| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0013/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч М.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчид овогт Мөнхбаатарын Сод холбогдох 1729002840166 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 59-58 БНА улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14, 3.5б дэх хэсэгт заасныг зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт буюу Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай засмал замын 6 дахь км-т иргэн Х.Энхжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн цаг хугацаанд авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө ажлаасаа гараад гуанз орж тамхи авсан. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд тэр хавьд олон согтуу хүмүүс байсан ба 3 эмэгтэй 5-6 эрэгтэй хүн байсан. Дэлгүүр орж тамхи аваад гарч ирээд машиныхаа араар тойроод машиндаа суусан. Ухрах үйлдэл хийхэд орчин хязгаарлагдмал үзэгдэх орчин муу байсан, би зөв талын толиндоо харахад миний толинд нэг хүн цаашаа хараад бие засаад зогсож байсан. Ухрах үйлдэл хийхдээ би баруун гар тал руугаа дараад ухрахдаа баруун гар талынхаа толинд харж ухарсан. Ухрах үйлдэл хийхэд ард түг гэх чимээ сонсогдонгууд ухрах үйлдлээ гүйцэт хийгээд урагшаа чигээрээ хөдлөөд явсан. Эргээд харахад нэг хүн мөргөчихсөн байсан, буух гэтэл олон согтуу хүмүүс байсан учраас би айсандаа бууж чадалгүй хөдлөөд явсан. 500 метр газар яваад хэргийн газар дээр эргэж ирэхэд тухайн хүнийг хүмүүс машинд суулгаад хөдөлж байсан гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-19 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох мөрдөн шалгах ажиллагааны санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлүүд / хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Хохирогч Х.Энхжаргалын: “... Машин намайг мөргөх үед би ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад алхаж байсан. Тэр машин миний нуруу талаас мөргөхөд нь би газарт унасан. Тэр үед хойд дугуйгаараа миний хөл дээгүүр дайраад гарчихсан юм. ... Манай найз Баяраагийн төрсөн өдөр болж байсан. Би нэг хундага архи уусан байсан. Гэхдээ ямар нэг байдлаар согтоогүй байсан. Тэр жолооч машинаасаа ч буугаагүй, шууд давхиад явчихсан. Туслалцаа үзүүлээгүй. Миний баруун хөл хугарсан, одоогоор гүйцэд эдгээгүй, суга таяг тулаад ойр зууртаа явдаг, эмч хэлэхдээ 6 сарын дараа бүрэн эдгэнэ гэсэн. ... Миний зүгээс эмчилгээний зардалд М.Соос 1.500.000 төгрөг авсан байгаа. Эмчилгээний зардал баримтаар 389.000 төгрөг болсон бөгөөд цаашид ажилгүй байх хугацааны цалин болох 15.000.000 сая төгрөг нэхэмжилж байна. Би сард 2.500.000 төгрөгний цалин авдаг байсан, одоо түүнийгээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас /,
Гэрч Б.Буянжаргалын: “...Найзыгаа машинд мөргүүлэхийг яг нүдээрээ харсан. Тэгээд наанаас нь орилж, утсаа шидэж жолоочийг дуудахад нөгөө жолооч урагшаа хөдлөөд явахдаа тормосоо нэг гишгэх шиг болоод /тормосны гэрэл нь ассан/ машин зогсоогүй, тэр чигээрээ урагшаа чиглээд явчихсан. Тэгэхэд нь би номер дугаарыг нь харж авсан юм. ... Тэр жолооч орчны байдлыг биеэрээ шалгаагүй. Гуанзны гэрээс гүйж гарч ирээд асаалттай орхисон машиндаа суугаад нилээд хурдтайгаар шууд ухарсан. Ямар нэгэн анхааруулах дохио үйлдэл хийгээгүй. ... Өмнөхөн нь бид нар гуанзанд хоол идчихээд гарч ирсэн юм. Манай найз Баяраагийн төрсөн өдөр болоод Баяраа бид хоёр нэг шил архи хуваан уусан. Тэр архинаас Энхжаргал нэг л хундага уусан байсан. Энхжаргал биеэ ямар нэгэн асуудалгүй хэвийн авч явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч Б.Сүх-Эрдэнийн: “... гэрийн үүдэнд зогсож байсан жижиг тэрэг ухрахдаа манай найз Энхжаргалыг мөргөж унаган, жолоочийн эсрэг талын арын дугуйгаараа хоёр хөл дээгүүр нь гараад урагшаа явахдаа мөн хоёр хөл дээгүүр нь гараад чигээрээ явчихаар нь бид араас нь хашгирсан боловч зогсолгүй чигээрээ засмал зам руу ороод давхиад явчихсан. Тэгэхээр нь такси дуудаад Энхжаргалыг аваад эмнэлэг дээр ирсэн. ...Манай найз Буянжаргал хэлэхдээ 59-58 гэсэн дугаартай машин байсан гэж ярьсан. ...Сигнал өгсөн зүйл байхгүй. Намайг гуанзнаас гарч ирэхэд мөргөөд унагаж байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийн жолооч орчноо өөрийн биеэр шалгасан эсэхийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Гэрч Д.Мөнхбадралын: “... Дээрх тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай найз охин Номин-Эрдэнийн төрсөн дүү нь болох М.С Өмнөговь аймагт эзэмшиж байгаа юм. Ер нь С хүнээс худалдаж авахдаа миний нэр дээр бүртгэл хийлгэж авсан гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд М.Сын гэрчээр өгсөн: “...Машиндаа суугаад хоёр талын толио хараад чигээрээ ухарч байгаад баруун гар луугаа дараад ухартал хойно түг хийгээд явчихсан. Би тэр чимээг сонсоод шууд машинаа зогсоолгүй ухрах үйлдээ үргэлжлүүлээд машинаа хойш чигт харуулж зогсоогоод хартал миний дараад ухарсан газарт хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би дайрсан гэдгээ мэдээд айсандаа машинаасаа буулгүй, машинтайгаа тэндээс явчихсан юм. Араас хүмүүс хашгиралдаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13952 дугаартай: “Х.Энхжаргалын биед баруун шилбэний шаант ясны ил хугарал, хугарлыг засах мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.1.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 3/1% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,
Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн: “...
1. Тоёота Аллион маркийн 58-59 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Мөнхбаатарын С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 3.5.б-д заасан “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт / иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог, нэр гар утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэснийг зөрчсөн байна.
2. Хоролсүрэн овогтой Энхжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
3. Уг зам тээврийн осол нь Тоёото Аллион маркийн 59-58 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Мөнхбаатар овогтой С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас гарсан байна.
4. Мөнхбаатар овогтой С /ВИ98080417/ нь АВС ангиллын №1134648 дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй байна. “ гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төв Цогтцэций салбарын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-60 дугаар хуудас/,
М.Сын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 74-82 дугаар хуудас/,
М.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
М.Сын мөрдөн байцаалтын шатанд болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-ийн 66-68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 59-58 БНА улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт буюу Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай засмал замын 6 дахь км-т иргэн Х.Энхжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Мөн М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 59-58 БНА улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.б-д заасан “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт / иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог, нэр гар утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтыг зөрчиж авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн үедээ хэргийн газрыг зориуд орхиж, зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-19 дүгээр хуудас/,
-Хохирогч Х.Энхжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас /,
-Гэрч Б.Буянжаргалын мэдүүлэг / хх-ийн 31-33 дугаар хуудас/,
-Гэрч Б.Сүх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
-Гэрч Д.Мөнхбадралын мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
-Мөрдөн байцаалтын шатанд М.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13952 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,
-Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
-Авто тээврийн үндэсний төв Цогтцэций салбарын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-60 дугаар хуудас/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн этгээд нь хохирол хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлддэг, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдаг бол харин авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч нь хэргийн газрыг зориуд орхин зугтаах үйлдэл нь тухайн этгээд үйлдлийн үр дагаврыг мэдэж байдаг, гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам буюу шүүгдэгчийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 10.14, 3.5.б-д заасан заалтуудыг зөрчсөнөөр гэмт хэргийн үйлдлийн шинж бүрдэж байна.
Иймд шүүгдэгч М.Сыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн үедээ хэргийн газрыг зориуд орхиж, зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2.Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Энхжаргалын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13952 дугаартай: “Х.Энхжаргалын биед баруун шилбэний шаант ясны ил хугарал, хугарлыг засах мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.1.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 3/1% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч М.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн /хх-ийн 89-91 дүгээр хуудас/ болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Х.Энхжаргал нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлж байх үеийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 15,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч тус шаардлагатай холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч Х.Энхжаргал нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сод оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Сын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн М.Сын 1134648 дугаартай АВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугчин овогт Мөнхбаатарын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Мөнхбаатарын Сод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сод оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар М.С нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Энхжаргалын ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 15,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Сын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн М.Сын 1134648 дугаартай АВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Сод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН