Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Нефтийн байрны 01 тоотод оршин суух, Шингэн түлш шилжүүлэн ачих ангид лабораторын эрхлэгч ажилтай, Улаан Ямаат овогт Чимэддоржийн Отгонбаяр /РД:ВЮ83112201/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Үүдийн гудамжны 2-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөх овогт Хүрэлбаатарын Сайхан-Ирээдүй /РД: ЕП83111718/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, хариуцагч Х.Сайхан-Ирээдүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Х.Сайхан-Ирээдүйн хоёр охин болох Х.Чинхүслэн, Х.Энххүслэн нарыг төрүүлж, өсгөж байна. 2009 онд гэрлэлтээ шүүхээр салгуулж, том охин Х.Чинхүслэнд тухайн үеийн цалингийн доод хэмжээгээр сард нэг удаа тэтгэмж олгуулж байхаар тогтоолгосон боловч биелэгдээгүй. Үүнээс хойш эргэн эвлэрч бага охиноо гаргасан боловч Х.Сайхан-Ирээдүй нь гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа гаргаж, цаашилбал Ч.Отгонбаяр миний биед хөнгөн, хүнд гэмтэл санаатай учруулсан учир салсан. Иймд төрсөн хоёр охины эцэг учир хариуцлага ухамсарлан тэтгэмж олгуулах ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагдаа: Өөрийн том охин болох С.Чинхүслэнгийн хүүхдийн тэтгэлэгийг сэргээлгэх хүсэлтэй байна. Би 2009 оны 11 сарын 02-нд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, том охин С.Чинхүслэнд тэтгэлэг тогтоолгохоор болсон. Нөхөртэйгээ эргэн эвлэрч амьдарсан ч Х.Сайхан-Ирээдүйн хүчирхийлэгч зан авир хэрээс хэтэрч миний аминд хүрэхийг шахсан учир салсан. Иймд энэ цаг мөчөөс эхлэн 18 нас хүртэл нь том охиндоо хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг авах хүсэлтэй байна. Мөн бага охиндоо хүүхдийн тэтгэлэг авна гэв.

Хариуцагч Х.Сайхан-Ирээдүй шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2009 оны 11 сарын 02-ны өдрийн 304 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу том охин С.Чинхүслэнд хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан хэдий ч гэр бүлээ цуцлуулснаас хойш эвлэрч дахин хамт амьдарч байсан тул охин Чинхүслэнд хүүхдийн тэтгэлэг төлөх гүйцэтгэх хуудсыг Ч.Отгонбаярын хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг дуусгавар болгосон байна. Иймд шүүхийн шийдвэр гарах өдрөөс эхлэн том охин С.Чинхүслэн, бага охин С.Энххүслэн нартаа хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр нь хариуцагч Х.Сайхан-Ирээдүйд холбогдуулан 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

 Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, хариуцагч Х.Сайхан-Ирээдүй нар нь 2005 онд танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаанд 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин С.Чинхүслэнг төрүүлж, эцэг эх болж гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид нь Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 304 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин С.Чинхүслэнг эх Ч.Отгонбаярын асрамжид үлдээж, эцэг Х.Сайхан-Ирээдүйгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр, хариуцагч Х.Сайхан-Ирээдүй нар нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 02 сарын 25-ны өдөр бага охин С.Энххүслэнг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Х.Сайхан-Ирээдүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн төрсөн 2 охинд хүүхдийн тэтгэлэг төлнө гэж байгаа боловч 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин С.Чинхүслэнг эцэг Х.Сайхан-Ирээдүйгээр тэжээн тэтгүүлэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан, нэхэмжлэгч Ч.Отгонбаяр нь тэтгэлэг авахаас татгалзсан хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 11 сарын 02-ны өдрийн 304 дугаар  шийдвэр, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Замын-Үүд дэх хэсгийн 292 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн бага охин С.Энххүслэнг эцэг Х.Сайхан-Ирээдүйгээр тэжээн тэтгүүлэх  шаардлагыг хангаж, 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин С.Чинхүслэнг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2012 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн С.Энххүслэн нь эх Ч.Отгонбаярын асрамжинд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг болох нь Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул хариуцагч Х.Сайхан-Ирээдүйгээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийг Дорноговь аймагт мөрдөгдөж буй амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 164.300 төгрөгөөр бодож /164.300:2=82.150х12=985.800/ улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн С.Энххүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Сайхан-Ирээдүйгээр сар бүр тэжээн тэтгүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаас 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин С.Чинхүслэнг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Сайхан-Ирээдүйгээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгээс 28.209 төгрөгийг гаргуулж татварын тасгийн дансанд оруулсугай.     

3. Хариуцагч Х.Сайхан-Ирээдүй нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Э.БОЛОРМАА