| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0012/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ш.С / өөрөө өөрийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шаравнямбын Сд холбогдох 1829002990001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.С нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Цэцгэн бууз цайны газраас иргэн М.Лувсандоржийн гар цүнхийг хулгайлж бусдад 1,660,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/
Хохирогч М.Лувсандоржийн өгсөн: “...Цэцгэн бууз нэртэй цайны газарт орж хоол идэхээр болоод тэнд хамтдаа орсон улмаар би барьж явсан цүнхээ тэнд үлдээгээд “гарч бие засчхаад ирье” гээд гарсан удалгүй бие засчхаад ороод ирсэн чинь надтай хамт явсан залуу миний цүнхийг аваад хаашаа явсан нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон байсан. Тэгээд би согтуу болоод гадуур өөрийнхөө боломжоор хайсан боловч олдоогүй. Тэгээд удалгүй миний картаас зарлагын гүйлгээ хийгдэж эхлээд нийтдээ дансанд байсан 1,587,000 төгрөгийг уншуулж гүйлгээ хийж авсан байсан. Миний авч явсан цүнх болон дотор нь байсан хувцас байхгүй болсон. ...надад өөрийнхөө нэрийг Сосороо гэж танилцуулж байсан. Бүтэн нэрийг нь би мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би харвал сайн танина...” /хх-ийн 9-11-р хуудас/
Хохирогч М.Лувсандоржийн дахин өгсөн: “...миний зүгээс нийт 1,672,000 төгрөгийн хохирол учирсан. С нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор бүх хохирлыг барагдуулна гэсэн тул миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Ч.Гүнсмаагийн өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Цэцгэн бууз нэртэй цайны газрыг түрээслэн ажиллуулдаг юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед манай гуанзанд нэг согтуу хүн данс хаагаад өгөөч миний данснаас 20,000 төгрөг хүн авчихлаа гээд сандраад зогсож байсан тэгээд хаах гээд банкны лавлах утас руу залгаад байж байх үед дахин гүйлгээ хийгдэж 1,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд тухайн үедээ хамт явсан хүнээ хайгаад манай гуанзнаас гараад явсан... /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Д.Даваадэлгэрийн өгсөн: “...гаднаас нэг залуу орж ирээд “манай нөгөөд залуу хаачсан юм бэ” гэж асуухаар нь би “мэдэхгүй би гарч явсныг нь мэдсэнгүй” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу энэ хүн намайг хаяад явахгүй байлгүй дээ гээд манай гуанзанд жаахан хүлээгээд сууж байснаа гэнэт утсаа гаргаж ирээд утсаа цэнэглэж байгаад асаасан чин тухайн хүний данснаас 20,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тантай хамт явсан найз чин биз дээ” гэсэн чинь “үгүй ээ би энэ хүнтэй саяхан танилцсан юм сайн танихгүй” гэж хэлсэн. Тэгээд миний дансыг хаагаад өгөөч гэж хэлээд зогсож байхад гаднаас Гүнсмаа эгч орж ирээд дансыг нь хаалгах гээд банкны лавлах утас руу залгаж байсан чин дахин гүйлгээ хийгдэж 1,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд тэр залуу сандраад өнгөө залуугаа хайгаад гараад явсан... /хх-ийн 19-20-р хуудас/
Ш.Сын яллагдагчаар өгсөн: ”...нөгөө ах бид хоёр буудлаас гарч яваад “Эрдэнэ” супер маркетаас нөгөө ах зайрмаг, ундаа авсан. Тэгээд гар цүнхнээсээ виза карт гаргаж ирээд тооцоогоо хийсэн. Пин кодоо худалдагчид хэлэх үед нь би тогтоож авсан. Тэндээс гараад зүүн талд нь байрлах цайны газарт орж хоол захиалсан байх нөгөө ах гараад явах үед нь би цүнхийг нь аваад тэндээс гарч явсаар Хаан банкны АТМ-д нөгөө ахын виза картыг уншуулж 1,500,000 төгрөгийг бэлнээр нь авсан. Тэгээд узелийн хажууд Улаанбаатар хот явна гэсэн машин байхаар нь суугаад хот явсан. Шөнийн 02-03 цагийн үед Улаанбаатар хот ороод “Голд” нэртэй зочид буудалд орж унтсан ба картаар буудлын тооцоо 50,000 төгрөгийг хийсэн. Тэндээ унтаж байгаад өглөө босоод 3-р хороолол орж 25,000 төгрөгийг картаас уншуулан ноосон малгай авч өмссөн. Тэгээд картанд байсан мөнгө дууссан учир картыг хаясан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 44-51-р хуудас/
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 01/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/
Шүүгдэгч Ш.Сын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ш.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 34-37-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Сын гурван талаас нь харуулсан фото зураг, гарын хуруун дардас /хх-ийн 38-40-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Сын гараар бичсэн хүсэлт “...Ш.С би М.Лувсандоржийн 300,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдэгдэл 1,360,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-нд барагдуулж дуусгахаар тохиролцсон болно...” гэх /хх-ийн 60-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ш.С нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Цэцгэн бууз цайны газраас иргэн М.Лувсандоржийн гар цүнхийг хулгайлж бусдад 1,660,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч М.Лувсандоржийн өгсөн: “... нийтдээ дансанд байсан 1,587,000 төгрөгийг уншуулж гүйлгээ хийж авсан байсан. Миний авч явсан цүнх болон дотор нь байсан хувцас байхгүй болсон. ...надад өөрийнхөө нэрийг Сосороо гэж танилцуулж байсан. Бүтэн нэрийг нь би мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би харвал сайн танина...” /хх-ийн 9-11-р хуудас/, Хохирогч М.Лувсандоржийн дахин өгсөн: “...миний зүгээс нийт 1,672,000 төгрөгийн хохирол учирсан. С нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор бүх хохирлыг барагдуулна гэсэн тул миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 12-13-р хуудас/, Гэрч Ч.Гүнсмаагийн өгсөн: “... манай гуанзанд нэг согтуу хүн данс хаагаад өгөөч миний данснаас 20,000 төгрөг хүн авчихлаа гээд сандраад зогсож байсан тэгээд хаах гээд банкны лавлах утас руу залгаад байж байх үед дахин гүйлгээ хийгдэж 1,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд тухайн үедээ хамт явсан хүнээ хайгаад манай гуанзнаас гараад явсан... /хх-ийн 17-18-р хуудас/, Гэрч Д.Даваадэлгэрийн өгсөн: “... тухайн хүний данснаас 20,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гэж хэлсэн. ... банкны лавлах утас руу залгаж байсан чин дахин гүйлгээ хийгдэж 1,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд тэр залуу сандраад өнгөө залуугаа хайгаад гараад явсан... /хх-ийн 19-20-р хуудас/, Ш.Сын яллагдагчаар өгсөн: ”...би цүнхийг нь аваад тэндээс гарч явсаар Хаан банкны АТМ-д нөгөө ахын виза картыг уншуулж 1,500,000 төгрөгийг бэлнээр нь авсан. Тэгээд узелийн хажууд Улаанбаатар хот явна гэсэн машин байхаар нь суугаад хот явсан. Шөнийн 02-03 цагийн үед Улаанбаатар хот ороод “Голд” нэртэй зочид буудалд орж унтсан ба картаар буудлын тооцоо 50,000 төгрөгийг хийсэн. Тэндээ унтаж байгаад өглөө босоод 3-р хороолол орж 25,000 төгрөгийг картаас уншуулан ноосон малгай авч өмссөн. Тэгээд картанд байсан мөнгө дууссан учир картыг хаясан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 44-51-р хуудас/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 01/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Сын урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Шаравнямбын Сыг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 5, 6, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Ш.Сд тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ш.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ш.Сын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА