Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0154/И |
Дугаар | 192 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Шалганы 14 айлын 13 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Алтай овогт Ганболдын Мөнгөнтуул /РД: ДЮ89032361/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Шалганы 14 айлын 08 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Даваасүрэнгийн Энэрэл /РД: МТ84051005/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 5.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнгөнтуул, хариуцагч Д.Энэрэл, нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнгөнтуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 сарын 10-нд Д.Энэрэлд 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 15 хувийн хүүтэйгээр, аман гэрээгээр зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүйгээр зээлийн хүү 3.000.000 төгрөг нийт 5.300.000 төгрөг болсон. Би хүүтэйгээ 5.300.000 төгрөгөөс 1 сарын хүү 300.000 төгрөг, 2-500.000 төгрөг төлсөн учир хасаад 4.500.000 төгрөгийг Д.Энэрэлээс гаргуулж иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Энэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг зээлсэн бөгөөд бид ямар нэг зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан зүйл байхгүй. 2015 оны 09 сард 300.000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл нь 1.700.000 төгрөг үлдсэн бөгөөд миний бие үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй болсон тул хугацаа өгөөч гэж хэлээд 2016 оны 01 сард хэсэгчилэн төлхөөр болсон. Гэтэл Г.Мөнгөнтуул нь 2015 оны 12 сард гэрт дайран орж ирээд мөнгө нэхэх нэрийдлээр иргэн намайг зодож миний биед гэмтэл учруулсан бөгөөд 2016 оны 01 сард Г.Мөнгөнтуулд Эрүүгийн тухай хуулийн 99-р зүйлийн 99.1-д заасан бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 22-нд шүүх хуралдаан болсон бөгөөд Г.Мөнгөнтуул нь миний биед учруулсан гэмтлийг өөрийн биеэр хамт явж үзүүлэн бүх эмчилгээний зардлыг гаргаж хохирлыг барагдуулна гэж мөн зээлийн үлдэгдэл төлбөрийг 2016 оны 06 сард миний бие эргүүлэн төлхөөр харилцан тохиролцсон бөгөөд Г.Мөнгөнтуулын нөхөр Манлайбаяр нь манай эгч, ах, хоёртой уулзан нэг нутаг усны хүмүүс байна, бас хамт ажилладаг хүмүүсийн хувьд гомдлыг буцаалгаж өгөөч гэж гуйсан бөгөөд Г.Мөнгөнтуулыг нэг үе миний найз байсан бие биенээ таньдаг нэг нутаг усны хүмүүс нэг нэгнийхээ мууг үзэх гээд яах билээ гэж бодон гомдлоо буцаан авч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Г.Мөнгөнтуул нь эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон цагаас эхлэн дахин мөнгө нэхэх нэрийдлээр гэрт ирж хэрүүл шуугиан хийж, үр хүүхдийг минь айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон дарамталдаг болсон. Үүний улмаас нөхөр бидний харилцаанд хаграл үүсч гэр бүл салах дээрээ тулаад байна. Миний бие өнөөдрийн байдлаар маш их зовиуртай толгой байнга өвдөж, дотор муухай оргиж, нүд харанхуйлж, үе үе огиж бөөлждөг. Эмчид үзүүлэхээр тархины нарийвчилсан зураг буюу томографикийн зураг авахуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг бөгөөд өнөөдрийн энэ нөхцөл байдлыг улмаас тархины зургаа авахуулж эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар байна. Өнөөгийн нөхцөл байдлаас бол иргэн миний бие ихэд хохирч байгаа юм. Нэхэмжлэгч Г.Мөнгөнтуулын хэл амнаас болж гэр бүлийн амьдрал салах дээрээ хүрч, бага насны хоёр хүүхдийг минь айлган сүрдүүлж сэтгэл санаанд нь өөрчлөлт оруулж, иргэн намайг эрүүл мэндээр минь хохироож байгаа бол Г.Мөнгөнтуул өөрөө юм. Миний бие Г.Мөнгөнтуулаас өөрийн бие сэтгэл санаад учруулсан хохирлыг нэхэмжлэх болно.Г.Мөнгөнтуулд зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөр болох 1.700.000 төгрөгөөс 2016 оны 03 сард 500.000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо зээлсэн мөнгөнөөс 1.200.000 төгрөг л үлдсэн байгаа. Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээний талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.2-д “Хүүгийн зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно”, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэжээ. Иймд миний бие нэхэмжлэгч Г.Мөнгөнтуулын нэхэмжилсэн 5.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлсэн мөнгөний үлдэгдэл мөнгө болох 1.200.000 төгрөгийг боломжоор төлөх болно гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ..
Нэхэмжлэгч Г.Мөнгөнтуул нь хариуцагч Д.Энэрэлээс зээл, зээлийн хүү нийт 5.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Д.Энэрэл нь 2.000.000 төгрөгийг хүүгүй зээлсэн. Бидний хооронд бичгээр зээлийн гэрээ хийгдээгүй, нэхэмжлэгч Г.Мөнгөнтуулд 800.000 төгрөгийг буцааж өгсөн, одоо зээлийн үлдэгдэл 1.200.000 төгрөгийг төлнө нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Мөнгөнтуул нь хариуцагч Д.Энэрэлд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, аман гэрээгээр зээлсэн, зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 5.300.000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх талуудын хооронд амаар байгууллагдсан гэх уг гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Г.Мөнгөнтуул, Д.Энэрэл нарын хооронд байгууллагдсан аман гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлагыг хангаж талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн хийсэн гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Мөнгөнтуул нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн гэх 800.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага багасгаж үлдэх 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Д.Энэрэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнгөнтуулд олгож, нэхэмжлэлийн шаардалгаас үлдэх зээлийн хүү 3.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Энэрэлээс зээл 1.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнгөнтуулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.300.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Г.Мөнгөнтуул нь нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан болохыг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энэрэлээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Хариуцагч Д.Энэрэл нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА