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,358,733,333 төгрөг гаргуулах бөгөөд үүнээс 760,890,667 төгрөгийг *****************ББСБ ХХК-д, 597,842,667 төгрөгийг ******ХХК-д тус тус олгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ********** ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороонд байрлах, 1,300 м.кв газраар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч **** ХХК, ********** ХХК-иудын тайлбар, татгалзлын агуулга:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тусгай хуулиар зохицуулна гэж заасан. Дээрх хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгээ нэхэмжлэгч нар нотлох ёстой. Харин *****************ББСБ ХХК 280,000,000 төгрөгөөс илүү зээл гаргаж чадахгүй талаар тайлбарласан. Зээлдүүлэгч болох *****************ББСБ ХХК болон ******ХХК-иуд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-00087 тоот зээлийн гэрээний 2.1.2-т 500,000,000 төгрөг гэж зээлийн хэмжээгээ тодорхойлсон атлаа Б.Гантөмөрийн 5111103302 тоот дансанд ************ ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 036,333,333.33 төгрөг, нийт 236,333,333.33 төгрөг, ******ХХК-аас 11 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 43,986,166.67 төгрөг, нийт 173,986.166.67 төгрөг буюу нийт 410,319,500 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчид өөрсдөө гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ. Учир нь зээлийн 3 сарын хүүг урьдчилан авсан нь үндэслэлгүй байна. Харин өмнө авсан зээлийн үлдэгдэл болох 36,013,833 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон талаар маргахгүй байна. Иймд хариуцагчаас 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч нарын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-00087 тоот зээлийн гэрээний үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх... эрх зүйн харилцаанд хамаарахаар байна.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг тусгай хууль болох Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицууулах бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх хэсэгт банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэж энэ хуулийн 6.1 дэх хэсэгт заасан этгээдийг хэлэх, 6 дугаар зүйлийн 6.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болохыг, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг, 7 дугаар зүйлийн 7.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд зээлийн үйл ажиллагаа орохыг тус тус тодорхойлсон. Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т заасан бас нэг өөр тусгай хууль болох Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаа гэж ойлгогдож байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 22.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зохицуулсан.

3.2. ******ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлсэн эсэх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодож зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь тус компани хууль зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээ байгуулж, түүнийг үндэслэн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Түүнчлэн, *****************ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй ******ХХК-ийг өөрийн баталсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-00087 тоот зээлийн гэрээнд хамтран зээлдүүлэгчээр оролцуулж 500,000,000 төгрөгийн 220,000,000 төгрөгийг ******ХХК-аас шилжүүлсэн бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчид *****************ББСБ ХХК болон ******ХХК-ийн зээлийн төлбөрийг нийлүүлэн *****************ББСБ ХХК-д сар бүр шилжүүлнэ гэсэн үүргийг хүлээлгэсэн. Улмаар дээрх дүнгээс тооцож зээлийг хугацаанд нь төлөхгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлага хүлээлгэхээр гэрээндээ зааж, энэ заалтуудаа барьж нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа үйлдэл Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт заасан банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно гэснийг зөрчсөн.

3.3. Банк, эрх бүхийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Банкны тухай хуулийн 3 дугаар зуйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан этгээдэд олгох зээл баталгааны дээд хэмжээ нь банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчиж өөрийн ажилтан, банкыг төлөөлж зээл олгосон ажилтан А.Хатанбаатарын нийт хувьцааны 40 хувийг эзэмшдэг гэх ******** ХХК-ийн эзэмшлийн газрыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 1,000,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш хэмжээний буюу 280,000,000 төгрөгийн ******ХХК-ийн зээлийг оруулахгүйгээр зээлийн барьцаанд авсан нь ч хууль зөрчсөн ажиллагаа болно. Дээр дурдсан үндэслэлүүд хуулийн заалтууд нь хамтран нэхэмжлэгч *****************ББСБ ХХК болон ******ХХК-иудын нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-00087 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл болон мөн хуулийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарч байна. Харин энэ гэрээний үндсэн дээр хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарч байгаа тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн үг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг. Үүний дагуу 2018 онд **** ХХК нь манай компанид хүсэлт тавьсны дагуу *****************ББСБ ХХК болон ******ХХК нар хамтран **** ХХК-д 500,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3Г-00087 тоот зээл болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг *****************ББСБ ХХК, ******ХХК-иудыг төлөөлөх эрх бүхий этгээд болон хариуцагч **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нар хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлж, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан. Талуудын гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. Дээрх зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй, манай компанийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** ХХК-иас 760,890,667 төгрөгийг гаргуулж, *****************ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** ХХК-иас 384,010,000 төгрөгийг гаргуулж, ******ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 213,832,666 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч **** ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд ********** ХХК-ийн өмчлөлийн 000321459 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1,300 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1,144,900,667 төгрөг гаргуулж, *****************ББСБ ХХК, ******ХХК нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан *****************ББСБ ХХК, ******ХХК-д холбогдох зээл болон барьцааны гэрээ хүчин сөрөг бус хэлцэлд тооцуулах тухай **** ХХК, ********** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****************ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,904,160 төгрөг, нэхэмжлэгч ******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,147,514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК-аас 3,749,359 төгрөгийг гаргуулж *****************ХХК-д, 3,147,514 төгрөгийг гаргуулж, ******ХХК-д тус тус олгож, илүү төлсөн 2,728,713 төгрөгийг улсын орлогоос гаргуулан *****************ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид **** ХХК-аас 1,557,950 төгрөг, ********** ХХК-иас 1,257,301 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг гэрээний үндэслэл болоод байгаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.9, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдийг үл хэрэглэсэн нь хариуцагч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд энэ гэрээний үндсэн дээр хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамааруулж дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга:

Хариуцагч **** ХХК, ******** ХХК нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүх Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг хэрэглээгүй гэж үзэж маргасан байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт банк бус санхүүгийн байгууллагаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг тул *****************ББСБ ХХК нь **** ХХК-ийн хүссэн 500,000,000 төгрөгийн зээлийг дангаараа олгох боломжгүй байсан. Зээлийн гэрээ байгуулагдах үед *****************ББСБ ХХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ 1,027,643,992.95 төгрөг байсан талаар Өлзийт экаунт аудит ХХК-ийн аудитын тайлан хэргийн материалын 228 дугаар талд байдаг. Ингээд *****************ББСБ ХХК-аас 280,000,000 төгрөг, ******ХХК-аас 220,000,000 төгрөгийг, нийт 500,000,000 төгрөгийг зээлүүлэхээр 2018 оны 11 сарын 12-ны өдөр зээлийн гэрээг **** ХХК-тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг ********** ХХК-тай тус тус байгуулсан.

Хариуцагч **** ХХК-ийн зүгээс шүүх хуралдааны явцад тус зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд олгосон зээлийн асуудлаар маргаан байдаггүй. Нэхэмжлэгч нарын зүгээс зээлийн гэрээний асуудлаар 2020 оны 12 сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 03 сарын 18-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулан 2021 оны 05 сарын 16-ны өдөрт багтаан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхээр харилцан тохиролцдог. Гэвч хариуцагч **** ХХК нь талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Гэтэл анхан шатны шүүх талуудын эвлэрлийг баталсан захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхнээсээ эхэлж, нэхэмжлэгч нарын зүгээс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр маш ихээр хохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин эхэлж хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш өдгөө 5 жил өнгөрсөн байхад ямар ч төлбөр төлөх сонирхолгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулан цаг хожиж, анх олгосон зээлийн эх үүсвэрийг ашигласаар, өнөөдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй хэмээн маргаж, гомдол гаргаж байгаа нь үнэхээрийн шударга бус үйлдэл юм.

Хариуцагч нар ******ХХК нь ББСБ-ын эрхгүй этгээд учир зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус учир зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна. Тухайн үед ******ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй гэдгийг **** ХХК болон ********** ХХК аль аль нь мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээнд хоёр компаниас тус тусад нь зээл олгож байгааг тодорхой бичиж заасан, нууж хаасан, хүчээр татан оролцуулсан зүйл байгаагүй. Дээр дурдсанчлан зээл олгох үеийн байдлаар *****************ББСБ ХХК нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг удирдлага болгон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрээгүй зээлийг олгох үүднээс тус зээлийг олгохдоо ******ХХК-тай хамтран зээл олгосон бөгөөд ******ХХК-аас олгосон уг зээл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарах юм. Энэ талаар анхан шатны шүүх **** ХХК-д *****************ББСБ ХХК-аас олгосон зээлийн тухайд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, ******ХХК-аас олгосон зээлийн тухайд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна. Иймд хариуцагч **** ХХК, ********** ХХК нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Мэргэнфинанс ББСБ ХХК, ******ХХК-иуд нь хариуцагч **** ХХК, ********** ХХК-иудад холбогдуулан **** ХХКас 760,890,667 төгрөгийг гаргуулж ************** ББСБ ХХК-д, 597,842,667 төгрөгийг гаргуулж ******ХХК-д тус тус олгуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. *****************ББСБ ХХК, ******ХХК-иуд нь **** ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нар нийт 500,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. /хх14-15/

 

3.1. Гэрээнд зээлдүүлэгч *****************ББСБ ХХК-аас 280,000,000 төгрөгийг, зээлдүүлэгч ******ХХК-аас 220,000,000 төгрөгийг **** ХХК-д тус тус олгохоор тохиролцсон бөгөөд дээрх зээлийн гэрээг нэгтгэн нэг баримт үйлдэж тус тусад нь зээл олгосон агуулгаар тусгасан байгааг анхан шатны шүүх үйл баримтыг тогтоож, *****************ББСБ ХХК болон **** ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, ******ХХК болон **** ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ тус тус байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

3.2. *****************ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй тул Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.9, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдийг зөрчөөгүй байна. Тиймээс хариуцагч нарын нэхэмжлэгч хууль зөрчиж зээл олгосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иймд *****************ББСБ ХХК болон **** ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

 

3.3. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн акт гэх баримт үйлдэж, харилцан тохиролцож, уг баримтад **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г компанийн үйл ажиллагаанд зориулж авсан зээлийн үлдэгдэл 36,013,833.33 төгрөг, мөн зээл 500,000,000 төгрөгийн 3 сарын хүү болох 53,666,666.67 төгрөг, нийт 89,680,500 төгрөгийг үндсэн зээл 500,000,000 төгрөгөөс хасч тооцон суутгуулж, үлдэгдэл 410,319,500 төгрөгийг зээлдэгч **** ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, зээлдэгч **** ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгөөс өөр зээлийн үлдэгдэл болон энэ зээлийн 3 сарын хүүг төлөхөөр хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул зээлдүүлэгч нарыг зээлийн мөнгөн хөрөнгийг дутуу олгосон гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нарыг зээлээр хүлээсэн үүрэг болох 500,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон гэж үзнэ. /1-р хх 223/

 

4. Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 36,333,333 төгрөг, нийт 236,333,333 төгрөгийг хариуцагч **** ХХК-д шилжүүлж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

4.1. Зээлдэгч **** ХХК нь *****************ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй  нь зээлийн гэрээний 4.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргийг гүйцэтгээгүйгээс гадна зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байна.

 

4.2.Талууд гэрээний 2.4 дэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4.3.Иймд нэхэмжлэгч *****************ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч **** ХХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.4. Анхан шатны шүүх хариуцагч **** ХХК-аас үндсэн зээл 280,000,000 төгрөг, үндсэн хүү 422,090,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,800,000 төгрөг, нийт 760,890,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****************ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

5. ******ХХК болон **** ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5.1. ******ХХК нь банк бус санхүүгийн байгууллага биш бөгөөд уг хуулийн этгээдээс хариуцагч **** ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар үүссэн тул тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж, түүнчлэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар тус компанийг үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж дүгнэхгүй юм. Иймд хариуцагч **** ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт ерөнхий хэм хэмжээг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1- д зааснаар болгож өөрчлөх нь зүйтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.2. Нэхэмжлэгч ******ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 43,986,166.67 төгрөг, нийт 173,986,166.67 төгрөгийг хариуцагч **** ХХК хүлээн авсан талаар маргаагүй.

 

5.3. Талууд зээлийн гэрээний 2.1.2-т зээлийн хүүг сарын 3,5 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан зээлийн хүү тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангажээ.

 

5.4. Зээлдэгч **** ХХК нь ******ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй нь зээлийн гэрээний 4.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргийг гүйцэтгээгүй байна.

 

5.5. Иймд нэхэмжлэгч ******ХХК нь хариуцагч **** ХХК-иас үндсэн зээл 220,000,000 төгрөг, 2019 оны 3 сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 164,010,000 /220,000,000*3,5 хувь*21 сар/ төгрөг, нийт 384,010,000 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

6. ************ ББСБ ХХК, ******ХХК-иуд болон ********** ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 0003214** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 146001/00**, 186423109470** дугаар бүхий ********** ХХК-ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 1300 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай газар эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

 

6.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 тоот шийдвэрээр нэгж талбарын 146001/00**, 186423109470** дугаар бүхий ********** ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 1300 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай ********** ХХК-д эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, уг шийдвэрийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Газрын алба болон ********** ХХК нарын хооронд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байх тул уг эрх нь барьцааны зүйл болох юм. /1-р хх19-23/

 

6.2. Нэхэмжлэгч *****************ББСБ ХХК, ******ХХК болон хариуцагч ********** ХХК-иудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, газар эзэмших эрхийн барьцааны гэрээг Нийслэлийн газрын албанд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад тус тус нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /1-р хх17-18/

 

6.3. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах салшгүй эрх нь хүчинтэй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн хариуцагч талын сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч *****************ББСБ ХХК, ******ХХК-иуд нь хариуцагч ********** ХХК-ийн эзэмшлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

6.4. Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох газар эзэмших эрхийг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримталж хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг зөвтгөнө.

 

7. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад анхан шатны шүүх ********** ХХК-ийн газар эзэмших эрхийг өмчлөлийн гэж буруу тодорхойлж, газар эзэмших эрхийг албадан худалдахаар заах атал газрыг худалдахаар заасан алдааг, газрын хэмжигдэхүүнийг 2 янзаар тодорхойлсон найруулгыг тус тус залруулав.

 

8. Хариуцагч нар давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид 8,546,403 төгрөг төлөхөөр байх тул илүү төлсөн хэсгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01481 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

3 дахь заалтын 175 дугаар зүйлийн 175.1 гэснийг 159 дүгээр зүйлийн 159.1 гэж, өмчлөлийн гэснийг эзэмшлийн гэж, м.кв га гэснийг м.кв гэж,

4 дэх заалтын 56 зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч **** ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 8,698,353 төгрөгөөс 5,885,453 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 2,812,900 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч **** ХХК-д, хариуцагч ********** ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 3,657,950 төгрөгөөс 2,660,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 997,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж ********** ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ