Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01634

 

 

 

 

 

 

 

 

2023 08 21 210/МА2023/01634

 

 

А.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01488 дугаар шийдвэртэй

А.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа явуулах хугацааг 6 сараар хойшлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******** ББСБ ХХК-аас 26,000,000 төгрөгийн зээлийг авч, төрсөн эгч А.Г, хүргэн ах Д.Н нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Дэнж 8 гудамж,***тоот хаягт байршилтай 108 м.кв талбай бүхий 5 өрөө амины орон сууц, 434 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02254 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эрхийг хангахгүйгээр, надад мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хоёр ч удаа албадан дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдаагаар худалдагдсан хашаа байшинд амьдардаг ах, эгч хоёр маань жил дараалан нас барсан. Тухайн төлбөр төлөгчийн 3 хүүхэд манайд байдаг тул эзгүй байхад нь мэдэгдэл ирсэн байж магадгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа хавтаст хэрэгт миний утасны дугаар болон ээжийн утасны дугаар байсаар байтал над руу нэг ч удаа залгаагүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хашаа байшинг зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр зарж борлуулаад доторх эд хөрөнгийг гаргаж холдуулах үедээ манай ээж рүү залгаж хэлсэн байсан. Би дуудлага худалдаа болох талаар мэдсэн бол оролцоод худалдаж авах, эсвэл дуудлага худалдаа болохоос өмнө зарж борлуулах боломжийг олгоогүй.

1.2. Шүүхийн шийдвэрээр төлөх 37,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин дуудлага худалдаагаар хашаа байшинг 25,000,000 төгрөгөөр борлуулсанд гомдолтой байна. Хашаа байшингаа алдаад, дахиад дээр нь өртэй үлдэх нөхцөл байдал үүсээд байна. Дуудлага худалдааг хүчингүй болгоод өгвөл би өөрөө тухайн хашаа байшингаа худалдан авах хүнээ олсон тул худалдан борлуулах боломжтой. **********ББСБ ХХК-ийн зүгээс барьцаанд авах гэж үнэлгээ гаргахдаа өндөр үнэлгээ гаргаж байсан. Харин зарж борлуулахдаа маш хямд үнээр борлуулж, өөрсдөө дуудлага худалдаанд оролцоод худалдаж авсан байдаг. Тиймээс дуудлага худалдаа хууль бус болсон гэж үзэж байгаа тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож, албадан дуудлага худалдаа явуулах хугацааг 6 сараар хойшлуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02254 дугаар шийдвэрээр А.Г-ээс 38,601,338 төгрөгийг гаргуулж ******** ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд А.Г-ийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206015516 дугаартай, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны***тоотод байрлах, 108 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-22060049** дугаартай газрын хамтаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 20290356 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн төлбөр төлөгч А.Г-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 46,432,195 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч ямар нэгэн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Энэ хугацаанд төлбөр төлөгч А.Г- шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 25,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Гэхдээ 2 дахь дуудлага худалдаанд оруулах тогтоол, мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дуудлага худалдаа явагдаж байх хугацаанд дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг төлбөр авагчийн зүгээс гаргаж төлбөр төлөгч А.Г-тэй ярьсан зүйл байгаа, дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт ирүүлээд байна гэсэн тул дуудлага худалдааг хойшлуулсан. Дараа нь төлбөр авагчтай холбогдоход А.Г-тэй ярилцсан зүйл үр дүнгүй болсон тул дуудлага худалдаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул 2 дахь дуудлага худалдааг явуулсан. Дуудлага худалдаа явагдах талаар нэхэмжлэгчид утасдаж мэдэгдээгүйгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

А.Г- 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр авсан зээл байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дуусах ёстой боловч 2015, 2016 онуудад график зөрчин байж хэсэг төлөлт хийсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарсан хэдий ч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сард эхэлсэн. А.Г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаагаа сэргээлгэн гомдол гаргасан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж байгаад 2021 оны 2 дугаар сард ажиллагааг сэргээсний дагуу дахин түдгэлзүүлж, дээд шүүхэд гомдол гаргаж 2022 оны 01 дүгээр сард тогтоол гарч шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ процессууд дунд А.Г хаягтаа байдаггүй тул шийдвэрүүдийг гардуулж чадаагүй гэсэн асуудлууд яригддаг. Хаягтаа байдаггүй нь шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруу биш. Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө зарж борлуулах боломж байсан бол 2022 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж манай компанитай ирж уулзаад энэ тухайгаа хэлэх боломж байсан. Манай талаас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээд явах, эсвэл нэхэмжлэгчийн зүгээс зарж борлуулах боломж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг хүлээж аваагүй нь шийдвэр гүйцэтгэгч, эсвэл төлбөр авагчийн буруу биш. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл харилцан тохиролцож болох байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.6, 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр явагдсан буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-22060155** дугаартай, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны *** тоотод байрлах, 108 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-22060049**, нэгж талбарын 186333057673** дугаартай, 434 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх албадан дуудлага худалдаа явуулах хугацааг 6 сараар хойшлуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Г-эд болгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Төлбөр төлөгч А.Г-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-22060155** дугаартай, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамж,***тоот хаягт байрлах 108 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тус хаягт байрлах эрхийн улсын Г-22060049** дугаартай газрын хамт үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авч хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 46,432,195 төгрөгөөр үнэлэгдсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч А.Г нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул барьцаа хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 25,200,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул шүүхийн шийдвэрийг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаа явуулах тохиолдолд байнгын өөрийн вэб сайтад мэдээлдэг. А.Г- дуудлага худалдаа болохыг мэдээгүй гэж тайлбарладаг боловч төлбөр төлөгчийн үүрэг нь хаягаа өөрчлөх, эсхүл хол газар удаан хугацаагаар явах тохиолдолд мэдэгдэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээллийг авах үүрэгтэй. Хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдэгдэж болно гэсний дагуу дуудлага худалдааг байнгын вэб сайтаар мэдэгддэг, үүнээс харах боломжтой байсан. М.Г нь 2019 онд зээлийн гэрээтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа давж заалдах гомдол, мөн 6 сарын дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Эдгээр процессуудыг мэдсээр байж шийдвэрүүдээ авдаггүй хугацаа авсан байдлаар өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Гуравдагч этгээд буюу төлбөр авагч ******** ББСБ ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол багагүй хугацаагаар хөндөгдөж байна. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.Г нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа явуулах хугацааг 6 сараар хойшлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02254 дугаар шийдвэрээр зээлдэгч А.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 38,601,338 төгрөг гаргуулан ******** ББСБ ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамж,***тоотод байрлах, 434 м.кв талбай бүхий, Г-22060049** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 186333057673** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-2206015516 өмчлөх эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамж,***тоотод байрлах, 108 м.кв талбай бүхий хувийн сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01ий өдрийн 1455 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 гэсний дараа 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн 001/ХТ2022/00117 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 64-66, 129-134/,

 

3.а. Төлбөр төлөгч А.Г дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 62-63, 67/

 

3.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Г-22060049** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 186333057673** дугаартай, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамж,***тоотод байрлах, 434 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон Ү-22060155** өмчлөх эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамж,***тоотод байрлах, 108 м.кв талбай бүхий хувийн сууцны хамт шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20290356/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20290356/03 дугаар тогтоолоор газар, хувийн орон сууцыг тус тус хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх 69-70, 75-76/

 

3.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А.Г-д эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/14006 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/233 тоот тогтоолоор  Файн-Эстимэй ХХК-ийг шинжээчээр томилсон. /хх 78/

 

3.г. Шинжээч Файн-Эстимэй ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамж,***тоотод байрлах, 434 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамж,***тоотод байрлах, 108 м.кв талбай бүхий хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 46,432,195 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх 83-105/

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/87 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч А.Г-эд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/1985 тоот мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх-109/

 

4.а. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2020/08085 дугаар захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20/131 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол гарчээ. Нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын дээд шүүхэд тус тус гомдол гаргасан. /хх 126-128/

 

4.б. Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/25 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч А.Г-д 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4-138/9647 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар түүний оршин суугаа хаяг руу хүргүүлсэн боловч заасан хаягт ийм хүн байхгүй гэх шалтгаанаар хариуцагч байгууллагад буцаасан болох нь хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт, хүргэлтийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Түүнчлэн, хариуцагч талаас дуудлага худалдаа явагдах талаар нэхэмжлэгчид утасдаж мэдэгдээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн. /хх170-174/

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч А.Г-д дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүргүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр явагдсан буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206015516 дугаартай, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны***тоотод байрлах, 108 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-22060049**, нэгж талбарын 186333057673** дугаартай, 434 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх албадан дуудлага худалдаа явуулах хугацааг 6 сараар хойшлуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

6. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлаагүй нь буруу байгааг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.6... гэснийг хасч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт... гэж,

3 дахь заалтыг ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12527 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ