Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 47

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган, улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Д-т холбогдох эрүүгийн 192100 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 19 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2 хүүхэд, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын  баг Зангиатын  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖК9 регистрийн дугаартай, Б овогт Э.Д

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын 3 дугаар гудамжинд иргэн Ш.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны хохирогч Ш.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 5-11 тоотод оршин суудаг бөгөөд би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд гэрээс гараад Зангиатын 3 дугаар эгнээд байрлах “Булган” дэлгүүр рүү юм авах гэж орсон юм. Дэлгүүр ороход Д байсан ба намайг ороход зөрөөд гарсан. Улмаар би юмаа авчихаад дэлгүүрийн гадаа үүдэнд гарахад намайг хүлээгээд зогсож байсан бөгөөд Д надад хандаж “чи яаж инээж ханиагаад явж чадаж байна аа, хэдэн хүний амьдралаар тоглосноо мэдэж байна уу” гэсэн. ... миний зүүн шанаа руу гараараа цохиж, үсдэж аваад майжиж зодсон. ... Миний хувьд Д-ийн амьдралд буруу зүйл хийгээгүй, хийе гэж бодохгүй байна. Харин нөхрийнхөө буруутай асуудлын улмаас уурлаж ийм асуудал дахиж гаргахгүй байхыг хүсэж байна. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч О.Энхсүмбэр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багт ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд 2019 оны 01 дүгээр 19-ний үеэр Дорнод аймагт шүдээ авахуулахаар бэр эгч болох Д эгчийнд ирээд байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Д эгчтэй гэрээс нь баруун тийш байрлах Булаг гэх нэртэй дэлгүүр рүү юм авахаар цуг явсан. Дэлгүүрээс юм авчихаад би эгчээс түрүүлээд гадаа явж байхад урд Доогий эгч нэг хүүүхэнтэй муудалцаад үсдэлцээд эгч доод талд нь нөгөө хүүхэн нь дээрээс нь дараад байж байхаар нь би гүйж очоод боль гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 тоот дүгнэлтэд: "1. Ш.Эрдэнэчимэгийн биед тархи доргилт, хуйханд баруун зулай орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, хүзүүний зулгаралт, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 30/

Шүүгдэгч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын 3 дугаар гудамжинд иргэн Ш.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн  хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд дүү Энхсүмбэрийн хамт Зангиатын 3 дугаар эгнээд манай баруун талд байрлах дэлгүүр рүү ороод байж байсан чинь Эрдэнэчимэг орж ирэхэд нь би юм аваад зөрөөд гарсан. Дэлгүүрийн гадаа Эрдэнэчимэгийг хүлээгээд байж байхад тэрээр пиво барьчихсан гэрч ирэхэд нь би түүнд уурласан уурандаа чи жаргалтай байна уу, хоёр хүүхдийг маань өнчрүүлчихээд жаргалтай байна аа гээд түүнийг алгадсан. Намайг алгадахад Эрдэнэчимэг газарт унасан ба бид хоёр ноцолдож байхад дүү маань боль гээд голоор орж салгасан...” /хх-ийн 35-37/ түүнийг давхар нотолсон өсвөр насны хохирогч Ш.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 5-11 тоотод оршин суудаг бөгөөд би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд гэрээс гараад Зангиатын 3 дугаар эгнээд байрлах “Булган” дэлгүүр рүү юм авах гэж орсон юм. Дэлгүүр ороход Д байсан ба намайг ороход зөрөөд гарсан. Улмаар би юмаа авчихаад дэлгүүрийн гадаа үүдэнд гарахад намайг хүлээгээд зогсож байсан бөгөөд Д надад хандаж “чи яаж инээж ханиагаад явж чадаж байна аа, хэдэн хүний амьдралаар тоглосноо мэдэж байна уу” гэсэн. ... миний зүүн шанаа руу гараараа цохиж, үсдэж аваад майжиж зодсон. ... Миний хувьд Дийн амьдралд буруу зүйл хийгээгүй, хийе гэж бодохгүй байна. Харин нөхрийнхөө буруутай асуудлын улмаас уурлаж ийм асуудал дахиж гаргахгүй байхыг хүсэж байна. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч О.Энхсүмбэр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багт ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд 2019 оны 01 дүгээр 19-ний үеэр Дорнод аймагт шүдээ авахуулахаар бэр эгч болох Д эгчийнд ирээд байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Д эгчтэй гэрээс нь баруун тийш байрлах Булаг гэх нэртэй дэлгүүр рүү юм авахаар цуг явсан. Дэлгүүрээс юм авчихаад би эгчээс түрүүлээд гадаа явж байхад урд Доогий эгч нэг хүүүхэнтэй муудалцаад үсдэлцээд эгч доод талд нь нөгөө хүүхэн нь дээрээс нь дараад байж байхаар нь би гүйж очоод боль гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/ Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 85 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Ш.Эрдэнэчимэгийн биед учирсан “тархи доргилт, хуйханд баруун зулай орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, хүзүүний зулгаралт, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Д хохирогч Ш.Эрдэнэчимэгийн нүүрэн тус газарт нь гараараа санаатайгаар цохиж, майжсан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Э.Д-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан  ял оногдуулбал зохино.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Д-ийн ЖК регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б овогт Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Д-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Д-ийн ЖК регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР