Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 193

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч О.Үүрцайхын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нарт  холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч , 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Үүрцайх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Мөнхбаяр нь өөрийн эхнэр М.Баярмаагийн хамтаар удаа дараа мөнгө олж өгөхийг хүсэж, өөрсдийн шашны үйл ажиллагаанд нэн шаардлагатай байна гэж гуйсан үндсэн дээр 2015 оны 06-р сарын 02-ны өдөр О.Үүрцайх миний бие нөхөр Б.Мөнхбаяртай нь гэрээг байгуулж 2015 оны 06 сарын 02-ноос 2015 оны 07 сарын 02-ныг хүртлэх 1 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Г.Мөнхбаяр, М.Баярмаа нар нь тухайн сард зээл бүтсэнгүй удахгүй бүтнэ хэмээгээд хүү 500,000 төгрөгийг өгч гэрээг 2015 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар сунгасан. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг төлөөгүй, зээл хөөцөлдөж байгаа гэх боловч уг асуудал өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа, цаашид  зээлдэгч нар нь уг төлбөрийг сайн дураараа төлөхөөс зайлсхийж байгаа тул гэрээнд заасан дагуу зээлийн үндсэн мөнгө 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.                                               

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, 21-1 тоотод  оршин суух Тавхан овогт Гүндсамбын Мөнхбаяр /РД: ЗЮ86050112/, Зуун богдынх овогт Мандахын Баярмаа /РД:ЕН87072507/ нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...нэхэмжлэгч О.Үүрцайхаас 5,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэгч О.Үүрцайхын нэхэмжилж байгаа 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн төлбөрийг бүрэн төлж хохиролгүй болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Үүрцайх нь хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нараас 7,500,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нар нь нэхэмжлэгч О.Үүрцайхаас 2015 оны 06 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар авсан байх ба хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нар нь нэхэмжлэлийн шаардлага  үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг барагдуулахаар тайлбар ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О.Үүрцайхын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нарт  холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,500,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 134,950 төгрөгийн 50 хувь болох 67,475  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 67,475  төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Мөнхбаяр, М.Баярмаа нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 67,475  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    А.ЦЭРЭНХАНД