| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0019/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 18
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин овгийн Ц.Б т холбогдох 1828000760153 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 18-нд Өмнөговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Модон эдлэлийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4 дүгээр баг .................. тоотод оршин суух,
Ял шийтгэлийн тухайд:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял оногдуулж, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 5 сар хорих ял,
3. Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүнд ялд багтаан биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар хорих ял,
4. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Дайчин овгийн Ц.Б , регистрийн дугаар ...................,
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр баг ................... оршин суух Б.У ийн байшингийн цонхоор нэвтэрч 49 инчийн Самсунг зурагтыг удирдлагын хамтаар хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд айлд ямаа самнаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр аймагт ирсэн. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн үед гэрээсээ гараад Баруун сайханд айлд очих гээд явсан. Айлд очсон хүн байхгүй байсан тэгээд замаараа Өнөр бүл дэлгүүрээс 1 шил 0.5 граммтай архи аваад дэлгүүрийн гадаа 3 хүнтэй хамт хувааж уучхаад буцаад харих гээд явсан. Буцаж явах замдаа Баруун сайханы 7-33 тоот хашааны үүд онгорхой байшин гэрэлгүй байсан. Тэгэхээр нь ороод байшингийн таармбарын хаалгыг гараараа түлхсэн онгойсон тэгээд ороход хойд талын өрөөнд нь 49 инчийн зурагт байсан. Зурагтыг аваад 0131 дүгээр цэргийн ангийн урд гэр хороололд оршин суух Э ы гэрт очиж 150.000 төгрөгөөр зарсан...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 04 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө нөхөр А ын хамт ямаа самнаж байсан чинь манай охин А.Ц утсаар залгаад өдөр цуглаанд яваад ирсэн чинь манай гэрт хулгай ороод зурагт алга болсон байна гэхээр нь Цагдаад мэдэгдсэн үү гэж асуусан чинь манай охин мэдэгдсэн гэж хэлсэн тэгээд бид хоёр хөдөөнөөс орой аймгийн төв рүү орсон манай гэрт байсан 49 инчийн лед зурагт алга болсон байсан...Манай хулгайд алдсан зурагт 49 инчийн самсунг брэндийн лед зурагт байсан юм. Өмнөговь аймгийн төвөөс 2017 оны 11 сард 999,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэжээ. /хх-24/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн дахин мэдүүлэгт: “...Болсон зүйлийн талаар би өмнө нь гэрч, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа...Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Би өөрийнхөө зурагтыг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-27/,
Гэрч А.А.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай аав ээж хоёр хөдөө байдаг аавын ах дүүгийнд очиж ямаа самнах гээд хоёр хоногийн өмнө явсан би дүүтэйгээ гэртээ үлдсэн юм . Би өнөөдөр өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад сургууль дээрээ хичээлээ хийж байгаад 22 цаг өнгөрөөгөөд Баруун сайханы 07-33 тоотод байх гэртээ дүү Хонгорзулын хамт очиход манай байшингийн үүдний таамбарын цонх онгорхой цонхон доор байсан хувинтай угаадас асгарцан байсан том өрөөнд ороод харахад манай 49 инчийн LCD зурагт бас удирдлага алга болсон байсан тэгээд би цагдаа дуудсан удалгүй цагдаа ирсэн саарал суурьтай хар өнгийн самсунг маркийн 49 инчийн LCD зураг удирдлагын хамт алга болсон байсан...орой гэртээ ирэхэд түлхүүр байрандаа байсан...” гэжээ. /хх-29-30/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үеээр Баруун сайханы Өнөр бүл дэлгүүрээс 1 шил 750 грамм архи худалдан авч Өнөр бүл дэлгүүрийн ойролцоо архи уудаг 3 хүнтэй хамт Өнөр бүл дэлгүүрээс хойш 2 хашааны цаана байх нэг танихгүй айлын хашаанд очиж архи уучхаад өдөр 15 цагийн үед архи дуусаад Баруун сайханаас хойш байдаг М гэх айлынд очсон боловч тэр гэрт нь хүнгүй байхаар нь буцаад би Баруун сайханы баруун талаар тойроод Замбала дэлгүүрээс 500 грамм 1 шил архи авч уугаад Замбала дэлгүүрээс урагш 1 биллиард байсан үүдэн дээр нь нэг хөдөөний хүнтэй таараад нэг шил архиныхаа талыг нь уугаад талыг нь нөгөө хөдөөний хүнд өгч явуулсан би жоохон согтуу байсан тэгээд зүүн талд нэг байшинтай модон хашаатай айл байсан тухайн үед харанхуй болох гэж байсан тэгээд тухайн байшинтай айлын цонх гэрэлгүй хүнгүй юм шиг байсан хашааны хаалга нь урд талаасаа ордог том хаалга онгорхой байсан тэгээд би тухайн байшингийн таамбарын урд талын цонхыг түлхэсэн чинь цаашаа онгойсон тэгэхээр нь дотогшоо цонхоор орсон чинь цонхон доор нэг төмпөнтэй угаадас байсан би хөлөөрөө асгачихсан тэгээд гэр лүү ордог бор өнгийн хаалга онгорхой байсан тэгээд гэр лүү ороход баруун талд зурагт байхаар нь тухайн зурагтыг удирдлагын хамт аваад буцаад цонхоор гараад явсан тэгээд баруун тийшээ 0131-р цэргийн ангийн хажуугаар яваад Дунд сайханы баруун талаар нь тойрч ирээд Э гийн гэрт очсон чинь Э гэртээ хүүхэдтэйгээ хоёулаа байсан би авч ирсэн тухайн зурагтаа Э д худалдаж авах уу миний зурагт байгаа юм гэсэн Э хэдэд зарах юм гэхээр нь би 150000 төгрөгөөр зарна гэж хэлсэн тэгсэн чинь Э зурагтыг авъя гэж хэлсэн тэгээд би тухайн зурагтыг зарсан...” гэжээ. /хх-35-36/,
Гэрч М.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 04 дүгээр сард байхаа өдөр нь би гэртээ байж байхад Ц.Б манайд нэг нимгэн хавтгай зурагт удирлагатай хамт тэврээд гэрт ороод ирсэн тэгээд би юун зурагт вэ гэж асуухад барилга барьсан авцаанд авсан юм аа мөнгөний хэрэг гараад зарна гэхээр нь би хулгайн зурагт биш биздээ гэж асуухад бишээ гэхээр нь би ийм тийм юм байхгүй бол зурагтаа хэдээр зарах юм бэ гэж хэлсэн Ц.Б 250,000 зарна гэхээр нь би эхлээд 150000 төгрөгийг нь бэлэн өгөөд зурагтыг авсан тэгээд Ц.Б гараад явсан...2018 оны 04 дүгээр сарын дундуур хавьцаа сайн санахгүй байна авчирсан зурагт самсунг брендын хар нимгэн том зурагт байсан бас удирдлагатай хамт авч ирсэн...Эрүүл байсан...Ц.Б миний мөнгөний оронд хуучин банз өгсөн юм. Бид хоёр тохиролцоод ямар нэгэн өр авлага байхгүй болсон...” гэжээ. /хх-38-39/,
Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр цагаан хаднаас аймагт ирсэн юм. Би Цагаан хад гэх газарт хүний байшин барьж өгөөд тухайн үед мөнгөтэй ирсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр билүү 24-нд билүү тэр үеэр Баруун сайханы Өнөрбүл дэлгүүрээс 1 шил 0,75 граммын Ерөөл нэртэй архи худалдаж аваад явж байхад Өнөрбүл дэлгүүрийн хажуугаар архи уудаг 2 залуу таараад дотор муу байна гэхээр нь нөгөө архиа задлаад танихгүй айлын хашаанд орж байгаад нөгөө 2 залуутай архиа хувааж уусан тэгээд архиа дуусгаад баруун сайханы хойно байдаг М гэдэг айлд очиж уулзах гээд яваад хүрээд очиход М гэртээ байхгүй байсан би яваад Төгөлд байдаг “Замбала” дэлгүүр орж 0,5 граммын Ерөөл архи аваад усан Сангийн хажууд зогсож байсан хөдөөний танихгүй ахтай хувааж уусан тэгсэн тэр ах архи дуусахад ах нь явлаа гэж хэлээд яваад өгсөн тэгээд би буцаад гэр лүүгээ явж байхад Баруун сайханы 7-р гудамжны дээд үзүүрийн айлын хашааны том хаалга нь, онгойж байхаар нь хашаанд ороод байшингийн таамбарын цонхийг нь түлхэж үзэхэд онгойж байсан тэгэхээр нь тэр онгойж байсан цонхоор ороход хөлд хувинтай угаадас байсныг би хөлөөрөө татаад асгачихсан тэгээд таамбарт нь ороод гэрийн хаалгыг нь татаж үзэхэд онгойж байсан би гэрт ороод том өрөөнд нь ороход баруун талд стенкэн дээр том хар зурагт тавиатай байсан түүнийг тэврээд буцаад цонхоор гараад уг хашаанаас дээшээ яваад 0131-р ангийн засмалаар доошоо алхаад Э гийн гэрт очоод би барилга бариад оронд нь зурагт авсан юм чи зурагт авах уу гэхэд надаас хэд юм гэж асуухаар нь би 150.000 гэж хэлсэн тэгсэн Э 100.000 төгрөг нь бэлэн байна үлдсэн 50.000 төгрөгийг нь маргааш ав гэхээр нь би зурагтыг үлдээгээд 100.000 төгрөгөө аваад дэлгүүр орж 0,5 ерөөл архи аваад гэртээ очсон гэртээ очоод архиа уучхаад унтсан. Маргааш өглөө нь босоод худалдааны төв орж мөн архи авч уусан архи ууж явж байгаад Э аас 50.000 төгрөгөө авсан тэгээд комиссоос өмд, цамц авч өмссөн тэгээд нөгөөдөр нь Ханбогд сум руу ажил хийхээр явсан юм...Би мөнгөний оронд хашааны мод өгч хохирлыг барагдуулсан...” гэжээ. /хх-57-58/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 202 дугаартай “...49 инчийн LED зурагт удирлагын хамт 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт” /хх-41-43/,
2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй, 2. Шинжилгээнд ирүүлсэн А ын А.Ц , А ын Хонгорзул нарын гарын хээний дардас харьцуулсан шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцсэн А ын А.Ц , А ын Хонгорзул нарын гарын хээний дардас санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэжээ. /хх-48-52/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Өмнөговь аймгийн 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-62/,
Шүүгдэгч Ц.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-63/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/,
Шүүгдэгч Ц.Б ын бүрэн бус дунд боловсролын талаарх 38 дугаартай архивын лавлагаа /хх-119/,
Шүүгдэгч Ц.Б ын 201703897 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-120/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/,
Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10/,
Хулгайлагдсан зурагтын гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-83/,
Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол /хх-77-78/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол /хх-74-76/,
Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол /хх-70-73/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хх-66-69/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-нд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайханы 7-33 тоотод оршин суух Б.У ийн байшингийн цонхоор нэвтэрч 49 инчийн Самсунг зурагтыг удирдлагын хамтаар хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У ийн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө нөхөр А ын хамт ямаа самнаж байсан чинь манай охин А.Ц утсаар залгаад өдөр цуглаанд яваад ирсэн чинь манай гэрт хулгай ороод зурагт алга болсон байна гэхээр нь Цагдаад мэдэгдсэн үү гэж асуусан чинь манай охин мэдэгдсэн гэж хэлсэн тэгээд бид хоёр хөдөөнөөс тэр оройгоо аймгийн төв рүү орсон манай гэрт байсан 49 инчийн лед зурагт алга болсон байсан... Манай хулгайд алдсан зурагт 49 инчийн самсунг брэндийн лед зурагт байсан юм. Өмнөговь аймгийн төвөөс 2017 оны 11 сард 999.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/, Гэрч А.А.Ц ийн “...Манай аав, ээж хоёр хөдөө байдаг аавын ах дүүгийнд очиж ямаа самнах гээд хоёр хоногийн өмнө явсан би дүүтэйгээ гэртээ үлдсэн юм . Би өнөөдөр өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад сургууль дээрээ хичээлээ хийж байгаад 22 цаг өнгөрөөгөөд Баруун сайханы 07-33 тоотод байх гэртээ дүү Хонгорзулын хамт очиход манай байшингийн үүдний таамбарын цонх онгорхой цонхон доор байсан хувинтай угаадас асгарцан байсан том өрөөнд ороод харахад манай 49 инчийн LCD зурагт бас удирдлага алга болсон байсан тэгээд би цагдаа дуудсан удалгүй цагдаа ирсэн Саарал суурьтай хар өнгийн самсунг маркийн 49 инчийн LCD зурагт удирдлагын хамт алга болсон байсан...орой гэртээ ирэхэд түлхүүр байрандаа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-29-30/, Гэрч М.Э гийн “...Би 2018 оны 04 дүгээр сард байхаа өдөр нь би гэртээ байж байхад Ц.Б манайд нэг нимгэн хавтгай зурагт удирлагатай хамт тэврээд гэрт ороод ирсэн тэгээд би юун зурагт вэ гэж асуухад барилга барьсан авлагад авсан юм аа мөнгөний хэрэг гараад зарна гэхээр нь би хулгайн зурагт биш биздээ гэж асуухад бишээ гэхээр би ийм тийм юм байхгүй бол зурагтаа хэдээр зарах юм бэ гэж хэлсэн Ц.Б 250.000 зарна гэхээр нь би эхлээд 150.000 төгрөгийг нь бэлэн өгөөд зурагтыг авсан тэгээд Ц.Б гараад явсан... Ц.Б миний мөнгөний оронд хуучин банз өгсөн юм. Бид хоёр тохиролцоод ямар нэгэн өр авлага байхгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-38-39/, шүүгдэгч Ц.Б ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...би жоохон согтуу байсан тэгээд зүүн талд нэг байшинтай модон хашаатай айл байсан тухайн үед харанхуй болох гэж байсан тэгээд тухайн байшинтай айлын цонх гэрэлгүй хүнгүй юм шиг байсан хашааны хаалга нь урд талаасаа ордог том хаалга онгорхой байсан тэгээд би тухайн байшингийн таамбарын урд талын цонхыг түлхэсэн чинь цаашаа онгойсон тэгэхээр нь дотогшоо цонхоор орсон чинь цонхон доор нэг төмпөнтэй угаадас байсан би хөлөөрөө асгачихсан тэгээд гэр лүү ордог бор өнгийн хаалга онгорхой байсан тэгээд гэр лүү ороход баруун талд зурагт байхаар нь тухайн зурагтыг удирдлагын хамт аваад буцаад цонхоор гараад явсан тэгээд баруун тийшээ 0131-р цэргийн ангийн хажуугаар яваад Дунд сайханы баруун талаар нь тойрч ирээд Э гийн гэрт очсон чинь Э гэртээ хүүхэдтэйгээ 2-лаа байсан би авч орсон зурагтаа Э д худалдаж авах уу миний зурагт байгаа юм гэсэн Э хэдэд зарах юм гэхээр нь би 150.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн тэгсэн чинь Э зурагтыг авъя гэж хэлсэн тэгээд зурагтыг зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын баруун сайхан 7-33 тоотод байшингийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10/, хэрэг болсон гэх Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр багийн нутаг баруун сайханы 07-33 тоотод хашаанд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-83/, “Ашид билгүүн” ХХК-ийн 202 дугаартай “...49 инчийн LED зурагт удирлагын хамт 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт” /хх-41-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын хувьд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 8-18 тоотод ам бүл 2, эхийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, модон эдлэлийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээр 4 удаа шийтгүүлж ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, шийтгэх тогтоолын хуулбараар /хх-66-78/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-62/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-63/, архивын лавлагаа /хх-119/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-120/ зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, засарч хүмүүжиж нийгэмшсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч Ц.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б ыг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У ийн эд хөрөнгөд 900.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь 49 инчийн Самсунг лед зурагт, хар өнгийн удирдлага, хар өнгийн залгуурын хамт бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгсөн нь эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У ийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокурорын яллах дүгнэлтэд тус гэмт хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн байдлаар бичсэн байх боловч гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан /хх-3/, хэргийн газарт 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн /хх-4/, мөн шүүгдэгч Ц.Б , хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайханы 7-33 тоотод оршин суух Б.У ийн байшингийн цонхоор нэвтэрч 49 инчийн Самсунг зурагтыг удирдлага, залгуурын хамтаар хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Прокурор нь дээрх техникийн шинжтэй алдааг цаашид анхаарах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэврээр баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн ба 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
Шүүгдэгч Ц.Б ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ