Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01354

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 05 210/МА2023/01354

 

 

*.*ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/01805 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: *** ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 4,145,594 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *.*, хариуцагчийн төлөөлөгч Д.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** ХХК-тай аман тохиролцоо хийж, компанийн барилга угсралтын ажлын сонгон шалгаруулалтын ажлын төсвүүд хийж гүйцэтгэсэн. Барилгын норм ба дүрэм БНБД 81-16-20-2020 үндэслэн зах зээлийн ханшийг үнэн зөв тогтоодог, хариуцагч талтай харилцан тохиролцохдоо төсвийн үнийн дүнг харгалзан тохиролцсон.

1.2 Талуудын харилцаа олон нийтийн сүлжээ буюу Facebook хаягнаас үзэхэд миний хийж өгсөн ажлыг албан ёсоор хүлээж авч баталгаажуулсан. Анх бид хоёр тохиролцохдоо багадаа 250,000 төгрөгөөр тохиролцсон. Урьдчилгаа 250,000 төгрөг өгсөн, анхны нэхэмжлэл 1,950,000 төгрөг байсан. Гэвч зах зээлийн ханш нь БНБД үндэслэн 4,145,594 төгрөг болгож байна.

Иймд хариуцагчаас 4,145,594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *** ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *.*өөр сантехникийн угсралтын ажлын төсвийг хийлгэж эхэлсэн. Нийт 5 удаа төсөв хийлгэх, 1 төсвийн хөлс 250,000 төгрөг байхаар тохиролцсон. Төсвийн ажил хийлгэх үедээ дор дор нь төсвийн үнэ болох 250,000 төгрөгийг шилжүүлж, ажил хийлгэсэн.

Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дугаар зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *.*ийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,145,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 96,229 улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжилж буй ажлын хөлс болох 4,145,594 төгрөгийг бодсон аргачлал болох Барилгын норм дүрэм БНБД /81-16-20/ 2020 он, Барилга угсралтын ажлын зургаар хангалттай нотолж өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хариуцагч талд гарч байгаад гомдолтой байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* хариуцагч *** ХХК-д холбогдуулан 4,145,594 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Нэхэмжлэгч *.* нь захиалагч *** ХХК-ийн захиалгын дагуу н.Б ийн үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын, Г ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны барилга угсралтын, н.Я ын барилга угсралтын, н.Б ийн барилга угсралтын, Улсын Ерөнхий Прокурорын газрын орон сууцны цогцолбор барилга угсралтын холбогдох ажлуудын төсвийг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс төлөхөөр талууд амаар харилцан тохиролцсон, хариуцагчаас нэхэмжлэгчид 250,000 төгрөгийг 5 удаагийн шилжүүлэгээр нийт 1,250,000 төгрөгийг шилжүүлсэн /хх 25-30/ үйл баримт тогтоогдсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4.1 Гэрээний ажлын хөлсийг талууд хэдэн төгрөгөөр тохиролцсон, хариуцагч нь ажлын хөлсийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил тус бүрийн хөлсийг 250,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр тохиролцсон буюу гэрээний гол нөхцлийг өөрөөр тохиролцсон гэх үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

5.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох ажлын хөлс 4,145,594 төгрөгийг хэрхэн тооцсон талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх талуудыг ажлын хөлсний талаар тохиролцоогүй гэж үзсэнийг буруутгахгүй.

5.2 Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын үнэлгээг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт болон тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцуулахтай холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь зөв. Иймд ...ажлын хөлс 4,145,594 төгрөгийг бодсон аргачлал болох Барилгын норм дүрэм БНБД /81-16-20/ 2020 он, Барилга угсралтын ажлын зургаар хангалттай нотолж өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хариуцагч талд гарч байгаад гомдолтой гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/01805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

М.БАЯСГАЛАН