Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2019/0281

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0178 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0178 дугаар шийдвэрээр: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/32 дугаартай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Сэрээнэндоржийн 13 хувийн хувьцааг Д.Цэцэгээд шилжүүлсэн шилжилтийг, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэнийг, компани ТУЗ-тай болж буй өөрчлөлтүүдийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

      Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч хувьцаа эзэмшигч Б.Б-ийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн учир улсын бүртгэлийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасныг үндэслэн компани хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

     Нэхэмжлэгч нь Б.Б-ийг ажлын хаягтаа байхгүй бол гэрийн хаягаар нь хүргүүлэх эсхүл утсаар нь мэдэгдэж, тэмдэглэл, бичлэг хийж баталгаажуулах боломжтой байхад зүгээр ажлын хаягаар нь явуулаад байхгүй байсан бид мэдэгдсэн гэж ярьж болохгүй.

      Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай зохицуулсан бөгөөд Б.Батхуягийн хуулиар олгосон эрхийг компани зөрчсөний улмаас хуралд оролцоогүй. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй” гэсэн заалтыг зөрчсөн учраас хариуцагч хуулийн дагуу бүртгэхээс татгалзах үндэслэл болсон.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч “А” ХХК-аас “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын 18/32 дугаар “А” ХХК-ийн Г.С-ийн 20 хувийн хувьцаанаас 13 хувийг Д.Ц-д шилжүүлсэн үйлдэл, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэл нэмэгдэх, компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж байгаа өөрчлөлтийг тус тус бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

      Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчаас “... “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.С өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааны 13 хувийг Д.Ц-д бэлэглэх гэрээгээр шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг боловч “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралд хувьцаа эзэмшигч Б.Б оролцоогүй байна. Иймд “А” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан улсын бүртгэгчийн мэдэгдэл үндэслэлтэй” гэж тайлбарлан маргажээ.

      Анхан шатны шүүх уг маргаанд хэрэглэгдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 он/ хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзах үндэслэлийг хуульчилсан бөгөөд 19.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзахаар, 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр тус тус заажээ.

       Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “А” ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг “М” ХХК, 20 хувийг Г.С, “М” ХХК-ийн нийт хувьцааны 25 хувийг Б.Б, 22,5 хувийг Б.Г, 30 хувийг С.С, 22,5 хувийг С.Д нар эзэмшдэг байх бөгөөд “А” ХХК 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ээлжит бус хурал хуралдуулж, тус хуралд хувьцаа эзэмшигч Г.С, “М” ХХК нар оролцож, хурлаар Г.С-ийн 20 хувийн хувьцааны 13 хувийг Д.Ц-д шилжүүлэх, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх, компанийн төлөөлөх удирдах зөвлөлийг байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, С.Д, Б.Г нар нь Г.С-ийн эзэмшиж буй 20 хувийн хувьцааны 13 хувийг Д.Ц-д бэлэглэх саналыг 18/1 дүгээр тогтоолоор дэмжсэн байна.

     Улмаар тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт энэхүү өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гарган, өргөдөлд холбогдох баримтуудыг хавсаргаж хүргүүлжээ.

    Гуравдагч этгээд Б.Б-ийн “...Энэ байгууллагын хувьцаа өөрчлөгдсөн, дүрэм өөрчлөгдсөн талаар хуралдсан тухай надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй, хувьцааны асуудал маргаантай байгаа...”[1] гэх хүсэлтийг үндэслэн тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “...үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасантай нийцээгүй байна.

    Түүнчлэн Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 69.3-т “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно” гэж хуульчилжээ.

     Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд компанийн 50-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хурал хүчинтэйд тооцогдохоор, 50-аас дээш хувь хүрээгүй тохиолдолд уг хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байх тул “М” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б-ийг “А" ХХК-ийн 50-аас дээш хувьцаа эзэмшигч гэж үзэхээргүй байна.

      Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Б нь “М” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 18/1 дүгээр тогтоолтой маргаагүй байх бөгөөд “А” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товыг “М” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Ш 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан[2] гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

       Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...компанийн хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн “...хариуцагч “А” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

      Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа компанийн дүрмийн өөрчлөлтүүдийг бүртгэхийг даалгаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0178 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/32 дугаартай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.С-ийн 13 хувийн хувьцааг Д.Ц-д шилжүүлсэн шилжилтийг, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэнийг, компани ТУЗ-тай болж буй өөрчлөлтүүдийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                                          Ц.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 136 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 148 дугаар тал