Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 194

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мөнхбаясгаланд холбогдох 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Мөнхбаясгалан нь 2012 оны 05 сарын 24-нд цалингийн зээл авахдаа надаар батлан даагч хийлгэсэн. 2013 оны 03 сараас хойш одоо болтол огт холбоо бариагүй. Би цалин дээрээсээ сар бүр тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан. Нийт миний төлсөн мөнгө 1,900,000 төгрөг болсон байна. Уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.                       

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.Мөнхбаясгалангаас 1.900.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнхбаясгалангаас 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан тул нэхэмжлэлийн шаардлгаас 900.000 төгрөгөөс татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь хариуцагч М.Мөнхбаясгалангийн банкны өмнө хүлээсэн үүргээс гүйцэтгэж, зээлэнд 1.900.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба тэрээр уг 1.900.000 төгрөгийг хариуцагч М.Мөнхбаясгалангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Мөнхбаясгалан нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн, хариуцагч 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ганцэцэгт шилжүүлсэн  талаар банкны орлогын баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрснийг  баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мөнхбаясгаланд холбогдох 1,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 900.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Мөнхбаясгалан нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг төлж барагдуулан зохигчид эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж,  хариуцагч М.Мөнхбаясгалангаас 1.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 14275 төгрөгийг гаргуулж улсын орлого  болгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    А.ЦЭРЭНХАНД