Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ч.Э ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Э д холбогдох эрүүгийн 1928000000008 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид санхүүгийн тасгийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ..................... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Дэлгэрмөрөн овгийн Ч.Э  /регистрийн дугаар ....................../

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                       Ч.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, .................... гэртээ эхнэр Э.У г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Э д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Э  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүгдэгч Ч.Э  нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ............... орших гэртээ эхнэр Э.У г “нэг жилийн хугааанд архи битгий уу” гэж хэлснээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж сандлаар зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Э  гэмт үйлдэлдээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э  мэдүүлэхдээ...”Э.У  бид хоёр 2018 оны 11 дүгээр сараас хойш таарамж муутай байсан. Шалтгаан нь юу вэ гэвэл би 2018 оны 05 дугаар сараас албан тушаал ахисан. Тэгээд 2018 оны 10 сараас хойш би найз нөхөдтэйгөө бага зэрэг уух болсон. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө би найзтайгаа хамт 4 пиво уугаад гэртээ ирсэн. Тухайн үед гэрт ирэхэд 2 хүүхэд гэртээ, эхнэр ажлаасаа ирээгүй байсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад эхнэр ирээд маргалдсан. Тухайн үед эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэвчиж чадаагүй алгадсан байгаа. Тэр үед хадам аав ирээд хэрүүл намжиж унтаж амарсан. Өмнө нь дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгч Ч.Э ы гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтыг үнэлж, гэм бурууг  шйдвэрлэх үндэслэлтэй.

Эрүүгийн 1928000000008 дугаартай хэргээс:

                        Хохирогч Э.У  нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Эрдэнэчулуунтай гэр болж амьдраад 10 жил болж байна. 2008 онд гэрлэлтээ батлуулж 2 хүүхэдтэй болсон. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө би ажлаа тараад 00 цагийн үед гэртээ ирсэн чинь нөхөр гэрт согтуу байж байсан. Тэгээд намайг ярилцъя гэхээр нь би хамт сууж байгаад ярихыг нь сонссон чинь өнгөрсөн амьдралд болсон зүйлээ яриад би чамайг жаргааж байсан нь үнэн. Гэхдээ чи намайг уучлаад хамт амьдрах боломжтой юу гэхээр нь би нэг жилийн хугацаанд чи архи уухгүй байх юм бол би чамтай хамт амьдарна гэж хэлсэн чинь уурлаад чи хугацаа заадаг хэн бэ, чи надаас сална гэсэн үү, чи дарамттай байна гэлүү, дарамтыг би чамд харуулна гээд намайг зодоод эхэлсэн. Тухайн үед миний нүүр рүү цохиод зүүн нүд хавтгаад, хоёр гараараа мөр цээж рүү цохиж зодсон байсан. Тэгж байгаад сүүлдээ хутга бариад өөрийнхөө амийг хорлоно гээд байсан. Тэгэхээр нь би шөнийн 02 цагийн үед том хүүхдээрээ өвөө рүү нь утсаар яриулаад дуудуулсан чинь 02 цаг 30 минутын үед манай аав Энхбат ирчихээд больцгоо харанхуй шөнө хэрүүл маргаан хийгээд гэж хэлж байгаад учраа олцгоо гээд явчихсан. Тэгээд Эрдэнэчулуун унтчихсан. Тухайн үед Эрдэнэчулуун намайг унтлагын өрөөнд оруулчихаад хамт байлгаад байсан. Надад гар утас байгаагүй болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй. Манай нөхөр эрүүл байхдаа бол зүгээр байдаг. Архи уухаараа агсам тавиад хэл үгээр доромжлоод зовоогоод байдаг. Урьд нь намайг зодож байсан зүйл байхгүй. Эрдэнэчулуун заримдаа архи ууж ирчихээд хэл амаар дарамтлаад байдаг юм. 2018 онд бол 3 удаа шөнө согтуу ирчихээд хэл үгээр доромжлоод байсан. Эрдэнэчулуун байнга архи уудаггүй, хааяа л уудаг. Миний нүд хавдаж хөхөрсөн бас хамар хавдсан, гарын шуунд зулгарсан байсан. Миний нүүр рүү гараараа цохьсоноос болж нүд хамар хавдсан. Бас хоёр гарын бугуйнаас атгаж бариад зулгалсан. Тухайн үед хажууд хүн байгаагүй, манай хоёр хүүхэд хажуу талын өрөөнд байсан. Би сүүлд нь аавыг дуудаж ирүүлсэн. Миний хувьд Эрдэнэчулууныг дахин ийм үйлдэл гаргаж намайг зодохгүй байлгах гэж цагдаад өргөдөл гаргасан юм. Бусдаар бол ял шийтгэл эдлүүлэх бодол байхгүй байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл бол байхгүй. Би Шүүх хуралд оролцохгүй, хэргийн матералтай танилцахгүй.” гэх мэдүүлэг /хх 6-7 дугаар хуудас/,

Яллагдагч Ч.Э  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэртэйгээ 2018 оны 10 дугаар сараас хойш архи уусан, хардсан шалгаанаас болж жаахан таарамж муутай байсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой би гадуур найзтайгаа пиво уучихаад 23 цагийн үед гэртээ очсон. Тэгэхэд манай эхнэр ажлаасаа ирээгүй байсан. Тэгээд 00 цаг өнгөрч байх үед эхнэр ирсэн. Тэгээд би эхнэрийг ажлаа тараад эрт ирсэнгүй гэж хэлснээс болоод маргалдсан. Эхнэр сална гэхээр нь миний уур хүрээд хэрүүл хийж байгаад би эхнэрийнхээ нүүр рүү нь алгадсан. Бас хоёр гарынх нь шуунаас бариад тавихгүй зууралдсан. Тэгж байгаад хэрүүл хийхээ болиод салсан. Шөнө бид хоёрыг хэрэлдэж байхад манай хадам аав Э т ирсэн. Тухайн үед манай том хүүхэд утсаар яриад дуудаад байсан юм. Тэгээд хадам аав бид нарыг хэрүүл маргаанаа больцгоо гэж хэлчихээд явчихсан. Түүнээс хойш дахин хэрүүл маргаан хийгээгүй унтаж амарсан. Би урьд нь Э.У г зодож байгаагүй. Э.У  надаас сална гээд байдаг болсноос болж би уурласан юм. Э.У  архи уугаагүй эрүүл байсан. Э.У  намайг зодож цохиогүй.” гэх мэдүүлэг /хх 26-27 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Э.У гийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 14 дүгээр хуудас/,

Хохирогч Э.У гийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 4 дүгээр хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 20-21 дүгээр хуудас/, Компьютер Томографиийн шинжилгээ /хх 22 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Ч.Э ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.Э ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүх шүүгдэгч Ч.Э ы үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Ч.Э  шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч Э.У  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ. 

                   Эрүүгийн 1928000000008  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолт /хх 31 дүгээр хуудас/,Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлот /хх 32 дугаар хуудас/, Бакалаврын дипломын хуулбар /хх 33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 34 дүгээр хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 35 дугаар хуудас/, арилжааны банкуудын тодорхойлолт /хх 37-44 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх 45 дугаар хуудас/ шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Ч.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дэлгэрмөрөн овгийн Ч.Э ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ