Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 08

 

                                                                                                                                                                                   

 

 

 

 

 

Б.Отгонлхагва, Ч.Мөнх-Эрдэнэ нарт

    холбогдох эрүүгийн хэргийн

                   тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                 Т.Нансалмаа

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                         С.Сувдмаа

Нарийн бичгийн дарга                             А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан гомдлоор Б.Отгонлхагва, Ч.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2016 1900 0166 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн. Яс үндэс халх, эрэгтэй, 31 настай, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 1-04 тоотод оршин суух,  эрхэлсэн тодорхой  ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны  97 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овгийн Балдандагвын Отгонлхагва, /РД:РГ85041911/.

Монгол улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Яс үндэс халх, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, бульдозерын жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Нийслэлийн СХД-ийн 30 дугаар хороо, Хамбын А-2-22 тоотод оршин суух, Төв аймгийн Заамар сумын хоёрдугаар багт малчин, улсаас авсан гавьяа шагналгүй 2005 оны  Баянгол дүүргийн шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан Харчин овгийн Чантуугийн Мөнх-Эрдэнэ, /РД:РЭ77041570/.

 

Шүүгдэгч Ч.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн М.Болдбаатарын эзэмшлийн байшинд Б.Отгонлхагвыг унтаж байхад нь нүүр лүү нь гэрэл тусгаж унтуулсангүй гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар Б.Отгонлхагвын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Отгонлхагва нь согтуугаар санаатайгаар 2016 оны 03  дугаар сарын 14-ний өдөр мөн тус газарт Ч.Мөнх-Эрдэнийг зодлоо гэх хувийн шалтгааны улмаас иргэн М.Болдбаатарын эзэмшлийн байшингийн үүдний таамбарт байсан 5 литрийн хуванцар савтай бензинийг цацаж, асаагуураар гал асааж галдан шатаах аргаар М.Болдбаатарын 7.40*4.10м хэмжээтэй байшинг шатаан устгаж, 500.000 төгрөгийн, байшин дотор унтаж байсан иргэн Д.Баттулгын бие 50 хувьтай түлэгдэн хүнд зэргийн гэмтэл, Д.Чинбатын биед хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Харчин овгийн Чантуугийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Шарнууд овгийн Балдандагвын Отгонлхагвыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатааж, хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн,  гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Харчин овгийн Чантуугийн Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2  дахь хэсэгт зааснаар Б.Отгонлхагвыг 03 жил 06 сарын хугацаагаар хорих   ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт  заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Отгонлхагвад оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт  зааснаар Б.Отгонлхагвын цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцож,

Ялтан Б.Отгонлхагва нь хохирогч Д.Баттулга, Д.Чинбат, М.Болдбаатар нарын  нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Д.Баттулга цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан  зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн асаагуур 1 /нэг/ ширхэгийг устгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мөнх-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, ялтан Б.Отгонлхагвад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорьж,  эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Мөнх-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Отгонлхагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “... Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Төв аймгийн урдчилан хорих төвд хоригдож байгаа Б.Отгонлхагва нь 2016 оны 12 сарын 23-ны өдөр өмгөөлөгч С.Сувдмаа намайг дуудаж уулзах хүсэлт гаргасны дагуу очиж уулзахад би Болдбаатарын байшинд зориуд санаатайгаар галдан шатаагаагүй, гар утсаа цэнэглэх зорилгоор моторыг асаах гэж байгаад гал алдсан. Иймд та миний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 373 тоот шийдвэрт доорх гомдлыг гаргаж байна.

 Төв аймгийн Прокурорын газраас Б.Отгонлхагва нь согтуугаар санаатайгаар 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Ч.Мөнх-Эрдэнийг зодлоо гэх хувийн шалтгааны улмаас иргэн М.Болдбаатарын эзэмшлийн байшингийн таамбарт байсан 5 литрийн хуванцар савтай бензинийг цацаж, асаагуураар гал асааж, галдан шатаах аргаар үйлдсэн гэж, болсон асуудлыг өөрийн нүдээр хараад зогсож байсан юм шиг Б.Отгонлхагвыг ялласан байна.

Гэтэл Б.Отгонлхагва нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргийг мэдүүлэхдээ надад Болдбаатарын байшин болон байшинд байсан хүмүүсийг галдан шатаах зорилго байгаагүй, би гар утсаа цэнэггүй болсон гэхээр нь мотор асаах гээд гэрэл гаргах гэж байгаад асаагуураа андуурч дарсан чинь гал авалцсан юм. Би асаагуурын гэрэл тусгаж байгаад унтарчихаар нь гал гардгийг нь дарсан чинь гал авалцсан... тэгээд айгаад зугтсан, зориуд зугтаагүй, мөн бидний байрладаг байшин гэрэлгүй мотороор гэрлээ асаадаг байсан. Би согтуудаа уг моторыг асаах гэсэн бензингүй байхаар нь ундааны савтай бензинийг хийхдээ харанхуйд бензин орж байгаа үгүйг нь харах гээд асаагуурын гэрэл тусгаж шалгах гээд асаагуураа амандаа зууж, асаагуурын гэрэл гаргаж байтал гэрэл унтарчихаар нь асаах гээд согтуу байсан болохоор гал гаргадгийг нь дарчихсан чинь гал пүр хийгээд дүрэлзэж гарсан, гал алдчихсан юм, түүнээс зориуд галдан шатаагаагүй юм гэж байцаалт өгсөн юм.

Гэрч нарын ихэнх нь моторыг байшингийн урд өрөөнд байсан гэж худлаа мэдүүлсэн. Мотор нь байшингийн таамбарт байсан, хажууд нь бензин байсан нь үнэн. Гэрч Золбоот энэ талаар үнэн мэдүүлсэн байгаа. Золбоот мэдүүлэхдээ “биднийг нүх рүү явахад гадаа байсан, учир нь бид нарыг явахад гэрэлтэй байсан, мотор асааж гэрэл гаргадаг юм. Тэгээд ирэхэд үүдний таамбарт хэн нэг нь оруулаад тавьчихсан байсан. Мягмардалай бид хоёр машинд унтах гэсэн бензин үнэртээд байхаар нь би бензинийг нь машинаас аваад байшингийн үүдний таамбарт моторын хажууд тавьчихаад машиндаа эргэж ирээд унтсан” гэж үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэтэл гэрч Батсайхан “байшин дотор тог гаргадаг ямаха нэртэй мотор байсан. Уг моторыг би оруулж тавьсан байсан юм” гэсэн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, мэдүүлгийн зөрүү арилаагүй, мөн Отгонлхагва утсаа хайгаад байсан, утас чинь цэнэггүй болчихсон байна лээ гэж хэлж байсан. Утсаа хайгаад гэрэд тусгаад байсан гэсэн, гэрэлний хувьд өөрөө 3 зай ордог жижиг гэрэл гэж хэлдэг бол, гэрчүүд гар чийдэн гэж зөрүүтэй хэлдэг юм. Отгонлхагвыг тэр таамбараас гарч байхыг харсан гол гэрч Эрдэнэболд “Отгонлхагва намайг бие засах гээд явахад зөрөөд байшингийн таамбар луу орсон. Би байшингийн үүднээс урагшаа 20-иод алхам яваад бие засаад зогсож байтал гэнэт хүчтэй дуу гарсан, эргээд харахад байшингийн амбаар хэсгээс гал дүрэлзэн асч байшингаас Отгонлхагва гүйгээд гараад ирэхээр нь би өөдөөс нь ухасхийгээд очтол тэр юу ч хэлэлгүй гүйгээд яваад өгсөн гэж мэдүүлсэн болохоос түүнийг зориуд санаатай бензин цацаад шатааж байхыг нь хараагүй гэрч юм. Ер нь тэнд байрлаж байсан хүмүүс тэр өдөр их хэмжээний архи уусан. Бүгд согтуу байсан, мөн байрлаж байсан байшингаа моторын гэрлээр асаадаг байсан. Мөн таамбарт бензин тавьсан байсан, мөн тэр үед Отгонлхагва утсаа олж цэнэглэх гэж мотороо асаах гээд гарал гаргаж байхад түүний дэргэд бензин байсан зэрэг нь хохирогч нарын хэт хайхрамжгүй, сонор сэрэмжгүй байдал энэ хэрэг гарахад шууд нөлөөлсөн. Хохирогч нарын буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн байна. Нөгөө талаар энэ хэргээс болж Б.Отгонлхагва маш их зовлон шаналал үзсэн, түүнийг мөрдөн байцаалтанд байхад хайртай ээж нь 70 настай, хүүгийнхээ араас санаа зовж өвдөж харвалт өгч ухаангүй болсон. Отгонлхагва очиход ухаан ороогүй байж байгаад нас барсан, мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын хохирлыг барагдуулах гэж мотоциклтой ах дүү нартайгаа самарт явж байгаад мотоциклтой ойчиж 10 хоног Мөрөн сумын эмнэлэгт хэвтэж байгаад гэмтлийн эмнэлэг рүү шилжин ирж хэвтсэн. Үүнээс болж Отгонлхагвын зүүн нүдний ухархайн яс цөмөрсөн, хамар муруйсан, баруун шанаа цөмөрсөн, гурван хавирга хугарсан зэрэг гэмтлийг авсан. Одоо Төв аймгийн мөрдөнд эдгээр өвчин шаналалынхаа улмаас унаж даралт нь ихдэж байнга түргэн дуудаж үзүүлж байгаа болно.

Иймд Б.Отгонлхагва нь амьдарч байсан гэртээ гэрэл гаргаж гар утсаа цэнэглэх гэж байгаад гал алдсан тул түүний зүйл ангийг өөрчилж, Болдбаатарын байшинг зориуд галдан шатаасан гэдэг яллагдагчийн өөрийн болон гэрч Золбоот, Батсайхан нарын мэдүүлгээр эргэлзээтэй байгаа тул яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх үүднээс зүйлчлэлийг өөрчлөн, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан 153.1 болгон өөрчилж өгнө үү”  гэжээ.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тиймээс хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Мөнх-Эрдэнэ нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Алтандорнод гэр хороололд байрлах иргэн М.Болдбаатарын эзэмшлийн байшинд согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Отгонлхагвыг нүүр лүү нь гэрэл тусгаж унтуулсангүй гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Отгонлхагва нь согтуугаар санаатайгаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг 40 минутын орчим тус газарт Ч.Мөнх-Эрдэнийг зодлоо гэх хувийн шалтгааны улмаас иргэн М.Болдбаатарын эзэмшлийн байшинтай залгаа зүүн урд хэсэгт байрлах үүдний өрөөнд байсан 5 литрийн хуванцар савтай бензинийг цацаж, асаагуураар гал асааж галдан шатаах аргаар М.Болдбаатарын 7.40х4.10м хэмжээтэй палкан байшинг, 1.60х2.60м хэмжээтэй үүдний хэсгийг хамт шатаан устгаж, хувийн өмчид 500.000 төгрөгийн, уг гал түймрийн улмаас байшин дотор унтаж байсан иргэн Д.Баттулгын биед нүүр хоёр талын чих, хүзүүний ар хэсэг, хоёр талын дал, баруун мөр бугалга, тохой, нилэнхүйд нь сарвууны ар хэсэг, зүүн мөр, бугалганы дээд хэсэг, баруун гуя, өвдөг, шилбэ, тавхайг нилэнхүйд нь, зүүн гуя, шилбэны дотор хэсэг буюу биеийн нийт гадаргуун 35-40% хамарсан 3-р зэргийн түлэгдэл, амь насанд аюултай  хүнд зэргийн гэмтэл, Д.Чинбатын биед баруун, зүүн мөр бугалганы гадна хэсэг, хүзүү, зүүн шууны 3-р зэргийн түлэгдэл, хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Отгонлхагвын  өмгөөлөгч С.Сувдмаагийн  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг судалж үзвэл:

2016 оны 03-р сарын 15-ны өдрийн Хэрэг учралын газарт хийсэн тэмдэглэлд “...байшингийн зүүн урьд хэсэгт 1.60х2.60м хэмжээтэй үүдний амбаарын суурь байв. Уг суурь дотор 4 хөлтэй эргэдэг, дамартай “Тайл” гэх зүйл шатсан байдалтай,  мөн 0.75х0.80 м хэмжээтэй хавтгай төмөр зэрэг зүйл шатсан байдалтай... байшингийн үүдний хэсэгт шатсан мотор байх ба бүх зүйл шатсан байдалтай байв” гэж, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/, гэрч  Г.Бат-Оршихын “...байшин дотор мотор байсан тэр моторыг хэн гэрт оруулсныг мэдэхгүй” гэсэн /хх-140/, гэрч Б.Батсайханы “...Уг мотор байшин дотор гал тогооны өрөөн дотор байсан. Моторт ямар нэг бензин байгаагүй гадаа асааж байгаад бензин нь дуусгаад би оруулж тавьсан юм” гэсэн /хх-141/, гэрч З.Эрдэнэболдын  “...гадаа амбаарт машины гупер, машины доод хамгаалалт төмөр, эргүүлдэг гартай тайл зэрэг байдаг байсан” гэсэн /хх-44/, гэрч Ё.Мягмардалайгийн “...бензин асгараад үнэртээд байхаар нь Золбоотод тэрийг байшингийн тамбарт байсан машины гуперны хажууд тавьчих гээд оруулж тавиулсан” гэсэн /хх-38/, гэрч Ч.Мөнх-Эрдэнийн “...Амбаарт хаалганы ар талд тайл, миний машины арын гупер, кастерын хамгаалалт том төмөр байсан” гэсэн /хх-40/, мэдүүлгээр хэрэг учрал болсон газар буюу  7.40х4.10м хэмжээтэй  байшин дотор мотор, харин  1.60х2.60м хэмжээтэй үүдний хэсэгт буюу амбаарт машины гупер, машины доод хамгаалалт төмөр, эргүүлдэг гартай тайл зэрэг эд зүйл байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Отгонлхагвын “...Би араас нь байшин руу орсон байшин харанхуй болохоор нь буцаж эргээд хаалгаар гарсан тамбарт үүдэнд мотор байсан ба хажууд нь бензин байхаар нь тагыг нь онгойлгоод мотор луу хийх гээд асаагуураа асаадаг дээр дартал гэнэт пүнх гээд гал авалцсан” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл байшингийн үүдийн хэсэгт байрлах 1.60х2.60м хэмжээтэй  амбаарт мотор байсан болох нь нотлогдохгүй байна. Гэтэл шүүгдэгчээс үүдний хэсэгт /амбаарт/ мотор байсан, гэм буруугүйгээр бусдад хохирол учруулсан мэтээр тайлбар гаргаж байгаа нь  үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд зааснаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч  бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зөв байна.  

Дээрх байдлуудаас үзвэл шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч С.Сувдмаагийн “...өөрийн болон гэрч Золбоот, Батсайхан нарын мэдүүлгээр эргэлзээтэй байгаа тул яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх үүднээс зүйлчлэлийг өөрчлөн...өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Ч.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, Б.Отгонлхагвад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд  тохирсон, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-д заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн  байна.  

Шүүгдэгч Б.Отгонлхагвад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолбол зохих байдлууд хангалттай шалгаж тогтоосон байх ба шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул өмгөөлөгч С.Сувдмаагийн давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүх Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан  хүнд гэмт хэрэг үйлдсэн Б.Отгонлхагвад хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтласан нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...52.5...” гэснийг “...52.6...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

3.  Ялтан Б.Отгонлхагвын өмгөөлөгч С.Сувдмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл ялтан болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                   ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА

                                                                                          Т.ЭНХМАА