| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0008/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Иргэдийн төлөөлөгч: Б.Одсүрэн,
Шүүгдэгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжин түшээ овогт Баттулгын Батгэрэлд холбогдох 1829002360159 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Жамсран-Уулын Өвөр 3-2049 А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Жанжин түшээ овогт Баттулгын Батгэрэл РД:ГН93072814/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Батгэрэл нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт согтуугаар иргэн Д.Баярцэнгэл, Ц.Ганбат нарын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батгэрэл мэдүүлэхдээ: ” 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өглөө ажилдаа гараад орой 17 цагт ажлаасаа буугаад тогооч Баярмаагийн төрсөн өдөр байсан болохоор Баярмаа нэг шил архи авсан. Ганбат, Бямбасүрэн бид 3 дэлгүүр орж хараа нэртэй 0,75 литр архийг 17:30 минутын үед аваад байрлах гэртээ авч ороод уусан. Орой 18:30 минутын үед Хосбаяр, Баярцэнгэл, Ганзориг, Балжика нар 2 сагс пиво, 4 шил 0,75 литрын архи авч ирсэн. Орой 21 цагийн үед Балжика дэлгүүр хаахаас өмнө дахиад архи авья гээд 0,75 литрын хараа нэртэй архи, 2 литрийн 6 том пиво авсан. Тэр архийг уугаад Ганбаа бид хоёр хоорондоо зодолдож би гэрлүү очоод хутга аваад Ганбат дээр ирээд хутгалсан, мөн Баярцэнгэл салгах гэж байгаад хутгалуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 7-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Ганбатын “Намайг Батнаа зодож, хутгалах үед хажууд хүн байгаагүй. Сүүлд Баярцэнгэл гарч ирж салгах гэж байгаад мөн хутгалуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Д.Баярцэнгэлийн “Батнаа, Ганбат хоёрыг зодолдож байхаар нь салгах гэж очоод “боль боль” гээд дундуур нь орсон. Тэгтэл гэнэт халуун оргиж ухаан алдчихсан. ... Тэгээд эмнэлэгт сэрэхэд Ганбатыг Батнаа бас хутгалсан байсан. Намайг мөн Батнаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ц.Бямбасүрэнгийн “Манай ажлын Батнаа гэх залуу Ганбат, Баярцэнгэл нарын бие эрх чөлөөнд халдсан. Намайг хэргийн газар очиход Батнаа гар утсаар ээжрүүгээ залгаж “би 2 хүн хутгалчихлаа” гэж хэлж байсан. Мөн манай дүү Баярмаа нь Сумъяаруу гар утсаар залгаад “Батнаа гэрээс хутга аваад гялгар уутаар гартайгаа хамт ороож байгаад гараад явчихлаа” гэж хэлсэн байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Гэрч Н.Ганзоригийн “Миний харснаар Батгэрэл нь Ганбат, Баярцэнгэл нарын бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Балжиннямын “Тухайн үед Батгэрэл нилээн согтоод хүн хүн рүү агсрах гээд “намайг барах уу, дийлэх үү” гэх зэргээр томроод байсан ... Намайг явсны дараагаар Ганбат, Батгэрэл хоёр хоорондоо зодолдсон байсан. Тэгээд түүндээ шаралхаж Батгэрэл нь Ганбат, Баярцэнгэл нарын бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Л.Баярмаагийн “2018 оны 09 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед би хоолон гэрт цэвэрлэгээ хийж байхад Батгэрэл согтуу орж ирээд хоолны ширээн дээр байсан хар иштэй хутга аваад ... баруун гартаа барьж байгаад гялгар уутаар хутгаа гартайгаа бэхэлж ороогоод яваад өгсөн. Би сандраад гар утсаар Сумъяаруу яриад “Батгэрэл ах орж ирээд хутга аваад явчихлаа, та хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд Батгэрэлийн араас гүйн кемпийн хашааны баруун хойд хэсэгт очтол Ганбат хэвлийн хэсэгтээ хутгалуулсан байдалтай гар болон гэдэс, хамар, амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Баярцэнгэл мөн л хэвлийдээ хутгалуулсан байдалтай газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Гэрч Б.Өлзийсүрэнгийн “...намайг хэргийн газарт очиход Батгэрэл нь Ганбатын нүүрэн хэсэгт цохиж байгаа харагдсан. Батгэрэл, Ганбат хоёрыг салгахад Батгэрэл гартаа хутга барьчихсан зогсож байсан. Миний бодлоор Ганбат, Баярцэнгэл нарыг Батгэрэл хутгалсан... Батгэрэл гартаа хар иштэй дунд зэргийн хутгатай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч О.Хосбаярын “... миний унтаж байсан машинаас баруун тийш нилээд зайтай газарт гэрэлд Баярцэнгэл, Ганбат хоёр хэвтэж байгаа харагдсан. Би хүрээд очтол Баярцэнгэл хэвлий хэсэгтээ хутгалуулсан байдалтай газар хэвтэж байсан. Түүний баруун талд Ганбат мөн л хутгалуулсан байдалтай газар хэвтэж байсан... Баярцэнгэл нь Ганбат, Батгэрэл хоёрыг салгах гэж байгаад хутгалуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Д.Сумъяагийн “... Ганбатын хамарнаас цус гарчихсан, хэвлий болон гарандаа хутганы зүсэгдсэн шархтай байсан. Харин Баярцэнгэлийн хэвлийд мөн л хутганы шарх үүссэн байсан. хэрэг гарсан газарт намайг очиход Батгэрэл гарандаа хутга барьчихсан байсан болохоор би Ганбат, Баярцэнгэл нарын биед Батгэрэл халдаж гэмтэл учруулсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч И.Оюунгэрэлийн “... орой 21 цаг өнгөрч байхад ... миний хүү Батгэрэл өөрийн гар утаснаасаа надруу залгаад “Ээжээ би хүн хутгалчихлаа. Та Цагаанхадруу даруй гар” гэж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нилээн согтуу уйлаад ярьж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 482 дугаартай “Д.Баярцэнгэлийн биед хэвлий хөндийрүү нэвтэрч ходоод, өлөн гэдэс, хэвлий гялтангийн ар ханын цоорол бүхий хутгалагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр өвчний түүхийн тэмдэглэсэн цаг хугацаанд /2018.09.25/ үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 483 дугаартай “ Ц.Ганбатын биед хэвлийн хөндийрүү нэвтэрч өгсөх гэдсийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн хөндий дэх цус хуралдалт, гялтангийн арын цусан хураа үүсч хүндэрсэн. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр өвчний түүхийн тэмдэглэсэн цаг хугацаанд /2018.09.25/ үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-н 118-119 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.Батгэрэлийн “... би Ганбат, Батцэнгэл нарыг хутгалсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-150 дугаар хуудас/
Өвчний түүх /хх-ийн 92-102 дугаар хуудас/,
Хохирогч нарын хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 126-138, 144, 175-185 дугаар хуудас/,
Б.Батгэрэлийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 155-157, 159, 186, 187 дугаар хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 192-195 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.Батгэрэл нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт согтуугаар иргэн Д.Баярцэнгэл, Ц.Ганбат нарын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан
-Хохирогч Ц.Ганбатын “Намайг Батнаа зодож, хутгалах үед хажууд хүн байгаагүй. Сүүлд Баярцэнгэл гарч ирж салгах гэж байгаад мөн хутгалуулсан” гэх мэдүүлэг /19-20 дугаар хуудас/,
-Хохирогч Д.Баярцэнгэлийн “Батнаа, Ганбат хоёрыг зодолдож байхаар нь салгах гэж очоод “боль боль” гээд дундуур нь орсон. Тэгтэл гэнэт халуун оргиж ухаан алдчихсан. ... Тэгээд эмнэлэг сэрэхэд Ганбатыг Батнаа бас хутгалсан байсан. Намайг мөн Батнаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 7-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-р хуудас/,
-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 482 дугаартай дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 483 дугаартай дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Батгэрэлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /хоёр, түүнээс олон хүнийг/, зэвсэг хэрэглэж /хутга/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Д.Баярцэнгэлийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 482 дугаартай “Д.Баярцэнгэлийн биед хэвлий хөндийрүү нэвтэрч ходоод, өлөн гэдэс, хэвлий гялтангийн ар ханын цоорол бүхий хутгалагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр өвчний түүхийн тэмдэглэсэн цаг хугацаанд /2018.09.25/ үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр /хх-ийн 66 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Ганбатын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 483 дугаартай “ Ц.Ганбатын биед хэвлийн хөндийрүү нэвтэрч өгсөх гэдсийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн хөндий дэх цус хуралдалт, гялтангийн арын цусан хурааа үүсч хүндэрсэн. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр өвчний түүхийн тэмдэглэсэн цаг хугацаанд /2018.09.25/ үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/- ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт Ц.Ганбатад 5,900,000 төгрөг, Д.Баярцэнгэлд 6,607,927 төгрөг, хохирогч нарыг тээвэрлэсэн онгоцны зардалд 11,250,000 төгрөг төлсөн, энэ хэргийн хохирогч Д.Баярцэнгэл, Ц.Ганбат нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Батгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/-н жил 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих саналын хүрээнд, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Батгэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан цайвар өнгийн хар өнгийн малгайтай хиртэж бохирлогдсон, энгэр хэсэгтээ цус мэт хүрэн улаан өнгийн зйүлээр бохирлогдсон 1 ширхэг цамц, хар өнгийн иштэй ир болон үзүүр хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,2,3,4 дүгээр зүйлийн 4, 36.6, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жанжин түшээ овогт Баттулгын Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн 2 / хоёр/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Батгэрэлийг 3 /гурав/-н жил 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Батгэрэлд оногдуулсан 3 /гурав/-н жил 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч Б.Батгэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Б.Батгэрэлийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Батгэрэл нь хохирогч Ц.Ганбатад 5,900,000 төгрөг, хохирогч Д.Баярцэнгэлд 6,607,927 төгрөг, хохирогч нарыг тээвэрлэсэн онгоцны зардалд 11,250,000 төгрөг төлсөн, энэ хэргийн хохирогч Д.Баярцэнгэл, Ц.Ганбат нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан цайвар өнгийн хар өнгийн малгайтай хиртэж бохирлогдсон, энгэр хэсэгтээ цус мэт хүрэн улаан өнгийн зйүлээр бохирлогдсон 1 ширхэг цамц, хар өнгийн иштэй ир болон үзүүр хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Батгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Батгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА
ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН
ШҮҮГЧ Ц.УРАНГУА