Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01557

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 07 210/МА2023/01557

 

 

 

********* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01473 дугаар шийдвэртэй

********* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй **************ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 151,603,267 төгрөг, алданги 75,801,633 төгрөг, бусдын өрийг шилжүүлэн авсан үүрэгт 25,357,228 төгрөг, нийт 252,762,128 төгрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ********* ТӨХК, **************ХХК-уудын иудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу **************ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 151,603,267.2 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Талууд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 151,603,267.2 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан.

1.2. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **************ХХК-ийн 21/47 тоот албан бичгийн дагуу тус компанийн охин компани гэх ******* ХХК-ийн ********* ТӨХК-д төлөх 25,357,228 төгрөгийн цементийн төлбөрийг **************ХХК-ийн авлага руу шилжүүлэн авлагыг нэмж бүртгэсэн.

1.3. Хариуцагчийн зүгээс гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 151,603,267.2 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний 7.3-т худалдан авагч тал нь гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 1 хоногт 758,016.3 төгрөгийн алданги ногдох буюу тухай өдрөөс хугацаа хэтрүүлсэн хоногийг тооцоход 114 хоног хэтэрсэн 86,413,824 төгрөгийн төлбөр болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 75,801,633.6 төгрөгийн анз нэхэмжлэх үндэслэлтэй.

1.4. Иймд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн цемент худалдах, худалдан авах тухай гэрээний үндсэн төлбөрт 151,603,267.2 төгрөг, алданги 75,801,633.6 төгрөг, ******* ХХК-ийн цементийн төлбөрт төлөх ёстой 25,357,228 төгрөг, нийт 252,762,128 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээгээр 160,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ОРС 42,5 маркийн портланд савтай цементийг 3 жилийн хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон.

2.2. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2 талын тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 176,262,509.6 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталсан нь үнэн, иймд гэрээний үүргийн төлбөр болох 176,262,509.6 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. ******* ХХК-ийн төлөх ёстой 25,357,228 төгрөгийн цементийн төлбөрийг **************ХХК нь нэхэмжлэгчид төлөхөөр өрийг шилжүүлэн авсан тул маргах зүйлгүй.

2.3.Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхий нийтээр тархаад байсан Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож барилга байгуулалтын ажил тэг зогсож 2 жил дамнан үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Уг шалтгаанаар гэрээний үүрэг дэх мөнгийг төлөх хугацаа, график өөрчлөгдөж өнөөдрийг хүрсэн. Алдангийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зйүлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 123 дугаар зүйлийн 123.6-д заасныг баримтлан хариуцагч **************ХХК-аас 251,715,150.4 төгрөгийг гаргуулж, ********* ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,046,978.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ********* ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,421,761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************ХХК-иас 1,416,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********* ТӨХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээний 7.3 дахь хэсэгт төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 141 хоногийн алданги тооцжээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 өвчлөлтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласны улмаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь талуудын хооронд байгуулсан гэрээний 10.2 дэх хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарах ба гэрээний хариуцлага алдангиас чөлөөлөгдөх үндэслэл бий болсон. Дээрх гэрээний заалтын дагуу хариуцагчийг алдангиас буюу 75,801,633 төгрөгөөс чөлөөлөх нь зүйд нийцэх байтал шүүгч алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

4.2. **************ХХК нь худалдааны компани биш барилгын гүйцэтгэгч компани учраас барилга барьж байх хугацаанд улсаас хөл хорио тогтоосон, хил хаагдсанаас шалтгаалаад барилгын материалын үнэ эрс өссөн мөн барилгын материал тасарсан зэрэг шалтгаануудаас болоод барилгын ашиглалтад орох хугацаа бүтэн хоёр жилээр хойшилсон зэрэг хүндэтгэн үзэх олон шалтгаанууд барилгын бүх компанид тохиолдсон учраас Засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу банкууд ч гэсэн зээл төлөлт болон зээлийн хүү, алданги зэргийг бүтэн жилээр хойшлуулж, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байсныг анхааралдаа авахыг хүсье. Манай компанийн зүгээс уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал болох ********* ТӨХК-д удаа дараа мэдэгдэж гэрээний үүрэг дэх төлбөрийг төлөх хугацаа болон графикийг гаргаж харилцан тохиролцох талаар удаа дараа санал хүргүүлж байсан боловч хүлээж авалгүй алданги тооцож нэхэмжилсэн нь хариуцагчийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу цементийг 2018, 2019 онуудад нийлүүлж байсан. Манай компанийн зүгээс **************ХХК-тай давуу нөхцөлтэй гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 9.1-т заасны дагуу 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч хугацаандаа төлбөрийг төлөөгүй учраас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг хуульд заасан журмын дагуу нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цементийн үнэ 180,000 төгрөг байсан бөгөөд 2022 онд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед цементийн үнэ 238,500 төгрөг болж нэмэгдсэн. 2021 оныг дуустал арилжааны банкнуудын хүрээнд зээлийн эргэн төлөлтийг асуудал яригдсан боловч бусад зээлийн асуудал нь давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэх нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардаж байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлох, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, алданги тооцох эрхгүй талаархи нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ********* ТӨХК нь хариуцагч **************ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 151,603,267 төгрөг, алданги 75,801,633 төгрөг, бусдын өрийг шилжүүлэн авсан 25,357,228 төгрөг, нийт 252,762,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алданги 75,801,633 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

3.а.Талууд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр худалдагч тал 160,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий МNS 974:2008 стандартын шаардлага хангасан. ОРС 42.5 маркийн портланд савтай цемент нийлүүлэх , худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авч, цементийн үнэ, тээврийн зардлын хамт 3 жилийн хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх9-12/

 

3.б. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.в. Гэрээ хүчин төгөлдөр учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ********* ТӨХК 151,603,267.2 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн, хариуцагч **************ХХК барааны үнэд 150,905,281.6 төгрөг төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй үйл баримтад талууд маргаангүй. Мөн хариуцагч **************ХХК нь өөрийн охин компани болох ******* ХХК-аас ********* ХХК-д төлөх 25,357,228 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан, энэ үүргээ гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

3.г.Талууд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 150,905,281 төгрөг, ******* ХХК-аас шилжүүлэн авсан өр болох 25,357,228 төгрөг, нийт 176,262,509 төгрөгийн үнийн дүн бүхий өр авлага гарсныг харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь хэргийн 13, 14 дэх талд авагдсан баримтаар тогтоогджээ.

 

3.д. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 176,262,509 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрт зохигч талууд гомдол гаргаагүй.

 

4. Хариуцагч **************ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн зөрчилд хариуцлага тооцон алданги нэхэмжилж байгааг эс зөвшөөрч үндэслэлээ Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал зарласны улмаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, гэрээний 10.2-т зааснаар давагдашгүй хүчин зүйлд хамаарах учир алдангиас чөлөөлөгдөх ёстой гэж тайлбарлан маргасан байна.

 

4.а. Талууд гэрээний 7.3 дахь заалтаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

4.б. Талууд гэрээний 10.2-т давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож хариуцлагаас чөлөөлж болох-оор харилцан тохиролцсон байна.

 

4.в. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаагаар сунгасан, энэ хугацаанаас хойш Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио тогтоогоогүй байх тул алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

4.г. Анхан шатны шүүх алдангийг үүргийн зөрчил үүссэн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 114 хоногийн алданги тооцож, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 75,452,640 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүхээс алдангийн хэмжээг илт их гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

4.д. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,958 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ