Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01622

 

 

 

 

 

 

2023 08 18 210/МА2023/01622

 

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/01898 дугаар шийдвэртэй

Г.О-ын нэхэмжлэлтэй, **********ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. **********ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1465 тоот тушаалаар намайг ********** тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэл нь ирцийн зөрчил болон тооцооны төвийн зээлийн эрхийн хэмжээ хэтрүүлсэн гэх хоёр үндэслэлийг заасан. Дээрх зөрчлүүдийг Дотоод хяналт шалгалтаар тогтоосон. Дотоод хяналт нь Монгол улсад мөрдөгдөж буйхууль тогтоомжийн дагуу ******** нь **********ХК-ийн тогтолцоо, эрх зүйн баримт бичигт нийцсэн эсэхийг нягтлан шалгаад зөрчлөөс урьдчилан сануулдаг ба хэрэв зөрчил гарсан тохиолдолд үүрэг даалгавар өгөх ёстой байдаг. Уг хяналт шалгалтаар гүйцэтгэх захирлын тушаалд дурдагдаад буй 2022.08.18, 19, 26-ны өдрийн ирцийг тодруулсан. 

1.2. Манай тооцооны төв 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд засварын ажилтай байсан. Бид тооцооны төвийн ашиг болон бусад ажиллагааг харгалзан үзээд засварын ажлыг хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад оруулсан. 2022.08.18-ны өдөр тооцооны төв ажиллаагүй нь касс хаах дэвтэрт бичигдсэн. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө тохижилтын ажил дутуу байсан тул бид кассаа нээж хэвийн ашиглалтад оруулсан. Бид гадуур ажиллахдаа гадуур ажилласан бүртгэлийн дэвтэрт хэдэн цагт хаашаа явсан тухайгаа тэмдэглэл үйлддэг. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр уулзалт товлож гадуур ажилласан бүртгэлийн дэвтэрт бүртгүүлсэн. Мөн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100 айл худалдааны төв руу явсан тул гадуур ажилласан бүртгэлийн дэвтэрт бүртгүүлсэн. Бид гадуур ажиллаж, харилцагчидтайгаа уулзаж, чанаргүй зээлээ төлүүлдэг, сар бүр төлөвлөгөөтэй ажилладаг. Би ажлын байрны тодорхойлолтын дагуу гадуур уулзалтын дэвтэрт бүртгүүлж, гадуур уулзалт хийсэн.

1.3. Зээлдэгч Б.Ө-д амины орон сууц бариулах зориулалтаар 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 70,000,000 төгрөгийн зээлийг харилцааны менежер судалж, уг зээлийг олгох боломжтой байна гэж үзсэн. Харилцагч нь ****** банкинд 14,875,788 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тул үүнийг хаахаар судалсан байсан. Улмаар зээлийн хороо хуралдан 100 хувийн ирцтэйгээр зээлдэгч Б.Ө-д 14,875,788 төгрөгийн зээлийг хаагаад 70,000,000 төгрөг олгох шийдвэр гарсан. Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Г.О нь ****** банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1665 тоот тушаалаар ******** тооцооны төвд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд захирлаар ажиллаж байсан ба гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1467 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дах заалтын дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн хуулийн 80.1.5 дахь хэсэгт ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Нэхэмжлэгч Г.О нь *******банкны Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.41, 24 дүгээр зүйлийн 24.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.41, 12 дугаар зүйлийн 12.4.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн ноцтой зөрчлийг гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдийг *******банкны дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоосон. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь уг маргаан таслах комисст хандаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О-ыг **********ХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа ********** тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч **********ХК-иас ажилгүй байсан цалин хөлс 19,580,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т хугацааны олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч **********ХК нь нэхэмжлэгч Г.О-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч **********ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 255,853 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ажил олгогч **********ХК-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тул талуудын хөдөлмөрийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хуулийг илтэд зөрчсөн. Учир нь тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор **********ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй байхад шүүх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй мэтээр тайлбарлан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлд зээлийн хорооны бүрэлдэхүүн хэлэлцэх асуудлыг тодорхойлсон бөгөөд 10.6.1-д хэсэгт дараах харилцагчид зээлийн уян хатан нөхцөл тогтоох, тавигдах шаардлагад хөнгөлөлт үзүүлэх тохиолдлыг тусгасан. Мөн 2 дугаар зүйлд банкны найдвартай зээлдэгч гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрт олгосон эрхээ хэтрүүлж зээл олгосон гэж үзэхээр байх хэдий ч тухайн зээлдэгчийн хувьд *******жинхнэ албан хаагч, мөн банкны найдвартай зээлдэгч болох нь түүний зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлдэгчийн анкет зэрэг баримтаар тогтоогдож байх ба энэ нь зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийн уян хатан нөхцөлөөр зээлдэгчид зээл олгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэхээр байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь зээлийн үйл ажиллагааны журмын 10.6.1 дэх дэд заалтад заасан журмын хэрэглээг тогтоохын тулд зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.48 дахь хэсэгт байнгын найдвартай зээлдэгч гэж тус банк дахь харилцах дансаараа дамжуулан тогтмол төлбөр тооцоо хийдэг зээлдэгчийг гэж, 3.50 дахь хэсэгт зээлийн уян хатан нөхцөл гэж бүтээгдэхүүн тус бүрд баримтлах нөхцөлөөс өөрөөр буюу Активын пассивын удирдлагын хорооноос тогтоосон зээлийн доод хүү, зээлийн бодлогод заасан зээлийн хэмжээ, хугацааны хязгаарт багтаан нөхцөл тогтоох, шимтгэл, хураамжаас хөнгөлөх, урьдчилгаа төлбөрийн хэмжээ өөрчлөхийг гэж тус тус заасны дагуу банк нь өөрийн зээлдэгчийн найдвартай, стратегийн ач холбогдол бүхий этгээд мөн эсэхийг тогтоон түүнд уян хатан нөхцөл олгох боломжтой эсэхийг тогтоосны үндсэн дээр зээлдэгчид олгоход тавигдах шаардлага, хүү, шимтгэл, хураамж зэрэг нөхцөлийг хөнгөлөх эсэх асуудлыг зохицуулах заалт байхад шүүх нь тус зээлийн хорооны эрхийн хэмжээ хэтрүүлсэн үйл баримттай холбож тайлбарласан нь бодит байдалтай нийцээгүй.

Ажил олгогчийн зүгээс эрхийн хэмжээ хэтрүүлсэн талаар тогтоож шийдвэрлэсэн байхад 70,000,000 төгрөгийн эрхийн хэмжээг хэтрүүлсэн нь уян хатан нөхцөл гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх *******банкны зээлийн үйл ажиллагааны журмын 10.6.1 дэх дэд заалтыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэж буй тохиолдолд бусад зүйл заалтыг дүгнэх ёстой байсан боловч огт хэрэглээгүйгээр барахгүй, журамд заасан нэр томъёоны тайлбарыг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн болох нь шүүхийн шийдвэрт дурдсан тус тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журам, гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/334 тоот тушаалаар тогтоосон зээл шийдвэрлэх эрхийн хэмжээ болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр ********** тооцооны төвийн зээлийн шийдвэрлэх эрхийн хэмжээ нь 70,000,000 төгрөг бөгөөд зээл хүсэгч Б.Ө 70,000,000 төгрөгийн зээл хүсч, мөн тухайн үед буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар 14,875,788 төгрөгийн үлдэгдэлтэй, *******банкны зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5.1-т заасан томъёоллоор нийлбэр дүн нь 84,875,788 төгрөг болж, Чулуун шатны буюу салбарын зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх ёстой байдал тэр эрхээ хэрэгжүүлэлгүй, эрхээ хэтрүүлж зээл олгосон болох нь хангалттай тогтоогдсон бөгөөд түүнийг зөрчил гэж дүгнэсэн боловч уян хатан нөхцөл тогтоосон гэж үзсэн нь хууль зөрчиж, шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг тал бүрээс дүгнэлт өгөөгүй, хайнга хандаж шийдвэрлэсэн гэж дүгнэх хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тооцооны төв ажиллаагүй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний бие гадуур ажилласан. **********ХК-ийн зүгээс 2 теллерээр ирцээ бүртгүүлсэн гэх боловч баримтаар нотолж чадаагүй. Харин эрх хэмжээ хэтрүүлсэн гэх асуудалд зээл олгох журамд хүү, хэмжээг бууруулж, уян хатан нөхцөлийг олгодог. Гэтэл тухайн 70,000,000 төгрөгийг олгох ёстой байхад 14,000,000 төгрөгийг илүү олгосон эдийн засагчид арга хэмжээ авч, сахилгын шийтгэл оногдуулсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Мөн зээлийн гүйлгээний талаарх мемориалын баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч **********ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. **********ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/227 тоот тушаалаар Г.О-ыг Баянзүрх дүүрэг салбарын харьяа ********* тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1467 тоот тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Баянзүрх дүүрэг салбарын ********* тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.

3.в. Г.О-ыг ажлаас чөлөөлсөн тус банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1467 тоот тушаалд ... зээл олгох журмыг зөрчсөн, мөн ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулахыг хориглох заалтын журмыг зөрчсөн... гэх үндэслэл заан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан байна.

 

 3.г. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар ажилтан Г.О-ын 2022 оны 08 дугаар сарын цагийн бүртгэлд 18, 19, 26-ны өдрийн ирсэн, тарсан цагийг бүртгэсэн баримт авагдсан боловч хяналт шалгалтын тайланд тухайн өдрүүдийн ирцийг бусдаар бүртгүүлсэн болохыг тогтоосон гэж үзэж түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болоогүй, гэрчийн мэдүүлгээс үзэхэд хяналт шалгалтын тайланг үнэн зөв эсэхэд эргэлзээтэй, түүнчлэн хяналт шалгалтын тайланд дурдсан Г.О-ын 2022.08.18, 2022.08.19-ний ирцийг бүртгэсэн гэх нэр бүхий этгээдээс тодруулга аваагүй, тэрээр өөрийн ирцийг бусад этгээдээр бүртгүүлсэн гэх үйлдэл нь бусад бичгийн баримтаар тогтоогдоогүй, ажил олгогч тушаалын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэжээ. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

4. Зохигчид Г.О-ыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Б.Ө-д эрхээ хэтрүүлж зээл олгосон зөрчил гаргасан эсэх талаар маргасан.

 

4.а. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь Зээлийн үйл ажиллагааны журмын 10.6.1.д хэсэгт дараах харилцагчид зээлийн уян хатан нөхцөл тогтоох, тавигдах шаардлагад хөнгөлөлт үзүүлэх тохиолдлыг тусгасан ба 2 дугаар зүйлд банкны найдвартай зээлдэгч гэж тодорхойлсон бөгөөд тухайн зээлдэгчийн хувьд *******жинхэнэ албан хаагч мөн банкны найдвартай зээлдэгч болох нь түүний зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлдэгчийн анкет зэрэг баримтаар тогтоогдож байх ба энэ нь зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийн уян хатан нөхцөлөөр зээлдэгчид зээл олгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

4.б. **********ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А/334 тоот тушаалаар Баянзүрх дүүрэг салбарын харьяа ********* тооцооны төвийн зээлийн эрхийг 70,000,000 төгрөг болгон шинэчлэн баталсан байх бөгөөд Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5.1-д салбар тооцооны төвийн зээлийн хорооны зээл шийдвэрлэх эрхийн хэмжээ нь тухайн зээлдэгч түүнтэй холбогдох этгээдийн бусад банк, санхүүгийн байгууллага, банк дахь зээлийн үлдэгдэл болон нэмж хүсэж буй зээлийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно гэсэн байна. /хх 58-80, 153-154/

 

4.в. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хороо хуралдан зээлдэгч Б.Ө-д 70,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй зээлдүүлэх шийдвэр гаргахдаа зээлдэгчийн ******* банк ХХК-ийн зээлийн үлдэгдэл болох 14,875,788 төгрөгийн зээлийг хаалгахгүйгээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 70,000,000 төгрөгийн зээл болгосон нь хэрэгт авагдсан мемориалын баримт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн бусад банк санхүүгийн байгууллага банк дах зээлийн үлдэгдэл болон хүсэж буй зээлийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдохоор байхад зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5.1-д заасныг зөрчиж зээлдэгчийн үлдэгдэл зээл дээр нэмж 70,000,000 төгрөгийн зээл олгож, зээлийн эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

4.г. Мөн нэхэмжлэгч нь Зээлийн хорооны ажиллах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д банкны зээлийн хорооны түвшин бүрэлдэхүүн, зээл шийдвэрлэх эрх мэдэл, хэлэлцэх асуудлын хувьд *******банкны зээлийн бодлогын 7, 12 дугаар зүйл, зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлд заасныг тус тус дагаж мөрдөнө, мөн Зээлийн бодлого-ын 7.6-д салбар, тооцооны төвийн зээлийн хороо нь олгосон эрх мэдлийн хэмжээнд багтаан салбар, тооцооны төв болон харьяа нэгжийн зээлийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх ба эрхээс давсан тохиолдолд зээлийн ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, мөн Зээлийн үйл ажиллагааны журам-ын 8.2.2.ж-д бүх шатны зээлийн хорооны дарга, гишүүн, зээлийн ажилтан эрх мэдлээ хэтрүүлж зээлийн хорооны шийдвэрийг зөрчих, мөн журмын 10.6.4.а-д олгосон эрх мэдлийн хэмжээнд багтаан зээлийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх гэж заасныг тус тус зөрчсөн байна. /хх28-30, 51-56, 58-80/

 

4.д. Иймд ажлын байрны тодорхойолтын 7-д ...зээлийн бодлого, журмыг мөрдөж зээлийн үйл ажиллагаанд шат дараалсан хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргээ нэхэмжлэгч Г.О-ыг нь биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. /хх102-106/

 

4.е Түүнчлэн, **********ХК-аас Баянзүрх дүүрэг салбарын харьяа ********* тооцооны төв болон Баязүрх тооцооны кассад дотоод хяналт, шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хийсэн байх бөгөөд уг шалгалтын тайлангаар зээлдэгч Б.Ө-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 70,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгохдоо зээлийн өргөдлийн маягтад зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, үндсэн зээлдэгчийн нэр дээр 14,875,788 төгрөгийн бусад банкны зээлийн үлдэгдэлтэй байхад тооцооны төвийн зээлийн хороогоор шийдвэрлэсэн нь *******банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/334 тоот тушаалаар ********* тооцооны төвийн эрхийг 70,000,000 төгрөгөөр баталсан байхад зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлж олгосон болох нь нотлогджээ. /хх107-116/

 

Иймд Хөдөлмөрийн гэрээний 7.4.41, Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.41-д тус тус заасан өөрт эрх олгогдоогүй зээлийн хүсэлтийг судалсан, зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэснийг үндэслэн ажилтныг ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангав.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага тайланг хэлэлцэн ажил олгогчид ажилтныг ажлаас чөлөөлөх санал гаргаснаар ажил олгогч зөрчлийг илрүүлсэн гэж үзэх ба ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тушаал гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч **********ХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа ********* тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/01898 шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч **********ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч **********ХК-иаас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 255,853 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ