Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 37 дугаар байрны 1 тоотод оршин суух Ганбаатарын Гантулгын /РД: ЧП69122911/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 159 байрны 26 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Баяраагийн Эрдэнэ-Очирт /РД: КГ82021316/ холбогдох үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2013 оны 04 сарын 13-ны өдрөөс 2014 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл хүү 4,500,000 төгрөг нийт 9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Ялалт, хариуцагч Б.Эрдэнэ-Очир, хариуцагчийн өмгөөлөгч О.Үүрцайх нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Замын-Үүд сумын иргэн Г.Гантулгаас иргэн Б.Эрдэнэ-Очир нь харилцан тохиролцож 2013 оны 04 сарын 13-нд 5 сая төгрөгийг сарын 7,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг мөнгийг Г.Гантулгын Хаан банкны 5037213400 данснаас Б.Эрдэнэ-Очирын 5374334601 дансанд 5 сая төгрөг шилжүүлсэн. Уг хугацаанаас хойш Б.Эрдэнэ-Очир нь үндсэн мөнгө түүний хүүг нэгч удаа төлөөгүй учраас 2014 оны 03 сарын 12-нд иргэд хоорондын гэрээ байгуулж цаашид 9,500,000  төгрөгийг 7,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн гэрээ хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож Б.Эрдэнэ-Очир өөрийн гараар бичиж гэрээ байгуулсан. Б.Эрдэнэ-Очир нь 2014 оны 03 сарын 12-ны гэрээний дагуу гэрээнд заагдсан мөнгө хүүний мөнгийг төлж барагдуулаагүй байна. Иймд миний бие хүн чанарын хувьд хүн ардын санхүүгийн хүнд байдлыг харгалзан үзэж 9,500,000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ .

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эрдэнэ-Очир нь Гантулгаас мөнгө зээлүүлэхийг хүссэний үндсэн дээр 2013 оны 04 сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5037213400 данснаас Эрдэнэ-Очирын эзэмшлийн 5374334601 тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлж зээлсэн байгаа юм. Тухайн үед нь хагассайн өдөр байсан учраас нотариат ажиллахгүй байсан  тул зээлийн гэрээг батлуулаагүй юм билээ. Ингэж зээл өгөх үедээ сарын хүүг 7.5 хувийн хүүтэй зээлүүлж, Эрдэнэ-Очир нь 5 сарын 14-ний өдөр эхний сарын хүү 350,000 төгрөг өгсөн, энэ талаар маргахгүй байна. Үүнээс хойш зээлийг төлөөгүй тул 2014 оны 03 сарын 12-ний өдөр Эрдэнэ-Очиртой уулзаж зээл төлөгдөөгүй үеийн өнгөрсөн хугацааг баталгаажуулж гэрээ хийсэн, энэ талаар хариуцагч бол маргадаггүй, тухайн гэрээг өөрийн гараар бичсэн гэдгээ хэрэгт хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Эрдэнэ-Очир нь зээлээс огт төлөөгүй бөгөөд түүний зээлийг буцаан төлсөн талаар гэрчилсэн хүмүүс нь түүний ар гэрийнхэн байгаа тул гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт болохгүй юм, түүнчлэн Баярмаа гэгч нь Гантулгыг танихгүй гэж мэдүүлсэн хирнээ мөнгө өгөхийг харсан гэх мэтээр мэдүүлсэн нь нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2013 оны 04 сарын 13-ны өдрөөс 2014 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл хүү 4,500,000 төгрөг нийт 9,500,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна гэв.

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Гантулгаас 2013 оны 04 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Тухайн үед зээлийг гэрээгээр баталгаажуулаагүй. Ингээд 2013 оны 05 сарын 14-ний өдөр зээлийн хүү болох 350,000 төгрөгийг Гантулгын дансаар шилжүүлж эхний сарын хүүг төлсөн. Түүнээс хойш зээлийг төлж чадахгүй байсаар 2014 оны 03 сарын 12-нд уулзаж зээлийн гэрээг бичгээр баталгаажуулсан. Тэр үед намайг дарамталж байгаад бичүүлсэн, гэрээний доторх агуулга санаа нь бол миний санаа биш, Гантулга ингэж бич гээд бичүүлсэн, бичгийн хэв хэлбэр бол минийх юм. Үүнээс хойш зээлээ хурдан төлөх талаар арга хэмжээ авч тухайн үед 10 жилийн хүүхдүүдийн монтаж хийж байсан болохоор монтажны мөнгийг цуглуулж 2014 оны 06 сард  2,000,000 төгрөгийг өөрийн ажлын гадаа өгсөн. Энэ үед миний ажилд тусалж байсан Баярмаа гэгч эмэгтэй Гантулгад мөнгө өгөхийг харсан бөгөөд би Баярмаа эгчид Гантулга эмчид мөнгө өгөх ёстой гэдгээ хэлж байсан юм. Үүний дараа 2014 оны 09 сарын 25-ны өдөр өөрийн дүү Эрдэнэбулганаар цалингийн зээл авахуулж 4,000,000 төгрөгийг өгсөн. Энэ үед манай дүү Эрдэнэбулган хамт явж байсан юм. Дараа нь 2015 оны 03 сард Гантулга мөнгө хэрэг болоод байна гээд гэрт ирсэн. Тэр үед нь монтажны мөнгө 800,000 төгрөг байсаныг эхнэрээсээ авч өгсөн. Дараа нь 2015 оны 4 сард 1,800,000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг өгөх үед эхнэр цалингийн зээл авсан юм. Тэгээд хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байхад Гантулгын эхнэр бас эмнэлэгт хэвтэж байсан, бид 2 эхнэр, хүүхдүүдээ эргэх үед тааралдаж байгаад Гантулга хот явах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэж байгаад 1,800,000 төгрөг авсан юм. Энэ үед эхнэр маань одоо ингээд өр, авлага дууссан биз дээ гэж хэлж байсан. Миний хувьд 2014 оны 03 сарын 12-нд нөхөж хийсэн зээлийн гэрээг зөвшөөрсөн учраас авсан зээлээсээ илүү төлсөн. Нийтдээ 8,950,000 төгрөгийг Гантулгад төлж барагдуулсан.Гантулга нь мөнгө авчихаад яагаад ийм байдлаар мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед мөнгө төгрөг өгсөн, авсан талаар бичиг баримт үйлдээгүй нь үнэн. Мөн гэрчүүдийг гэрийнхэн нь учраас нотолж чадахгүй байна гэж байна. Танихгүй хүмүүсийн дэргэд биш гэрийнхнийхээ хажууд зарим мөнгийг өгсөн болохоор өөрөөр цуглуулах нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Гантулга нь хариуцагч Б.Эрдэнэ-Очирт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2013 оны 04 сарын 13-ны өдрөөс 2014 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл хүү 4,500,000 төгрөг нийт 9,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээл төлсөн байдал нотлогдохгүй байгаа, үндсэн зээл болон зээлийн хүү төлөгдөөгүй гэж, хариуцагч Б.Эрдэнэ-Очир нь зээлийн үүргийг биелүүлсэн гэж маргаж байгаа болно.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагын шүүх зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь :

Нэхэмжлэгч Г.Гантулга нь хариуцагч Б.Эрдэнэ-Очирт 2015 оны 04 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2013 оны 04 сарын 13-наас 2014 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатайгаар сарын 7,5 хувийн хүүтэй зээлүүлсэн үйл баримт нь хх-ийн 4 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны 5037213400 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хх-ийн 5 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хэдийгээр талууд нь зээлийн гэрээг нөхөж хийсэн болох нь тогтоогдох боловч хариуцагчийн зүгээс энэ талаар маргаан гаргаагүй, үндсэн зээл болон хүүгийн талаар маргахгүй төлж барагдуулсан талаараа шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд уг зээлийн гэрээнээс үзэхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгчид уг зээлийн гэрээгээр хүү шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 4,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг төлж, үүргийг гүйцэтгэж дуусах байснаас тэрээр 2013 оны 5 сарын 14-ний өдөр 350,000 төгрөг, 2014 оны 06 сард 2,000,000 төгрөг, 2014 оны 09 сарын 25-нд 4,000,000 төгрөг, 2015 оны 03 сард 800,000 төгрөг, 2015 оны 04 сард 1,800,000 төгрөг нийт 8,950,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хх-ийн 4 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны 5037213400 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Баярмаа /хх-ийн 30-31/, гэрч Б.Эрдэнэбулган /хх-ийн 35-36/, гэрч Ц.Наранцэцэг /91-93/ нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нь дээрх нэр бүхий гэрч нар нь хариуцагчийн төрөл садангийн хүмүүс тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж мэтгэлцэх боловч шүүхээс гэрч Д.Баярмаа, Б.Эрдэнэбулган, Ц.Наранцэцэг нарт Эрүүгийн хууль сануулж, хариуцлага хүлээлгэх учир холбогдлыг тайлбарлан мэдүүлэг авсан байх тул хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэж тэдний мэдүүлгийг шүүх үнэлсэн болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн мөнгө өгсөн гэх цаг хугацаанд Замын-Үүд суманд байхгүй гэж нотлох баримтыг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлсэн бөгөөд Дорноговь аймгийн Ниймийн даатгалын тасгаас ирүүлсэн 2016 оны 16/44 тоот, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 06 сарын 21-ний 114 тоот, Улсын нэг дүгээр төв эмнэлгийн 2016 оны 06 сарын 23-ны 2/230 тоот зэрэг нотлох баримтууд дээр эмнэлэгт хэвтсэн, сургалтанд хамрагдсан гэх хугацааг тодорхойлсон нь нэхэмжлэгчийг Замын-Үүд суманд байхгүй байсан гэдгийг нотолж чадахгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Эрдэнэ-Очирыг нэхэмжлэгч Г.Гантулгад  зээлийн гэрээний үүрэгт нийт 8,950,000 төгрөг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үлдэх 550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 8,950,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Баяраагийн Эрдэнэ-Очирт /РД: КГ82021316/ зээлийн гэрээний үүрэгт 550,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ганбаатарын Ганулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 8,950,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гантулгад олгосугай.

3. Хариуцагч Б.Эрдэнэ-Очир нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД