| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00028/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 35
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Т.Төмөртулга нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1822000640028 дугаартай О.А-холбогдох хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, Дундговь аймаг Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 9 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх Адуучин овгийн О.А /регистрийн дугаар ЗК89051212/
Шүүгдэгч О.А- 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 5б гудамжины 6 тоотод хууль бусаар нэвтэрч самсунг галакси эс-5, самсунг нөүт-2 маркийн гар утаснуудыг хулгайлж бусдад 250000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч О.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учир яллах дүгнэлт үйлдэж, хэргийг
шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгч нас барсан тухай тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчөөс мэдэгдсэн, мөн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.А-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч О.А- 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болох нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдож байх тул О.А-холбогдох эрүүгийн 1822000640028 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адуучин овогт О.А холбогдох 1822000640028 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самсунг галакси эс-5, самсунг нөүт-2 маркийн гар утсыг хохирогч Н.Оюунтуяад эргүүлэн олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэгт даалгасугай.
3. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, хохирогч давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ