Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: Ө.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Дд холбогдох 1929000100005 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ө.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, 1 дүгээр багт байрлах “Хонгор бээс транс” ХХК-ийн кемпэд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Х.Базаргүртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Д хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Базаргүрийн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Эрдэнэ-Оюуны мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Батзоригийн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Х.Бадмаагийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №53 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

  - Шүүгдэгч Ө.Дын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,

- Хохирогч Х.Базаргүрийн “Бид харилцан тохиролцсон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй.” гэх хүсэлт /хх-ийн 54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ө.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Ө.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, 1 дүгээр багт байрлах “Хонгор бээс транс” ХХК-ийн кемпэд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Х.Базаргүртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 - хохирогч Х.Базаргүрийн: “...Ө.Д босож ирээд манай эхнэрийг доромжлоод наад бантангаа хурдан хий, чадахгүй бол зайл гэх мэтээр доромжлоод байхаар нь би хажуугаас нь тогооч нь байхгүй байгаа, чи өөр газар очоод хоол идчих гээд Д бид хоёр муудалцсан. Тэгээд Д баруун гараараа миний зүүн нүдэнд цохисон. Тэгээд гэнэт юу болсныг мэдэхгүй толгой эвгүй болоод байсан. Нэг мэдэхэд миний дух хэсгээс цус ихээр гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- гэрч Б.Эрдэнэ-Оюуны: “...Манай нөхөр Базаргүр чи юу гээд хүн доромжлоод байгаа юм. Энэ хүн тогооч биш, ямар арчаагүй эр хүн гэхээрээ аяга хоол хүлээж байгаад авч чаддаггүй юм гэж хэлсэн чинь манай нөхрийн зүүн шанаа хэсэгт нь цохиж авсан. Би салгах гээд ноцолдоход хажуугаас кемп менежер ирээд салгах гээд чадаагүй. Нэг харсан чинь манай нөхрийн духнаас цус гарсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- гэрч П.Батзоригийн: “...Д, Базаргүр хоёр барилцаж аваад муудалцаад байхаар нь би хооронд нь орж салгасан. Тэр хооронд доромжлох, хэрэлдэх зүйл болсон. Би зурагт үзээд сууж байтал дахиад босож ирээд барилцаж авсан. Тэгээд Д нь Базаргүр гэх хүний толгой хэсэгт нь гараараа цохиж авсан. Тэгсэн зүүн нүдний доод хэсгээс цус гарсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

-гэрч Х.Бадмаагийн: “...Д гараараа Базаргүрийн зүүн талын шанаа хэсэгт нь нэг удаа цохих шиг болсон. Тэгсэн Базаргүрийн дух хэсгээс цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

-гэрч Д.Батбаярын: “...манай галч Базаргүрийн нүүр нь цул цус болсон зогсож байхаар нь Дд хандаад яаж байгаа юм бэ гэхэд “яадаг юм пизда минь” гэхээр нь би Дыг нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №53 дугаартай шинжээчийн: “Х.Базаргүрийн биед духанд шарх, зүүн доод зовхи, цээжинд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №63 дугаартай шинжээчийн: “Ө.Дын биед цээжинд арьсны улайлт, баруун 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Х.Базаргүрийн “санал, гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 54-р хуудас/, шүүгдэгч Ө.Д хохиролд 500 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ө.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Ө.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оргиу овогт Өлзийжаргалын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Ө.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА