| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2019/0016/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 17
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч: Ц.О ,
Шүүгдэгч: Ц.От
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Отд холбогдох эрүүгийн 1828002110171 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн ******* суманд 1995 оны 01 дүгээр сарын 07-нд төрсөн, эрэгтэй, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ......................... оршин суудаг, ял шийтгэлгүй, Тайж овгийн Ц.От, /регистрийн дугаар ....................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.От архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20-21 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.О ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дэх хэсгийн “а” дахь заалтад заасан “...Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Б.Н-гийн жолоодож явсан *******-******* ӨМӨ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас мотоцикльд сундалж явсан Ц.О ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.От шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ байсан тэгэхэд манай найз О өөрийн мотоцикльтой хөдөөнөөс ирээд бид 2 ярилцаж байгаад явж архи авч уусан. Эргээд ява унаад явснаа би сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Яаж явж аваарт орсноо сайн санахгүй байгаа. Ийм явдал болсонд найзаасаа уучлалт гуйж байна” гэв.
Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хөдөөнөөс орж ирээд найз С.От-ы гэрт очиж хувцас угаасан тэгээд хоёулаа ярилцаад 1 шил архи пивотой аваад гэрт очиж уусан. Тэгээд буцаад С.От-ых руу ява унаад гарсан. Тухайн үед би найзыгаа болиулсан бол ийм хэрэгт оруулахгүй байсан. Тэр үед би очоогүй байсан бол найзыгаа ийм хэрэгт оруулахгүй байсан. Гэмшиж байгаа. С.От-ыхаас гараад “Бадрах” дэлгүүр орж 2 тамхи аваад Онги төвийн уулзвараар хойшоо бензин авах гээд явж байхад аваар гарсан.” гэв.
Эрүүгийн 1828002110171 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл... “Зам тээврийн осол болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Онги” төвийн баруун талын засмал зам дээр байх бөгөөд уг зам нь ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоо чиглэсэн хатуу хучилттай, эсрэг урсгалтай хоёр эгнээ зам байх бөгөөд уг замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэн явсан *******-******* өмө улсын дугаартай Huindai Портер маркийн автомашин замын уулзвар дээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийж аваар татсан байдалтай зогсох бөгөөд уг замын эсрэг урсгалд Портер машинаас 9,3 м зайд БНХАУ-д үйлдвэрлэсэн Улаан өнгийн Даюун маркийн мотоцикль ертөнцийн зүгээр хойшоо урд дугуйг харуулан зүүн талаараа унасан байх бөгөөд уг мотоциклийн зүүн гарны хажууд саарал өнгийн ноосон малгай бага хэмжээний цус мэт улаан хүрэн зүйлийн хажууд байх бөгөөд мотоциклийн баруун хойд талд З м зайд явган хүний зам дээр 40х23см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл асгарсан байв. /хх 4 дүгээр хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11 дүгээр хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12-14 дүгээр хуудас/
Хохирогч Ц.О ын цахим сангийн мэдээлэл /хх 15-16 дугаар хуудас/
Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би хөдөө гэрээсээ аймгийн төвд орж ирсэн юм. Би аймагт ирээд эгч Болормаагийн гэрт очиж өөрийнхөө хувцсыг угааж дуусаад Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 1-24 тоотод байх найз С.От-ы гэр лүү өөрийн мотоциклиор явж очсон юм. С.Оты гэрт очиход С.От гэртээ ганцаараа хувцасаа угаагаад дуусч байсан. Бид хоёр гэрт юм ярьж сууж байгаад гадаа гарч миний мотоциклийн клапанг С.От тохируулж өгсөн. Тэгээд С.От бид хоёр ярилцаж байгаад архи уухаар болоод бид хоёр дэлгүүр явсан. Дэлгүүр явахдаа С.От миний мотоцикпийг унаад би араар нь суугаад явсан. Зүүнсайханы “Бадрах” нэртэй хүнсний дэлгүүр ороод би нэг шил 0,75 грамын Ерөөл архи 2 ширхэг лаазтай Нийслэл пиво авсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гараад С.От мотоцикль унаад би араар нь суугаад бид хоёр С.Оты гэрт очсон юм. С.Оты гэрт очоод бид хоёр нөгөө Ерөөл архиа задлаад хувааж уусан. Дараа нь 2 ширхэг лаазтай пиво ууж дуусгасан. Тэгээд бид хоёр С.Оты гэрээс гараад С.От мотоцикль унаад би араар нь суугаад бид хоёр яваад “Бадрах” дэлгүүр орж 2 ширхэг тамхи авсан. Тэгээд доошоо клонк орж бензин авах гэж яваад “Онги” төвийн баруун талд аваарт орсон юм. Тэгээд цаашаа юм санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан юм. Эмнэлэгт 14 хоног хэвтээд толгойны хагалгаанд орсон. Миний толгойны яс цөмөрсөн, элгэнд цус хурсан байна гэсэн. Одоо биеийн байдал сайн болсон байна. С.От бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэж яваад осолд орсон. Бид хоёрын буруугаас болсон гэж үзэж байна. Миний эзэмшлийн улаан өнгийн супер даюун маркийн мотоцикль байгаа юм. Миний мотоцикльд бичиг баримт байхгүй. Би улсын дугаар аваагүй юм. Миний мотоцикпь хөдөө гэрт байгаа. Би А,В,С ангиллын жолооны үнэмлэхтэй боловч 2016 оны 05 сард согтуугаар машин жолоодож яваад эрхээ 2 жилээр хасуулсан юм. Тэгээд миний жолооны үнэмлэх хураагдсан юм. Бусдаар А ангилал байсан юм. Бид хоёр нэг хонхорт тоглож өссөн найзууд. Мөн хамаатан садангийн холбоотой. Бид хоёр 3 дугаар сургуулийн өмнө байх клонк орж бензин авах гэж явсан юм. Би согтох нь согтсон байсан. Гэхдээ болж байгаа үйл явдлыг мэдэж байсан. С.От надтай ойролцоо л байсан байх С.От юм яриад л явж байсан юм. Яг тухайн үеийг санахгүй байна. Гэнэт л тас буугаад явчихсан. Өөр мэдэх юм байхгүй. Ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний эмчилгээний зардлыг манай ээж болон манай найз С.От нар төлсөн.” гэх мэдүүлэг. /хх 18-19 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой Даланзадгад сумын 3 дугаар баг “Онги” төвийн баруун хойд талд Портерын зогсоолын уулзвар дээр эргэх үйлдэл хийх гэж байхад мотоцикльтой хүн ирж миний машиныг мөргөсний улмаас миний машины зөв талын хаалга, гэрэл, буфер зэргүүд гэмтсэн юм. Миний машиныг үнэлгээний компани үнэлээд 196.000 төгрөг гэж үнэлсэн байна. ...Нэг хүнийх нь толгойноос цус гарч байсан. Тэгээд би тэр хүний цээжийг өргөөд сууж байгаад эхнэрээ машинаас эмийн сан аваад ир гэхэд эхнэр эмийн сан аваад ирсэн. Би бинт гаргаад толгойг нь боох гэхэд хажууд байсан хүмүүс дэмий байх түргэн ирэхийг хүлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа ослын тэмдэг гаргаад хойно өмнөө тавиулсан. Тэгээд байж байхад түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж хүлээж байхад нөгөө хоёр залуу босоод явлаа гээд байсан. Би босгохгүй гээд дараад байж байхад түргэн ирсэн. Түргэн ирээд тэр хоёр хүнийг аваад явсан юм. Миний биед болоод манай эхнэрийн биед учирсан гэмтэл байхгүй. Намайг машинаас буугаад очиход тэр 2 залуу согтуу байсан.” гэх мэдүүлэг. /хх-21, 24-25 дугаар хуудас/,
Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой гэгээ тасарсан байсан ...“Онги” төвийн баруун урд талын уулзвараар баруун гар тийш эргээд чигээрээ яваад Портер зогсдог зогсоолоор зүүн гар тийш буюу “Баянхангай” дэлгүүрийн халуун ус руу эргээд манай хүн зогссон. Тэгсэн гэнэт мотоцикльтой хүн өмнө гэрэлд унасан юм. Би сандраад буугаад нөгөө 2 хүн дээр очиход тэр хоёр хүн хөдөлгөөнгүй байсан. Тэгэхээр нь би хажуугаар явсан машин зогсоох гээд гараа өргөсөн. Тэгэхэд нэг машин зогссон. Тэгэхээр нь би цагдаа, түргэн дуудаарай гэж хэлсэн. Манай нөхөр бас хажууд байсан. Газар хэвтэж байсан хүний толгойноос цус гарч байсан чинь нөхөр намайг машинаас эмийн сан аваад гараад ир гэсэн. Би эмийн сан аваад очоод толгойноос нь цус гарсан хүний толгойг боох гэж байхад хажуунаас нэг хүн наад хүнийхээ толгойг боож болохгүй. Та нар наад хүндээ хүрч болохгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй түргэний машин хүрээд ирсэн. Түргэний эмч бууж ирээд тэр хоёр хүнийг үзээд машиндаа суулгаад аваад явсан. Дараа нь цагдаа нар ирсэн юм. Цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Хаанаас гарч ирсэн талаар мэдээгүй гэнэт гэрэлд мотоцикльтой 2 хүн унасан юм. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх 26 дугаар хуудас/,
Гэрч С.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Даланзадгад сумын Зүүнсайханы 2а-5 тоотод байх “Бадрах” нэртэй дэлгүүрт худалдагч хийдэг. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа хийж байсан. Би О гэдэг хүнийг нь хальт мэдэх юм байна. Манайхаар хаад орж ирдэг юм. С.От-ыг танихгүй. Тухайн өдөр О , С.От нар манай дэлгүүрээр үйлчлүүлсэнийг санахгүй байна.” гэх мэдүүлэг. /хх-27 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 571 дугаартай дүгнэлтэд: 1. Ц.От-ы биед тархи доргилт, зүүн шанаа ясны хугарал, хамар ясны хугарал, хуйхны язарсан шарх, дух, зүүн шанаа, хацар, чихний дэлбээ, мөр, дал, тохой, сарвуу, цээжний баруун доод хэсэг, хэвлийн баруун дунд хэсэг, баруун гарын 4 дүгээр хурууны зулгаралт, баруун тохой шууны цус хурал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шанааны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 31 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 572 дугаартай дүгнэлтэд: 1. Ц.О ын биед зүүн зулай ясны ил хугарал, хуйхны язарсан шарх, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 29 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2123 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр L7GPCMLY9J1048299 арлын дугаартай Dayun маркийн мотоциклийн үнэлгээг 58.000 төгрөг гэж тогтоожээ. /хх 35 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2178 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр KMFXKS7BP4U731759 арлын дугаартай *******-******* ӨМӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашины үнэлгээг 196.000 төгрөг гэж тогтоожээ. Автомашины гэрэл зураг. /хх 37, 38 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Dayun маркийн улсын дугааргуй улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн жолооч нь, Монгол улсын замын хөдөлгөний дүрмийн 3.7 а дахь хэсэгг “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4. дэх хэсгийн а дахь хэсэгт “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Hyundai Porter маркийн *******-******* өмө улсын дугаартай автомашины жолооч Б овогтой Н нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болох нь тогтоогдож байна. 3. Dayun маркийн улсын дугааргүй улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4. дэх хэсгийн а дахь хэсэгт “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 4. Dayun маркийн улсын дугааргүй улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4. дэх хэсгийн а дахь хэсэгт “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.” гэх дүгнэлт /хх 33 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн ******* сумын Жаргалант багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай тодорхойлот, / хх 49-50, 61 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ц.От-ы иргэний үнэмлэхийн хуулбар, талархалын хуулбар, ял шалгах хуудас, /хх 51-53 дугаар хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх 63 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.От-ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 55-58 дугаар хуудас/
*******-******* ӨМӨ улсын дугаартай HYUNDAI Porter 0 маркийн автомашины гэрчилгээний хуулбар /хх 66 дугаар хуудас/,
Хохирогч Ц.О ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 10-ны хооронд мэс заслын гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх /хх 69-119 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ц.От хохирогч Ц.О нарын эвлэрлийн гэрээ, хохирол төлбөр төлсөн баримт /хх 129-130 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаархи дүгнэлт:
Шүүгдэгч Ц.От нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20-21 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.О ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дэх хэсгийн “а” дахь заалтад заасан “...Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Б.Н-гийн жолоодож явсан *******-******* ӨМӨ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж мотоцикльд сундалж явсан Ц.О ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 572 дугаартай дүгнэлтээр: “Ц.Оты биед тархи доргилт, зүүн шанаа ясны хугарал, хамар ясны хугарал, хуйхны язарсан шарх, дух, зүүн шанаа, хацар, чихний дэлбээ, мөр, дал, тохой, сарвуу, цээжний баруун доод хэсэг, хэвлийн баруун дунд хэсэг, баруун гарын 4 дүгээр хурууны зулгаралт, баруун тохой шууны цус хурал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “мотоциклийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4. дэх хэсгийн а дахь хэсэгт “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан нь нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Ц.Оты үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.От-ыг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.От урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэлийг шалгах хуудсаар тогтоогдсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг хохирогч Ц.О , иргэний нэхэмжлэгч Б.Нэргүй нарт нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.От-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Ц.О т эмчилгээний зардал, мотоциклийн хохиролд 1.980.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нэргүйд автомашины хохиролд 196.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.От-ы гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.Отд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...” эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.От-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.От цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж овгийн Ц.От-ыг согтуугаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.От-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүлйин 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оты тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч Ц.О тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ц.О т эмчилгээний зардал, мотоциклийн хохиролд нийт 1.980.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нэргүйд автомашины хохирол төлбөрт 196.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.От цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ