Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1366

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Мэс ажилбарын улмаас учирсан хохиролд 27 446 140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт 900 000 төгрөг төлж хагалгаа хийлгэсэн. Хагалгаа дууссаны дараа баруун нүдэнд өргөс орсон мэт торж, зүүн нүдэнд арай бага торж, дээшээ их татагдаж байсан. Энэ тухай эмч ХХХХ-д хэлэхэд оёоноос шалтгаалж байгаа, 7 хоногийн дараа оёогоо авахуул гэсэн. Гэтэл нүд юм харах боломжгүй болж, минут тутам нулимсаар дүүрч, нүдэнд юм торж маш хэцүү, байнгын хэвтэрт 7 хоносон ба оёдлоо авахуулсны дараа өмнөх байдал хэвээрээ байсан. Энэ тухай эмчид хэлэхэд тийм байх ёсгүй гэсэн. Нүдний мэргэжлийн эмчид үзүүлэхэд хэт их арьс авснаас нүд хаагдахгүй, маш их хуурайшилттай, 2 нүдний эвэрлэг хоёулаа гэмтсэн, гэмтэл нь нүдний хараанд муугаар нөлөөлсөн, 6 сарын дараа арьс нөхөн суулгах хагалгаа хийх боломжтой ч Монгол улсад хийдэггүй гэсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн “Нүдний давхраа засуулах мэс засал хийлгэсний улмаас зовхи бүрэн хаагдахгүй нүдний эвэрлэгийн хуурайшил үрэвсэл бүхий эвэрлэг гэмтсэн өөрчлөлт тогтоогдлоо, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд хохирсон нь тогтоогдсон. 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс “Оюун ухааны боловсролыг дэмжих төв”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн улмаас ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй, сэтгэл санаагаар маш их унаж сэтгэл санаагаа тайвшруулах зорилгоор Амьдрах урлаг бясалгалын хичээлүүдэд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамрагдсан. Иймд “ХХХХ” ХХК-иас нүдний давхраа засуулах мэс ажилбарын улмаас эмчлүүлэхэд гарсан зардал 1 314 633 төгрөг, өнгөрсөн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйгээс болж олох ёстой байсан орлого буюу цалин 9 900 000 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх эмчилгээний зардал 11 281 600 төгрөг, нотариатын зардал 9 900 төгрөг, сэтгэл санааны хохирол 4 940 007 төгрөг, нийт 27 446 140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХХХХХ” ХХК, түүний төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амжилтгүй хийгдсэн давхраа засахад хаван илүү үүсэх, эдгэрэлт удаашрах зэрэг тохиолдол гарч болох бөгөөд нүд болон хараатай холбоотой зовиур, хүндрэлийг нүдний эмчид цаг алдалгүй үзүүлж зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэдэг. ХХХХ-ийн хүсэлтээр 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөр эмнэлэгт амжилтгүй хийгдсэн нүдний давхрааг зохих журамд заасан бэлтгэлийн дагуу мэс ажилбарыг мэргэжлийн түвшинд хийж зассан болно. 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөө ирж үзүүлэхэд нүдэнд юм торох, аргаж нулимс гоожих зовиуртай, шархны талаас ямар нэг өөрчлөлтгүй, дээд, доод зовхи чөлөөтэй нийлж хаагдаж байсан. ХХХХ нь “Орбита” эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан болон эмчилгээ хийлгэсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүйгээс гадна 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр оёдлоо авахуулснаасаа хойш эмчид үзүүлээгүй. ХХХХтэй холбогдох гэж түүний ХХХХХХХХ дугаарын утас руу удаа дараа залгасан боловч хариу өгөөгүй, эргэж холбогдоогүй, дахин нэг ч удаа уулзаагүй. ХХХХд хүндрэл зовиур байгаа бол тэргүүн ээлжинд манайд хандаж зөвлөгөө авч, эрүүл мэндээ хамгаалах, манай зүгээс бүхий л бололцоотой арга хэмжээг авах ёстой байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус гомдол гаргасных нь дагуу тайлбар, мэдүүлэг өгч шаардлагатай баримт бичиг мэдээллийг өгсөн. 2016 оны 01 дүгээр сард гарсан Нүд судлалын салбар зөвлөлийн шинжээчдийн дүгнэлтэд 20 жилийн өмнө Эх нялхсын эмнэлэгт давхраа хийлгэх хагалгаанд орсон, мэс ажилбараас болж нүдний эмгэг тодорхойлогдсонгүй, зовхины гоо сайхны мэс заслын дараа гарч болох нүдний зовиур шаналгаагүй, эвэрлэгийн хуурайшилтын шинж байхгүй, эдгэснийг үгүйсгэхгүй гэж дурдсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2016 оны 04 дүгээр сарын дүгнэлтэд “... дээрх эмгэг нь олон шалтгаантай байдаг ба 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ХХХХ” эмнэлэгт нүдний давхраа засуулах мэс засал хийлгэж зовхины арьснаас их хэмжээгээр авсны улмаас эмгэг үүссэнийг тогтоох боломжгүй байна ...” гэж дурдсан. ХХХХгээс Амьдрах ухааны төвд мөнгө төлсөн баримтыг үзэхэд тэрээр хандив өргөсөн байдаг учир бусдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгсөн хандивыг хохиролд тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. ХХХХ нь төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх боловч төрийн бус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 200 төгрөгөөс тооцсон байна. Солонгос эмнэлгийн эмч нар эвэрлэгийн гэмтэл нь заавал хагалгаанаас үүсэх гэмтэл биш, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа эсэхийг хэлэх боломжгүй, улайх, нулимс гарах нь хагалгаатай хамааралгүй гэж зөвлөгөө өгсөн байна. Гэм хор учраагүй байхад хагалгаа хийлгэж болзошгүй гэдэг утгаар хагалгааны зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас 1 324 533 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 121 707 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 36 143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй. Тухайлбал, ХХХХ” эмнэлэгийн эмч ХХХХ нь мэс засал хийхдээ миний нүдэнд хүндэвтэр гэмтэл учруулсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйн улмаас олох ёстой байсан орлого 9 900 000 төгрөгийн цалингаа алдсан. “Оюун ухааны боловсролыг дэмжих төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын цалин хөлсийг тогтоосон тогтоол, цалинг олгож байсан хүснэгт зэрэг баримтуудаар 1 сарын 1 650 000 төгрөгийн цалин, орлоготой байснаа хангалттай нотолсон. Нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулсныг бодитой авч байсан цалин хөлсийг үгүйсгэх үндэслэл болгон дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ХХХХ” эмнэлэгт хийлгэсэн нүдний мэс ажилбарын улмаас миний нүдний эвэрлэг гэмтсэн, мөн арьснаас хэт их авсан тул нүдээ хааж чадахгүй болсон, үүнээсээ болоод унтаж чадахгүй болох, нулимс тасралтгүй гарах зэргээр бие махбодын хувьд асар хүнд зовиур шанлалд орж зарим эмч нар энэ байдал удаан үргэлжилбэл сохрох ч аюул хүлээж байгаа талаар анхааруулж байсан тул нэг талаас эмчилгээ, нөгөө талаас сэтгэл санаагаа тайван байлгах зорилгоор бясалгалын хичээлд суусан. Иймд сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн. Гэтэл шүүх “... түүний бясалгалын хичээлд сууж, бусдад хандив өгснийг “ХХХХХ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг хэт өрөөсгөл, муйхар дүгнэлт гэж үзэж байна. Мөн “хандив” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 3 гүйлгээ байгаа бөгөөд бусад 399 000 төгрөгийн гүйлгээ нь “бясалгалын хичээлийн төлбөр” гэсэн утгатайгаар хийсэн байхад бүгдийг нь “хандив” гэж дүгнэсэн. Бясалгалын тарифт төлбөр гэж байдаггүй бөгөөд түүнд хамрагдсан хүмүүс ихэнхдээ хандив хэлбэрээр төлбөрөө төлдөг. Энэ нь нэг талаас сэтгэл санаагаа тайвшруулах зорилгоор гандан хийдэд ном айлтгаж байгаатай адил зүйл юм. Үүнийг гэм хорын хохиролд шууд тооцож гаргуулдаг шүүхийн практик тогтсон байдаг. Тиймээс Бүгд Найрамдах Солонгос Улсын “Жин” нүдний эмнэлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газарт үзүүлэхэд тус эмнэлэгээс мэс ажилбар хийхтэй холбоотойгоор 6 410 000 вон буюу 11 281 600 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн. Гэтэл шүүх “хэн гэгч өвчтөн уг эмчид үзүүлсэн нь тодорхой бус” гээд хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нүдээ эргэж хэвийн байдалд нь оруулж эдгээхийн тулд уг мэс ажилбарыг хийлгэхээс өөр аргагүй бөгөөд энэ зардал бол надаас цаашид зайлшгүй гарах зардал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан мэс ажилбарын улмаас хохирсон зардал 1 314 633 төгрөг, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйгээс болж олох ёстой байсан орлогод 9 900 000 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх эмчилгээний зардал 11 281 600 төгрөг, нотариатын зардал 9 900 төгрөг, сэтгэл санааны хохирлыг арилгахтай холбоотой 4 940 007 төгрөг, нийт 27 446 140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мэс ажилбарыг зохих журамд заасан бэлтгэлийн дагуу мэргэжлийн түвшинд хийсэн ба ХХХХ нь оёдлоо авахуулснаас хойш эргэж холбоо бариагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “ХХХХХ” ХХК-ийн эмнэлэгт 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нүдний зовхинд мэс ажилбар хийлгэсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин уг мэс заслын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан эсэх шалтгаант холбооны талаар маргаантай байна.

 

Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 4366 дугаар тогтоолд “... ХХХХ-ийн биед баруун нүдний давхраа засуулах мэс засал хийлгэсний улмаас зовхи бүрэн хаагдахгүй ба нүдний эвэрлэгийн хуурайшил, үрэвсэл бүхий өөрчлөлт тогтоогдлоо ... нүдний давхраа засуулах хагалгаа хийсэн эмч ХХХХ нь хайхрамжгүй хандаж, болгоомжгүй үйлдлээр уг гэмтлийг учруулсан ...” гэж заажээ.

 

Эмч ХХХХ нь “ХХХХ” ХХК-д ажилладаг болох нь хэргийн баримт, зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул “ХХХХ” ХХК-иас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу эмч ХХХ-ын хийсэн мэс ажилбарын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар хариуцагчаас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Мэс ажилбар хийлгэсний хүндрэлтэй холбоотойгоор хариуцагч байгууллагын ажилтныг гэм буруутай гэж үзэж мэс заслын үнэ, эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үүднээс хариуцагч байгууллагын ажилтны гэм буруугийн талаар дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй.

 

Шүүх ажилтны гэм буруугаас учирсан хохирлыг ажиллуулж буй байгууллагаар нь нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн үндэслэлийг тогтоосон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь учир дутагдалтай байх боловч энэ талаар талуудын хэн аль нь гомдол гаргаагүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх мэс заслын хүндрэлээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул ажиллаагүй хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажил, хөдөлмөр эрхлээгүй гэх 2014 оны 03 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын хооронд эмнэлэгт үзүүлж байсан талаар баримт авагдсан /хх.12-22/ боловч эдгээр баримтыг өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн чадвар алдалтыг нотлох баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Мөн нүдний хүндрэлтэй холбоотойгоор бясалгалын хичээлд суух, Бүгд Найрамдах Солонгос Улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлага үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул бясалгалын хичээлд суусны төлбөр, гадаад улсад эмчлүүлэх эмчилгээний зардлыг шаардах эрх үүсэхгүй юм.

 

Хэргийн 28 дахь талд нэхэмжлэгч ХХХХгээс бясалгалын үйл ажиллагаа явуулдаг “Амьдрах урлагийн холбоо” ТББ-д 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 90 000 төгрөгийн, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 180 000 төгрөгийн хандив өргөсөн баримт авагдсан байгаа боловч ийнхүү хандив өргөсөн нь нэхэмжлэгчийн өөрийн нь эрхийн асуудал болохоос мэс ажилбарын дараах хүндрэлээс үүссэн гэм хорыг арилгах зардал гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, мэс ажилбарын дараах хүндрэлийг бясалгалын хичээлд суух замаар эмчлэх шаардлагатай байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар, бясалгалын дээд курс, хичээлийн төлбөр төлснөөс өөр баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бясалгалын хичээлд сууж 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “дээд курс 99 000 төгрөг”-ийг Амьдрах урлаг гэх байгууллагад өгсөн /хх.27/, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ХХХХХ-д “бясалгалын хичээл 300 000 төгрөг” шилжүүлсэн нь эрүүл мэндэд учруулсан гэм хортой шууд шалтгаант холбоотой, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “зайлшгүй” зардал гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр төлж болох талаар заасан ба сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгах талаар хуульд тусгайлан хуульчлаагүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэс ажилбар хийлгэсний дараа, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан дүгнэлтэд “... зовхи бүрэн хаагдахгүй ба нүдний эвэрлэгийн хуурайшил, үрэвсэл бүхий өөрчлөлт тогтоогдлоо” гэж заасан /хх.7/, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч эмчийн 2016 оны 01 дгээр сарын 20-ны өдрийн 03/01 дүгээр дүгнэлт /хх.75/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд /хх.106-108/ нэхэмжлэгчийн нүдний эвэрлэгийн хуурайшилт, үрэвсэл бүхий эмгэг нь мэс ажилбарын үр дагавар гэж шууд үзэхгүй гэж дурдсан боловч түүнийг дахин эмчлүүлэх, гадаад улсад хагалгаанд орох шаардлагатай талаар заагаагүй байна.

 

Мөн хэргийн 33 дахь талд авагдсан “Эмчилгээний тухай тайлбар” гэх баримтаар нэхэмжлэгчийг эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй. Иймд Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх эмчилгээний зардал гаргуулах, сэтгэл санааны хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХгээс төлсөн 288 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

                                                                     ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ