| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн 1906 00257 0210 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 1, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4 дүгээр оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны тоотод оршин түр оршин суух, гавъяа шагналгүй,
Багануур дүүргийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Э.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгзэр хорооны нутаг дэвсгэр Шархадны 9-177 тоотод иргэн Д.Ариунсанааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг
өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ариунсанаагийн өгсөн мэдүүлэг /хх-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, шүүгдэгч Э.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгзэр хорооны нутаг дэвсгэр Шархадны 9-177 тоотод иргэн Д.Ариунсанааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунсанаагийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Э.Б нь архи уугаад манайд ирсэн хүмүүст агсам тавиад байхаар нь би нэг стакан архи хийж өгөөд байшингийнхаа ард талын өрөөнд унтуулсан боловч 30 орчим минут унтаж байгаад сэрээд ирсэн хүмүүс рүү агсам тавиад байхаар нь “унтаж амар” гэсэн чинь үгэнд орохгүй байсан. Э.Б нь хойд талын өрөө рүү алхах шиг болохоор нь би хойд өрөөнд унтах гэж байгаа юм байна гэж бодоод хэвтэж байтал гал зуухны шүүгээний хаалга онгойх шиг дуу чимээ гараад төд удалгүй Э.Б баруун гартаа манай заазуурыг бариад том өрөө рүү орох гэж байхаар нь би босоод гал зуухны өрөө ортол Э.Б заазуураа миний зүүн шанаа хэсэгт заазуурын ирээр нь зүссэн. Тэгээд миний шанаанаас цус гойжоод Э.Б гараас заазуурыг нь булааж авах гэж зууралдсан. Тэгээд Э.Батхүүгаас заазуурыг нь булааж аваад байшингийн амбаарт гаргаад найз Даваабатыг дуудаж Э.Б салгуулсан...Э.Б бид хоёрын хооронд өс хонзонгийн зүйл байхгүй. Манай хүргэн Э.Б ах манай гэрт амьдардаг. Надад одоо гомдол санал байхгүй.” /хх-8-9, 10 / гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1413 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Д.Ариунсанаагийн биед шараанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-17/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б яллагдагчаар өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр манай дүү Э.Туяа, Д.Ариунсанаа хоёр шинэ хүүхэдтэй болсон гэж ах дүү нар болон найз нөхөд нь гэрт ирсэн юм. Тэгээд тэнд ирсэн хүмүүс архи ууцгаасан. Би ч мөн адил тэр хүмүүстэй адил уусан. Тэгээд байж байгаад “Цайз”-ын хойд талд байдаг найз Адараагийн гэрт очиж нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Д.Ариунсанаагийн гэрт буцаж очоод Д.Ариунсанаатай маргалдаж зүүн талын шанааг заазуурын иртэй талаар нэг удаа цохисон. Тэгээд л цагдаа ирж намайг эрүүлжүүлэхэд аваачиж хонуулсан.” /хх-28/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-4, 5-6/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-36/,
Шүүгдэгч Э.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-32/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Э.Б 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгзэр хорооны нутаг дэвсгэр Шархадны 9-177 тоотод иргэн Д.Ариунсанааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Хохирогч Д.Ариунсанаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3
сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС