Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.Б-т холбогдох эрүүгийн 1822000800032 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, “Улаан худаг” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй гэх Ганжуур овогт Ш Ш.Б- /регистрийн дугаар ЗК70011112/

 

    Шүүгдэгч Ш.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 10а гудамжны 4 тоотод оршин суух Ц.Саадоржийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ц.Саадоржтой золгох гэж гэрт нь очиход гэртээ унтаж байсан. Ц.Саадоржийг хоёр удаа дуудсан боловч сэрээгүй. Тэгээд гэрээс нь гарахдаа авдар дээр нь байсан мөнгөн аяганы хамгийн дээд талын аягыг аваад гарсан. Гэртээ очиж мөнгөн аягыг орныхоо ард хийчихээд, маргааш өглөө нь буцааж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.

 

Хохирогч Ц.Саадоржийн: ...Хэрэг гарсан өдрийг сайн санахгүй байна. Гэрт байж байтал Ш.Б- ганцаараа ирээд “би таны мөнгөн аягыг авчихсан юм, муухай юм болчихлоо” гээд мөнгөн аягыг өгсөн. Мөнгөн аяганы ёроол хэсэг салчихсан, ёроолыг нь тогтоож байдаг  мөнгөн хадаасыг нь аваад хаячихсан байсан...Мөнгөн аяга алдсаныхаа дараа машинтайгаа аймгийн төвөөр  бүтэн өдөр хайж нэг өдрийн ажил алдсан тул нэг өдөр таксинд яваад олдог 40-50 мянган төгрөг, мөн мөнгөн аяганы 2 ширхэг мөнгөн хадаасыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/

Гэрч З.Алтантуяагийн: ...2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 10а гудамжны 4 тоотод байх гэртээ нөхөр Ц.Саадоржийн хамт байсан. Манай хүү С.Батцэнгэл нэг хашаанд байшинд байдаг юм. Тэр өдөр 14-15 цагийн үед манай нөхөр гэрийн зүүн орон дээр унтаад өгсөн. Би гэрээс гараад хүүгийндээ ороход хүү байшингийнхаа гадна мотоциклио янзалж байсан.  Гаднаас Ш.Б- гэх залуу манай гэрлүү ороод удалгүй гарсан. Тухайн үед гэрт нөхөр унтаж байсан болохоор ямар нэгэн юм бодоогүй. Би хүүгийнхээсээ гараад гэртээ ортол манай нөхөр сэрчихсэн “хойд авдар дээр хураалттай байсан 6 ширхэг мөнгөн аяганы хамгийн дээд талд байсан жижиг аяга болсон байна” гэж хэлэхээр нь би “сая гэрт Ш.Б- ороод гарсан” гэж хэлэхэд нөхөр “би мэдээгүй, унтаж байсан юм” гэж хэлсэн. Манай гэрт Ш.Б-аас өөр хүн ороогүй, би Ш.Б-ыг гэрлүү орж байхыг хүүгийнхээ гэрийн цонхоор харсан. Мөн манай хүү С.Батцэнгэл гадаа мотоцикль янзалж байхдаа харсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

Гэрч С.Батцэнгэлийн: ...2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 14-15 цагийн үед мотоциклио янзлаад байж байхад ээж манай гэрлүү орсон... Манай ойролцоо байдаг Ш.Б- гэх ах аавын гэрлүү ороод удалгүй гарсан. Тэгсэн манай аавын гэрээс мөнгөн аягыг нь авсан юм билээ, тухайн үед аав гэртээ унтаж байсан гэсэн...Ш.Б- бараан дээл, дөрвөн талтай малгай өмссөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “хуучин цагийн жижиг гарын аяганаас арай том, хуучин цагийн улаан шар өнгийн тагштай, цэвэр цагаан мөнгө орсон мөнгөн аяга 1 ширхэг- 400000 төгрөг” гэжээ. /хх-ийн 20-21/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-49/

- Хохирогч Ц.Саадоржийн хүсэлт /хх-ийн 53/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ш.Б- 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 10а гудамжны 4 тоотод оршин суух Ц.Саадоржийн гэрээс нэг ширхэг мөнгөн аяга хулгайлсан болох нь хохирогч Ц.Саадорж, гэрч З.Алтантуяа, С.Батцэнгэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Б-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ц.Саадорж хэргийн материалтай танилцсан баримт болон тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “хохирлоо бүрэн төлүүлсэн, гомдол саналгүй” /хх-ийн 53, 54/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Б- учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ш.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ганжуур овогт Шатарын Ш.Б-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд Ш.Б-т зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ш.Б- тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Ш.Б- энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ