Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

            Улсын яллагч: А.Амгалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

            Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пд холбогдох эрүүгийн 1829002480164 дугаартай  хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Б.П нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80-87 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн засмал замын 145 дахь км-т осол гарган, иргэн Г.Гантулгын амь насыг хохироосон, мөн цаг хугацаанд авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П: 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цагаан хаднаас гарч ирээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө машин чирэх гээд байж байтал талийгаач зураг авая гээд машинаа байрлуулж зургаа авахуулчхаад эргэхэд хатуу холбоо авах гээд машин дээр гарсан байсныг мэдээгүй. Маш их гэмшиж байна гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-20-р хуудас/

Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Э.Хатанбаатарын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Эрдэнэсайханы мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Батболдын мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/

Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-52-р хуудас/

Г.Гантулгын өвчний түүх /хх-ийн 54-70-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 29 өдрийн №11294 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-73-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 01 өдрийн №11295 дугаартай  дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 08 өдрийн №94 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-р хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон Замын цагдаагийн газрын нөхөн үзлэг, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 81-82-р хуудас/

Шүүгдэгч Б.Пгийн жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 80-р хуудас/

Шүүгдэгч Д.Пгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжид агуулагдаж буй санаа зорилго нь осол гаргасны дараа санаатай, өөрийгөө илчлэх болон хариуцлагаас зайлсхийх, үйлдэл нь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй, хэргийн газраас зугтсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин шүүгдэгч Б.Пгийн үйлдэлд дээрх гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй.

Учир нь гэрч З.Эрдэнэсайханы “...Талийгаач Гантулга “миний буруугаас боллоо, би асаалттай байсан машин дээр өөрөө гарчихсан юм, энэ хөгшнийг зовоогоод яах юм бэ, цагдаад хэлээд хэрэггүй, харин хурдан эмнэлэг дууд гэж” хэлсэн.” гэх /хх-ийн 32-34-р хуудас/, гэрч С.Батболдын “...П ах эвдэрсэн машиныг, нөгөө машин чиргүүлийг нь тус тус чирээд боомт руу явсан ба орой 21 цагийн үед цагдаа ирж машиныг журмын хашаанд хийж нөгөө хүнийг нас барсан талаар хэлсэн.” гэх /хх-ийн 36-38-р хуудас/, гэрч Р.Болдбаатарын “...Эрдэнэсайхан ах та нар ажлаа бод гэсэн болохоор бид буцах ажилд орсон. Тэгж байтал эмнэлэг ирж, тариа хийгээд талийгаачийг аваад явсан. П ах жолооч олж машиныг нь хойшоо явуулна гээд үлдсэн.” гэх /хх-ийн 41-42-р хуудас/ мэдүүлгүүдээс шүүгдэгч Б.Пд тухайн үед байсан хохирогч гэрч нар хэргийн нөхцөл байдлын үр дагавар, хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаар эерэг найдвар төрүүлсэн, мөн хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үйлдлийг Б.П хийсэн /хх-ийн 33-р хуудас гэрч З.Эрдэнэсайхан “...Гантулгыг дайрсан гэж байсан жолооч өвчин намдаах эм 2 ширхгийг авч ирж өгсөн...” гэх мэдүүлгүүд байна.  

            Иймд шүүгдэгч Б.П нь осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчиллээ.

 Харин Шүүгдэгч Б.П нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80-87 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн засмал замын 145 дахь км-т осол гарган, иргэн Г.Гантулгын амь насыг хохироосон болох нь:

-хохирогч Г.Ганбатын: ”...2018 оны 10 сарын 10-ны өглөө 08 цагийн үед манай дүү П миний утасруу залгаж талийгаач ахыг маань осолд орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Би ахын утасруу залгаж ярихад ах маань их зовиуртай байгаа бололтой “ах нь машин доогуур орчихлоо” гэж хэлсэн. ...ах “би хатуу холбоо салгах гээд машины эмээл дээр суучихсан байж байтал машин хөдлөөд түлшний банк, дугуй хоёрын голоор уначихсан, машин миний дээгүүр гараад явчихсан” гэж ярьж байсан ба бие нь их л зовиуртай байсан. ...бидний зүгээс гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх байх, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/

-иргэний хариуцагч Э.Хатанбаатарын: “...Бид нар осол болж талийгаачийг нас барсны дараа мэдэж талийгаачийн ар гэрийн хүмүүстэй холбогдсон. Талийгаачийн оршуулгын зардалд 3 000 000 төгрөг зарцуулсан гэсэн. Бид нар уг зардлыг төлөх талаар шийдсэн байгаа. Удахгүй төлнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

-гэрч З.Эрдэнэсайханы: “...Гантулгын машиныг чирнэ гэж байсан жолоочийн машины ард талд байсан гурван жолооч бөөгнөрөөд зогсчихсон байхаар нь тийшээ хүрээд очтол Гантулга доошоо хараад газарт хэвтэж байсан, би юу болсон юм бэ?” гэж асуухад чирэгчийн жолооч “баларсан, машин доогуур орчихлоо” гэсэн. Би “яагаад ингэчхэв ээ?” гэхэд тэр жолооч “миний машин дээрээс хатуу холбоо авахаар гарсан байсныг нь харалгүй хөдлөөд дайруулчихлаа” гэж хэлсэн. ...Талийгаач Гантулга “миний буруугаас боллоо, би асаалттай байсан машин дээр өөрөө гарчихсан юм, энэ хөгшнийг зовоогоод яах юм бэ, цагдаад хэлээд хэрэггүй, харин хурдан эмнэлэг дууд гэж” хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/

-гэрч С.Батболдын: “...Би гацсан машины хажууд нөгөө машины жолооч залуутай хамт зогсож байгаад нэг хартал гацсан машины жолооч залуу газар хэвтэж байсан ба П ах машинаа анх зогсож байсан газраасаа хөдөлж нэлээд яваад буцаж хараад зогссон, мөн П ах машинаасаа буугаад нөгөө хүн рүү явж байсан. Бид нар ч тийшээ очсон ба юу болсон талаар нөгөө хүнээс асуухад “миний буруу би явж байсан машин дээр гарах гэж байгаад уначихлаа, миний буруу шүү” гэсэн. Энэ үед машиныг тэнд мөргүүлсэн машины жолооч ах болон П ахтай хамт ирсэн жолооч залуу, П ах бид нар бүгд хамт байсан. Ингээд эвдэрсэн машины жолооч утсаараа түргэн дуудсан ба П ах машинаасаа эм авч ирж тэр хүнд өгөөд тэр хүнийг байсан газраас нь авч өөрийн нь машиныг чирч замаас гаргаад кабинд оруулж хэвтүүлээд түргэн хүлээсэн. Түргэний машин 1 цаг орчмын дараа ирсэн, тэгээд нөгөө хүнийг аваад явсан. П ах эвдэрсэн машиныг, нөгөө машин чиргүүлийг нь тус тус чирээд боомт руу явсан ба орой 21 цагийн үед цагдаа ирж машиныг журмын хашаанд хийж нөгөө хүнийг нас барсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/

-гэрч Р.Болдбаатарын: “...Би машин дотроо ороод арын орон дээрээс хувцас аваад эргээд харахад миний машины урд талд хүмүүс тойрчихсон нэг хүн газарт хэвтэж байхаар нь очиход талийгаач Гантулга газарт хэвтэж байсан. Би очоод яав аа гэж асуухад талийгаач Гантулга “би П ахын машин дээрээс хатуу холбоо авах гэж хэлэхгүй гараад тайлж байгаад унаад дайруулчихлаа” гэж хэлсэн. Талийгаач Гантулга ах П ахад хандаад “таны буруу байхгүй ээ, би хатуу холбоо авах гээд таны машин дээр гарсан юм, таны буруу байхгүй, миний буруу” гэж хэлсэн. ...Эрдэнэсайхан ах та нар ажлаа бод гэсэн болохоор бид буцах ажилд орсон. Тэгж байтал эмнэлэг ирж, тариа хийгээд талийгаачийг аваад явсан.П ах жолооч олж машиныг нь хойшоо явуулна гээд үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 08 өдрийн №94 дугаартай шинжээчийн: “...талийгаачийн цогцост умдаг ясны хугарал, баруун 1-7-р хавирга, зүүн 3-8-р хавирганы хугарал, бага аарцгийн хөндийн цусан хураа, шээс дамжуулах замын тасрал, баруун, зүүн ташаа, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлүүд болно. Талийгаачийн үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас нас барсан байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 76-р хуудас/

зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

            Хохирогч гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээгүй тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

            Хохирол төлбөрийн тухайд:

  Хохирогч Г.Ганбат нь хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй бөгөөд түүнд 3 000 000 төгрөгийг иргэний хариуцагчаас төлсөн, шүүх хуралдаанд суухгүй гомдол саналгүй тухай шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч Б.Пг одоо бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Пг ял шийтгэлгүй үедээ болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, хохирогчид анхны тусламж үзүүлсэн нөхцөл байдал нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй учир мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үнэлж, шүүгдэгч Б.Пг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр буюу нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэхээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар үйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Барга овогт Базаррагчаагийн Пг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Б.Пг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ганбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.УРАНГУА