Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХААН банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, 9-13 тоот Боржигон овогт Зоригын Очирсүх /РД: ЕП84090318/

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян 5 дугаар баг, Зэвсэгт хүчний гудамж 42 тоотод оршин суух, Бибишийн Энхтайван /РД: ЕЮ84060405 /

Харуицагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян 5 дугаар баг, Залуучуудын гудамж, 93 дугаар байр 2 тоотод оршин суух Боржигон овогт Бибишийн Энхмаа /РД: ВЮ80030101/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,569,739 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оролзод, хариуцагч З.Очирсүх нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ХААН банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оролзод шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Зориг овогтой Очирсүх нь ХААН банкны Дорноговь салбарын харъяа Зүүнбаян тооцооны төвөөс 2014 оны 01-р сарын 24-ний өдөр 13/401 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10,761,265.66 төгрөг дээр нэмж 1,238,734.34 төгрөг нийт 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 18.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээнд хэрэглэх зориулалтаар зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалин болон компьютер, телевизор, угаалгын машин, хөргөгч, нөүтбүүк, тоос сорогч зэргийг барьцаалан,

мөн 2014 оны 08-р сарын 26-ны өдөр 06/100 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10,578,196.87 төгрөг дээр нэмж 1,921,803.13 төгрөг нийт 12,500,000 /Арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 16.8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээнд хэрэглэх зориулалтаар тус тус авсан. Зээлдэгч нь 2014.08.26-ны өдрийн зээлийн гэрээний 1.4.3-д заасан нөхцөлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч шүүхэд нэхэмжлэx гаргах өдрийн байдлаар 2014 оны 08-р сарын 26-ны өдрийн 06/100 нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,912,515 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 1,784,965 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,290 төгрөг, нийт 3,702,770.00 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 400 гаруй хоног зээлийг төлөөгүй, хугацаа хэтэрсэн байна. Энхмаа, Энхтайван нарын хувьд уг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээж оролцсон. Иймд 2014 оны 01-р сарын 24-ний өдөр 13/401 тоот барьцаат зээлийн гэрээ болон 2014 оны 08-р сарын 26-ны өдөр 06/100 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 10,587,485 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,871,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110,968 төгрөг, нийт 12,569,739.00 төгрөгийг зээлдэгч Очирсүх, Энхмаа, Энхтайван нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч Очирсүх, Энхтайван нарын хувьд зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байгаа боловч банкны зүгээс сар бүрийн зээлийн төлөлтийн хэмжээг зөвшөөрөхгүй байна. Харин Энхмаа нь зээлээс чөлөөлүүлэх талаар тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй. Банкны зүгээс Энхмаад хүчээр үүрэг гүйцэтгүүлэхэр зээлийн гэрээ байгуулсан асуудал огт байхгүй, тэр хүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ учраас зээлийн төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж байна. Барьцааны эд хөрөнгийн хувьд хариуцагч Очирсүх нь зарж борлуулсан талаар тайлбарлаж байгаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг цуцалж өгнө үү. Банкны зүгээс хэрэг шийдвэрлэж дуусах хүртэл хугацааны хүүг нэхэмжилнэ гэсэн боловч өнөөдрийн байдлаар улсын тэмдэгтийн хураамж  төлөөгүй ирсэн байна. Иймд нэхэмжлэлийг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлүүлнэ гэв.

Хариуцагч З.Очирсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ХААН банкнаас 2002 оноос эхлэн зээл авч төлж байсан харилцагч байгаа юм. Хамгийн сүүлд 2014 оны  01 сарын 24-нд  12,000,000 төгрөгийн зээл авч, дараа нь 2014 оны 08 сард нэмэлт олгох гэрээ хийж дахиж зээл авсан юм. Тухайн үедээ зээлийн төлөлтийг саадгүй төлж байгаад ажлаасаа гарсан учраас тогтмол орлогогүй болж уг зээлийг 2015 оны 04 сараад эхлэн төлөөгүй юм. Банкнаас гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Одоогийн байдлаар эрхэлсэн ажилгүй байгаа болохоор сард 200,000 төгрөгөөр төлөх боломж байна. Зээлийн үлдэгдэл 12,569,739.00 төгрөгийг төлж барагдуулна. Энэ зээлийг авахад манай эхнэр Энхтайваны эгч Энхмаа хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон юм. Тухайн үед Энхмаа нь энэ зээлээс мөнгө аваагүй юм. Одоо Энхмаагийн дансыг ХААН банкны зүгээс хаасан байгаа. Энхмааг энэ зээлээс чөлөөлж өгөхийг хүсье. Мөн барьцаанд тавьсан эд хөрөнгийг Зүүнбаянгаас Замын-Үүд рүү шилжин ирэхдээ зарж борлуулсан, одоо угаалгын машинаас өөр зүйл байхгүй гэв.

Хариуцагч Б.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Дорноговь аймгийн Сайншад сумын Зүүнбаян ХААН банкнаас  2014 оны 08 сарын 26-ны өдөр 12,500,000 төгрөгийн зээл авсан. Зээл авсан өдрөөс хойш 2015 оны 05 сар хүртэл төлсөн. Цаашид  сард 100,000 төгрөгөөр зээлийг төлөх боломжтой. Энхмааг зээлийн батлан даагчаас  чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Миний бие шүүх хурал товловол ирэх боломжгүйг харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Энхмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Очирсүхэд 2014 оны 08 сарын 26-нд зээл  авахад нь батлан даагч хийж өгсөн. Энэ хүнээс зээл авахад нь нэг ч төгрөг аваагүй. Хүүхдээ эмчилгээнд  авч явах гээд зээл авсан. Иймээс цаашид энэ хүний зээлийн төлбөрийг төлөх боломж надад байхгүй.  Би өөрөө Төрийн банкинд сард 330,000 төгрөгийн зээл төлдөг. Миний бие шүүх хуралд ирэх боломжгүй гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Дорноговь салбар нь хариуцагч З.Очирсүх, Б.Энхмаа, Б.Энхтайван нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,587,485 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,871,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110,968 төгрөг, нийт 12,569,739.00 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч З.Очирсүх нь зээлийг сар бүр 200,000 төгрөгөөр, хариуцагч Б.Энхтайван нь зээлийг сар бүр 100,000  төгрөгөөр  тус тус төлж барагдуулна гэж, хариуцагч Б.Энхмаа нь зээлийн үүргээс чөлөөлүүлэхээр,

нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч З.Очирсүх, Б.Энхтайван нарын зээлийн төлөлтийн хэмжээг зөвшөөрөхгүй, хариуцагч Б.Энхмааг зээлийн үүргээс чөлөөлөх боломжгүй гэж  маргаж байгаа болно.

            Хариуцагч З.Очирсүх, Б.Энхтайван, Б.Энхмаа нар нь нэхэмжлэгч ХААН банкны Дорноговь салбартай  2014 оны 01-р сарын 24-ний өдөр 13/401 тоот барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 08-р сарын 26-ны өдрийн 06/100 нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нийтдээ 12,500,000 төгрөгийн зээл авч, үүрэг хүлээсэн үйл баримт нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч ХААН банкны Дорноговь салбар нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй, зээлийн гэрээний 7 дугаар  зүйлийн 7.1.1-т зааснаар зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй  байна.

            Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны  гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон  хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч З.Очирсүх хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Энхтайван, Б.Энхмаа нар нь 2014 оны 01 сарын 24, 2014 оны 08 сарын 26-ны өдөр авсан зээлийн гэрээний үүргийг 2015 оны 05 сараас хойш зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулалгүй 400 гаруй хоног хугацаа хэтрүүлж, нэхэмжлэгч талаас зээлийн хугацаа хэтэрч байгаа талаар сануулж, төлөхийг шаардсан боловч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,587,485 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,871,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110,968 төгрөг, нийт 12,569,739.00 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Хариуцагч Б.Энхмаа нь уг зээлийг аваагүй, зөвхөн батлан даагчийн үүрэг хүлээсэн тул зээлийг төлөх боломжгүй гэж маргах боловч тэрээр 2014 оны 01 сарын 24, 2014 оны 08 сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг  хүлээсэн болох нь хэрэгт тогтоогдсон байгаа тул түүнийг зээлийн үүргээс чөлөөлөх боломжгүй юм. 

            Иймд хариуцагч буюу зээлдэгч хариуцагч З.Очирсүх, Б.Энхмаа, Б.Энхтайван нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,587,485 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,871,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110,968 төгрөг, нийт 12,569,739.00 төгрөгийг гаргуулж, ХААН банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, 2014.01.24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан компьютер, зурагт 27 инч, нөүтбүүк, угаалгын машин, хөргөгч, тоос сорогч, буйданг битүүмжилсэн бөгөөд тухайн барьцаалсан хөрөнгүүдийг хариуцагч З.Очирсүх нь худалдан борлуулсан талаараа шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ нөхцөл байдлыг үндэслэн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг цуцлахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргасан тул тус шүүхийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 659 тоот шүүгчийн захирамжаар битүүмжилсэн эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлах нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Энхтайван, Б.Энхмаа нарт шүүх хуралдааныг товыг 2016 оны 07 сарын 01-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч З.Очирсүх, Б.Энхмаа, Б.Энхтайван нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,587,485 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,871,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110,968 төгрөг, нийт 12,569,739.00 төгрөгийг гаргуулж, ХААН банкны Дорноговь салбарт олгосугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 659 тоот шүүгчийн захирамжаар битүүмжилсэн эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцалсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 246,066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Очирсүх, Б.Энхмаа, Б.Энхтайван нараас 246,066 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД