| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00026/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Ж.Б-нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Б- холбогдох эрүүгийн 1722001270027 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт баг, “Хар тойром” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй гэх Цахир овогт Ж Ж.Б- /регистрийн дугаар ЗЕ74062513/
Шүүгдэгч Ж.Б-2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар тойром” гэх газарт хамтран амьдрагч Э.Баярмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр саахалт айлынд Цоодолын өвлийн идэшийг хийж байгаад 17 цагт дууссан. Тэгээд 20 цагийн үед согтуу байхдаа эхнэрээ зодсон байна лээ. Э.Баярмаа намайг явъя гэхэд би явахгүй гээд сандлаар цохисон гэв.
Хохирогч Э.Баярмаагийн: ...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр миний өвөө Цоодол Улаанбаатар хотоос өвлийн идэшээ бэлтгэхээр манай хөрш айлын Отгонжаргалынд ирсэн... идэшээ хийхэд нь манай нөхөр Ж.Б- тусласан юм. Идэшээ бэлтгэж дуусаад манай өвөө Цоодол нэг шил цагаан архи гаргаж, бүгдээрээ хувааж уусан. Архиа ууж дуусаад манай өвөө, нагац эгч Отгонжаргал, түүний хүүхэд Дугараа нар Улаанбаатар хотруу явцгаасан... Би Ж.Б- “одоо гэртээ харьж амарцгаая” гэж хэлтэл надруу сандал авч шидээд миний нүүрлүү оносон. Дахиад ардаа байсан архины шилийг авч надруу шидсэн боловч намайг оноогүй.
Би гадагшаа гартал араас татаад газарт унагаагаад миний дээр гарч суугаад гутлынхаа түрийнээс эвхдэг хутга гаргаж миний хоолойд тулгасан. Ч.Дамдинням ирээд Ж.Б- миний дээрээс холдуулсан. Энэ үед би ухаан алдсан байсан. Н.Баттулга миний хацрыг алгадаж намайг сэрээсэн...Би Ж.Б-ай 4 жил хамтран амьдарч байна. Гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй...2014 оноос хойш намайг байнга хэл амаар доромжилж, зоддог байсан. Эмнэлэгт үзүүлж байсан боловч эмнэлгийн карт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Н.Мөнх-Өлзийгийн: ...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ... 23 цагийн үед гадаа эрэгтэй хүн чанга дуугараад байхаар нь нөхөр Ч.Дамдиннямын хамт гарч хартал Н.Баттулгын гэрийн урд талд Э.Баярмаа дээш хараад хэвтсэн нөхөр Ж.Б-нь дээр нь гараад хоолойд нь хутга тулгаад сууж байсан. Бид 2 очоод “та болиоч эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэхэд Ж.Б-манай нөхрийг “чамд хамаагүй, чамайг бас ална шүү” гэхэд нь манай нөхөр Ч.Дамдинням, Ж.Б- баруун мөррүү нь өшиглөтөл хойшоо унасан. Ж.Б-босч ирээд Ч.Дамдиннямруу “ална” гээд дайрахад барьж явсан гэрлээрээ цохиод авах шиг болсон. Би Э.Баярмааруу очиж харахад нүүр нь хавдсан, цус гарсан байхаар гэрлүүгээ дагуулж явах гэхэд ухаан алдан газар унасан. Ж.Б-хүрч ирээд “энэ муу пизда ингэж байдаг юм” гээд 2 хөлнөөс нь барьж байгаад угзартал Э.Баярмаа босоод ирсэн. Би Э.Баярмааг гэрлүүгээ дагуулж ороод цагдаа дуудсан. 10 орчим минутын дараа Ж.Б-манай гэрийн хаалгаар шагайгаад эхнэрээ асуухаар нь “байхгүй” гэхэд “тэгвэл би боож үхнэ” гээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Н.Баттулгын: ...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ... 23 цагийн орчим Ч.Дамдинням, Н.Мөнх-Өлзий нар хүрч ирээд “ямар хүн гэрийн чинь үүдэнд орилоод байгаа юм” гэхээр нь “очоод үзээд ир” гээд гэрэл өгч явуулсан. Удалгүй араас нь очтол Ж.Б-эхнэр Э.Баярмаагийнхаа дээр гараад суусан байсныг Ч.Дамдинням өшиглөж унагасан. Ж.Б-газраас босч ирээд Ч.Дамдиннямруу “та нарыг бүгдийг нь ална” гээд дайрахаар нь би очиж салгасан. Намайг салгахад Ж.Б-надруу дайрч, миний хувцаснаас зууралдахад нь би салгаад гэртээ орсон. Миний араас Ч.Дамдинням, Ж.Б-нар орж ирсэн. Ж.Б-“та нарыг бүгдийг ална” гэж үглэж байгаад Н.Мөнх-Өлзий гаднаас орж ирэхэд гүйж гараад хаалга гаднаас нь модоор даруулсан. “Та нарыг гаднаас чинь шатаана” гэж хэлэхээр нь Ч.Дамдинням бид 2 хаалгыг хүчээр түлхэн онгойлгосон...Би буцаад гэртээ ороход Ч.Дамдинням Ж.Б- дагуулаад орж ирсэн. Ж.Б-“түрүүн юу болчихов, би явлаа” гээд мотоциклио асаах гэж оролдоод, асахгүй болохоор нь орхиод явах шиг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч Ч.Дамдиннямын: ...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр... гэрийн урд Э.Баярмаа дээшээ хараад хэвтсэн, Ж.Б-дээр нь суугаад хоолойд нь хутга тулгасан байсан. Би “Ж.Ж.Б-аа эмэгтэй хүнийг яаж байгаа юм, болиоч” гэхэд “чамд хамаагүй чамайг ч бас ална шүү” гэхээр нь өшиглөөд унагасан. Босч ирээд надруу дайрахаар нь би гартаа байсан гар чийдэнгээрээ саваад мөр орчимд нь цохисон...Н.Баттулга, Ж.Б-бид 2 гэрт орж ирээд сууж байтал гаднаас манай эхнэр Н.Мөнх-Өлзий орж ирсэн. Ж.Б-“би та нарыг гэртэй чинь шатаана” гэж гэрийн гаднаас үүдний гишгүүр модоор хаалганы гаднаас дайрсан. Н.Баттулга бид 2 хаалгыг түлхэж онгойлгосон... Ж.Б-“сая юу болсон бэ, Э.Баярмаа хаашаа явсан юм” гээд байсан. Тэгээд чимээгүй сууж байгаад гараад мотоциклио асаах гэж оролдоод, асахгүй болохоор нь явган яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 170200338 дугаартай дүгнэлтэд
“1. Э.Баярмаагийн биед тархи доргилт, хамрын нуруу зулгарсан, 2 нүдний дээд, доод зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Зулгарсан, цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.” гэжээ. /хх-ийн 25/
- Аюулын зэргийн үнэлгээний маягтад “эрсдлийн түвшин дунд” гэжээ /хх-ийн 33-34/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.Б-нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар тойром” гэх газарт хамтран амьдрагч Э.Баярмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б-шүүхийн хэлэлцүүлэгт “...Бид 2 гэр бүлээ батлуулаагүй, хамтран амьдраад 4 жил болж байна...” гэж, хохирогч Э.Баярмаа хэрэг бүртгэлтийн шатанд “...Би Ж.Б-ай хамтран амьдраад 4 жил болж байгаа” /хх-ийн 12-14/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Б- холбогдуулан тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох санал /хх-ийн 44/ гаргасан боловч шүүгдэгч Ж.Б- хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Э.Баярмаа тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд “...Ж.Б-бид 2 эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” /хх-ийн 53/ гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Б-энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахир овогт Жаргалын Ж.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ж.Б- 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар
шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б-шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил
хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Э.Баярмаа хуульд заасны дагуу аюулгүй байдлыг хамгаалуулах, туслалцаа авах хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ж.Б-энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ