Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 22

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.Н , /өөрийгөө өмгөөлсөн/

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н д холбогдох эрүүгийн 1928000190011 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1994 оны 06 дугаар сарын 05-нд төрсөн, эрэгтэй, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг дахь “Номин говь” дэлгүүрт борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Төгөлийн .............. оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүлйин 145.2, 147 дугаар зүлйин 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овгийн Б.Н /регистрийн дугаар ................/

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                          Шүүгэдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, .............. тоотод гэртээ эхнэр Э.З гийн бие эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүгдэгч Б.Н  нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ................ тоотод гэртээ эхнэр Э.З г үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н  гэмт үйлдэлдээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Э.З гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н гийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтыг үнэлж, гэм бурууг  шйдвэрлэх үндэслэлтэй.

Эрүүгийн 1928000190011 дугаартай хэргээс:

                        Хохирогч Э.З  нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 22 цагийн үед нөхөр Б.Н  руу 2-3 удаа утсаар залгаад утсаа авахгүй байсан юм. 00 цаг 10 минутын үед манай нөхөр согтуу орж ирсэн. Манай гэрт манай хамаатан эгч Б.Д , найз залуу нь Б.М  нар зүүн талын орон дээр унтаж байсан юм. Манай нөхөр орж ирээд энд хэн унтаж байгаа юм гээд хөнжлийг нь сөхөөд байхаар би татаад орон дээрээ суулгасан юм. Тэгсэн манай нөхөр  уурлаад чи энд байгаа хүмүүсээ өмөөрөөд байгаа юм уу гээд хажууд байсан шкаф руу гараа атгаж байгаад цохиод байсан юм. Би боль, надад уурлаад байгаа юм бол намайг цохихгүй юу гэсэн чинь миний толгойны зүүн дээд талд гараараа цохьсон. Би хүүхдээ тэврээд сууж байсан. Дахиад намайг цохих гэж байгаад хүүхдийн толгойд онохоор нь манай хүүхэд уйлсан чинь манай эгч Б.Д  босч ирээд манай нөхрийг болиулсан. Манай эгчийн найз залуу Б.М  жаахан архи уусан унтаж байгаад босч ирээд манай нөхөртэй маргалдаад байхаар нь би цагдаа дуудсан юм. Анх удаа гар хүрч байна. Намайг урьд нь зодож байгаагүй. Манай нөхөр их согтуу байсан. Одоо болсон зүйлээ санахгүй байна гээд байсан. Б.Д  эгч Улаанбаатар хотод биеэ үзүүлж байгаа. Б.М  гэж хүн Оюу толгойд ажил хийж байгаа гэсэн. Тэр орой гэртээ бол өөр хүний биед халдаагүй. Б.Н  Б.М той зодоон хийгээгүй хэрэлдээд л байсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол байгүй. Нөхөр Б.Н тай эвлэрсэн. Би эмчилгээ хийлгээгүй, тухайн үед нүд жаахан хөх болсон байсан. Одоо зүгээр болсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй.” гэх мэдүүлэг /хх 15-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Н  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орой 20 цагийн үед ажлаа тараад ажлынхаа газрын Л.Б найзтайгаа Номин дэлгүүрээс 0.5 граммын 2 шил Экс нэртэй архи аваад Л.Бийн гэрт очиж 0.5 граммын 2 шил Экс архиа Л.Бтай хамт хувааж ууж дуусгаад 00 цагийн үед Л.Бтай хамт гэрээс нь гараад такси дуудаж, би таксинд сууснаас хойш би юу ч санахгүй байна. Нэг мэдсэн эрүүлжүүлэхэд сэрсэн. Өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө эрүүлжүүлэхийн цагдаагаас би яаж энд ирсэн юм бэ? гэж асуухад чи эхнэрээ зодоод дуудлагаар ирсэн гэж тэр цагдаа хэлж байсан. Тэр өдөр 15 цагийн үед манай эхнэр Э.З  намайг эрүүлжүүлэхээс ирж авсан. Би Л.Бийн гэрээс таксид суугаад явсан. Гэртээ очсон юм шиг байгаа юм. Юу болсон талаараа мэдэхгүй байгаа. Манай эхнэр Э.З  намайг эрүүлжүүлэхээс ирж авахад эхнэрийн зүүн талын нүд хөх болсон байсан. Би нүдийг чинь цохьсон юм уу? гэхэд тэгсэн чи намайг цохьсон гэж хэлж байсан. Тэгээд би согтуугаар эхнэрээ нүдний хэсэгт нь цохьсон талаар мэдсэн. Л.Б найзындаа байхдаа хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Би тэр болгон архи уугаад байдаггүй. Хааяа найз нөхөдтэй уулзах үедээ өөртөө тааруулаад архи уудаг. Тэр болгон согттол архи уугаад байдаггүй. Би урьд өмнө эхнэр хүүхдээ зодож, гэртээ агсам согтуу тавьж байгаагүй. Миний бие эрх чөлөөнд халдсан хүн байхгүй. Эхнэр бид 2 маргаад байдаггүй хүмүүс. Тэр үед би архи их уусан байсан. Тэгээд гар хүрсэн. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Манай эхнэр намайг уучилсан. Одоогоор Э.З тэй гэр бүлийн баталгаа байхгүй. Би эхнэр Э.З г цохьсондоо гэмшиж байна. Дахиж ийм хэрэг явдал гаргахгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 20-21, 38-39 дүгээр хуудас/

Гэрч Б.Д  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 10-ны шанө 22 цагийн үед найз залуу Б.М той хамт Төгөлийн 4-12 тоотод байдаг Б.Н гийн гэрт очиход Б.Н гийн эхнэр Э.З  хүүхэдтэйгээ байсан. Бид 2 хоол идчихээд кино үзэж байгаад 00 цагийн үед унтсан. Тэгж байхад Э.З гийн нөхөр Б.Н  гаднаас согтуу орж ирсэн. Б.Н  эхнэр Э.З тэй хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд Б.Н  эхнэр Э.З гээ алгадаад авахаар нь Э.З  ёо яаж байна аа гэсэн. Тэгээд би босч ирээд Б.Н г боль гээд хэлсэн үгэнд орохгүй байхаар нь би цагдаа дууд гэсэн. Э.З  цагдаа дуудсан. Э.З  манай холын хамаатан байгаа юм. Б.Н  манай хүргэн байгаа юм. Э.З  ёо гэсэн, хүүхэд нь уйлсан. Би яг хаана нь цохьсоныг хараагүй. Э.З гээс өөр хүний биед халдсан зүйл байхгүй. Манай найз зулуу тухайн үед архи уусан байсан. Хэрүүл маргаан хийгээгүй. Б.Н г гэртээ ирэхэд Э.З , Б.М  бид нар л байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 22-23 дугаар хуудас/

Гэрч Л.Л.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Номин говь дэлгүүрийн ачаа буусан юм. Ажлын хамт олонтойгоо ачаа буулгаж дуусаад 20 цагийн үед Б.Н  бид Номин говь дэлгүүрээс 0.5 граммын 2 ширхэг Экс нэртэй архи аваад манай гэрт очоод хоол идчихээд авч ирсэн архиа манай гэрт Б.Н  бид 2 хувааж уусан. Б.Н  нээх архи уугаад байдаггүй болохоор нэг 0.5 граммтай архийг нь уугаад согтоод эхэлсэн. Тэр үед 22 цаг өнгөрч байсан. Цаг эрт байна гээд дараагийн шил архи уусан. Тэр архийг уугаад талаасаа өнгөрч байхад Б.Н  согтоод гэртээ харина гээд байсан. Би чамайг ийм хүйтэн байхад яаж явган явуулах вэ гээд би такси дуудаад таксинд суулгаж өгчихөөд гэртээ ороод амарсан. Манайд манай эхнэр, манай 3 жаахан хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Б.Н тай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би Номинговь дэлгүүрт ажилд ороод л танилцсан юм. Б.Н  манай гэрээс гарахдаа нилээд согтуу байсан. Гэхдээ унахгүй 2 хөл дээрээ зүгээр яваад байсан. Б.Н  надтай болон өөр хүнтэй хэрүүл маргаан гаргаагүй. Би Б.Н гийн эхнэр ямар хүн байдаг талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 24-25 дугаар хуудас/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой Улаанбаатар хотоос ирээд найзуудын хамт Титэм гэх газар архи ууж байгаад согтох гээд байхаар нь найз охин Б.Д г дуудсан. Б.Д  Эрхэс гэх газрын гадна миний машиныг унаад ганцаараа ирсэн. Тэгээд хамт Э.З  гэх хүний гэрт очсон. Тэгэхдээ нилээн согтуу байсан болохоор юу болсон яасан талаар нь сайн санахгүй байна. Маргааш өглөө нь 07 цагт өнгөрч байхад сэрэхэд Э.З  хүүхдийн хамт унтаж байсан. Нөгөө талын орон дээр нь би Б.Д гийн хамт унтаж байсан. Тухайн үед Б.Д гээс юу болсон талаар асуугаагүй. Би ганцаараа босоод явсан. Б.Д  унтаад үлдсэн. Хэд хоногийн дараа Б.Д гээс би тэнд яаж очсон бэ гэж асуухад би чамайг очиж аваад 22 цагийн үед Э.З гийн гэрт очсон. Тэгэхэд Э.З  хүүхдийн хамт байсан. Тэгээд бид гурав унтаж байхад шөнө Э.З гийн нөхөр Б.Н  согтуу ирсэн. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад зодоод байхаар нь цагдаа дуудаад өгөөд явуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх 26-28 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Э.З гийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх 31 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. З.Бүрэнтодын биед духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх 32 дугаар хуудас/,

Иймд шүүгдэгч Б.Н г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн 1928000190011  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

ял шалгах хуудас /хх 40 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлот /хх 48-49 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 51 дүгээр хуудас/, арилжааны банкуудын тодорхойлолт, /хх 42-49 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 52-62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Н гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүх шүүгдэгч Б.Н гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.Н  шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч Э.З  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ. 

                   Шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овгийн Батчулууны Б.Н г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ