Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 199

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Жи Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ариунболдод холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр, алданги нийт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч М.Ариунболд нь манай байгууллагатай 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 98377869 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 180.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл 120.000 төгрөг, алданги 60.000 төгрөг нийт 180.000 төгрөгийг М.Ариунболдоос гаргуулж өгнө үү” гэжээ.                    

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Ариунболд нь төхөөрөмжийн төлбөр болох 120.000 төгрөг, алданги 60.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3025 төгрөгийг тус тус төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч М.Ариунболдоос худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 120.000 төгрөг, алданги 60.000 төгрөг бүгд 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч М.Ариунболдтой 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр NP-10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба хариуцагч М.Ариунболд нь уг гэрээний дагуу төлбөл зохих 240.000 төгрөгийн төлбөрөөс 120.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 180.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Жи Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ариунболдод холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр, алданги нийт 180.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6050 төгрөгийн 50 хувь болох 3025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3025 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Ариунболд улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3025 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Э.БОЛОРМАА