| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 265 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Г холбогдох эрүүгийн 1806 07124 0111 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ц.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Батбаярыг зодож улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-29-31, 62-63/, гэрч Б.Доржпүрэвийн өгсөн мэдүүлэг /хх-37-38/, гэрч Л.Мөнх-Отгоны өгсөн мэдүүлэг /хх-39-41/, гэрч Л.Солонгын өгсөн мэдүүлэг /хх-46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10618 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-52/, шүүгдэгч Ц.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Батбаярыг зодож, улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батбаярын өгсөн: "...2018 оны 8 дугаар сарын 26-ны өглөө манай гэрт буурал Баяраа, Баясаа, Доогий, том Бэхээ гэх 4 найзуудын хамт гэртээ хоол хийж идээд нэг шил архи уусан. Бид 5-н гарын муушиг тоглож байхад Око хуурай дүү ажилтай гэж гарч яваад буцаж ирээд унтаж байсан. Тэр манайд байсан бүх хүмүүс өмнөх өдөр нь манай гэрт хонож байсан. Окогийн дараахан Ц.Г гэх танил манайд ирсэн байсан. Тэгээд тоглож байтал Око тоосгоор миний ар дагз руу цохисон. Би яаж байгаа юм бэ гээд эргээд хартал Ц.Г Оког өмөөрсөн бололтой миний уруул руу цохьсон. Эргээд хартал Ц.Г толгойны урд хэсэгт дахин тоосгоор цохьсон. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэнд байсан хүмүүсийн яриагаар Ц.Г бид хоёрыг зодчихоод гараад яваад өгсөн байсан. Ц.Г ах намайг зодож гэмтэл учруулсан.” /хх-н 29-31, 62-63/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Доржпүрэвийн өгсөн: “...16 цагийн үед явсан ажлаа бүтээчихээд эргээд ирэхэд хашаан дотор З.Оюун-Эрдэнэ, Ц.Гансүх, Ц.Батбаяр нар хоорондоо зодолдоод байж байсан. Би салгах гэж оролдоход намайг Ц.Г ах цохьчихоод гараад гүйгээд яваад өгсөн. З.Оюун-Эрдэнийн толгойноос цус гарч байсан. Бас Ц.Батбаярын нүүр цус болчихсон байсан. Ц.Г ах барьж байсан тоосгоороо цохьчихоод гараад зугтаасан.” /хх-37-38/, гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнх-Отгоны өгсөн: “...Дэлгүүрээс талх авчихаад эргээд ирэхэд хашаан дотор З.Оюун-Эрдэнэ, нөхөр Ц.Батбаяр хоёр доошоогоо харчихсан, цус нүүрнээс нь гарчихсан байдалтай байсан. “Яасан” гээд нөхрөөс асуухад Ц.Г ах цохьсон гэж хэлсэн. Би Ц.Г ахад хандаж “Ахаа та яаж байгаа юм бэ, хүний тархи толгой ийм болгочихлоо шдээ” гэж хэлэхэд “хохь чинь, дахиад цохиод хагалчихая” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгөөд Ц.Г ахыг өгч явуулсан.” /хх-39-41/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Солонгын өгсөн: “...Ц.Батбаярын гэрт яваад очиход хашаан дотор нь Ц.Батбаяр, нөхөр З.Оюун-Эрдэнэ нарын толгой
хагарч цус гарчихсан сууж байсан.” /хх-46-47 гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10618 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ц.Батбаярын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зулайн хуйх, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо..
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-52/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Г яллагдагчаар өгсөн: “...Ц.Батбаярын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-68-69/,
Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-51/,
Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн эмчийн бичиг /хх-53/,
Шүүгдэгч Ц.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-57/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ц.Г 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Батбаярыг зодож улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Хохирогч Ц.Батбаяр нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар
Ц.Г нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС