Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Капитрон банкны нэхэмжлэлтэй,

Ганбилэгийн Цогтхүү, Насантогтохын Цэцэгдэлгэр нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндолгор нар оролцов                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:           

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Г.Цогтхүү, Б.Цэцэгдэлгэр нар нь тус банктай 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №3016-13/87 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000.00 (Гучин сая) төгрөгийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэтэл зээлдэгч Г.Цогтхүү, Б.Цэцэгдэлгэр нар нь 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтөнд зөрчил үүсгэн өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Тус банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Г.Цогтхүү, Б.Цэцэгдэлгэр нарт удаа дараа сануулсан бөгөөд гар утас нь холбогдохгүй, холбогдсон тохиолдолд утсаа авахгүй, мөн шүүхэд нэхэмжилсэн боловч нэхэмжлэлээ гардаж авахаас зайлсхийсэн, албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, байраа түрээслүүлэн нүүсэн зэргээс болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Мөн зээлдэгч Г.Цогтхүү, Б.Цэцэгдэлгэр нар нь БНХАУ-н хилээр нэвтрэн орж, гарч байгаа бөгөөд шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас санаатайгаар зайлсхийж байх тул Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Г.Цогтхүү, Б.Цэцэгдэлгэр нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Иймд тус банкны хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цогтхүү, Б.Цэцэгдэлгэр нар нь тус банктай 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №3016-13/87 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000.00 (Гучин сая) төгрөгийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлээ 2015 оны 04 сарын 25-наас эхлэн төлөөгүй. 2016 оны 03 сарын 24, 4 сарын 08-ны өдрүүдэд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Цогтхүү, Цэцэгдэлгэр нар нь одоо БНХАУ-н хилээр нэвтрэн орж, гарч байгаа сурагтай байгаа юм. Иймд эдгээр хүмүүсийн оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэргийн материалийг шинжлэн судлаав

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу Г.Цогтхүү, Н.Цэцэгдэлгэр нар нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №3016-13/87 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000.00 (Гучин сая) төгрөгийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн байх ба зээлдэгч нар нь Капитрон банкинд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.

Иймд Г.Цогтхүү, Н.Цэцэгдэлгэр нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу тэднийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Ганбилэгийн Цогтхүү нь /РД:ЕО82041675/, Насанбатогтохын Цэцэгдэлгэр нар нь Дорноговь аймгийн Замын-Үүдийн 1-р баг, 35-4 тоотод оршин суудаг байсан талаар зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Капитрон банкны хүсэлтээр Ганбилэгийн Цогтхүү нь /РД:ЕО82041675/, Насанбатогтохын Цэцэгдэлгэр нарыг эрэн сурвалжилсугай.

2. Г.Цогтхүү, Н.Цэцэгдэлгэр нарыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Г.Цогтхүү, Н.Цэцэгдэлгэр нарын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Капитрон банкинд /11328373, 98009798, 99903055/ нэн даруй мэдэгдсүгэй.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД